V ДЦС-ын тендерийн шалгаруулалт удааширч байна

V ДЦС тендерийн төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж. 2015 он хүртэлх үе шатанд 450 МВт чадалтай эхний барилга байгууламжийг ашиглалтад оруулах юм байна. Хоёрдугаар шатанд 370 МВт чадалтай байгууламжийг барих ажээ. Хоёрдугаар шатны шалгаруулалтад 11 компани саналаа ирүүлснээс дөрөв нь шалгарчээ. Компаниудыг нэрийг, шалгаруулсан үзүүлэлтийн талаар уг төслийн удирдагч Б.Эрдэнэбилэгээс тодруулахад “Надад одоохондоо тодорхой мэдээлэл алга. Шалгаруулалтаас тунасан дөрвөн компанийн нэрийг холбогдох яам, Засгийн газраар баталгаажуулсны дараа зарлах байх” гэв. Станцын тендерийн ялагч ирэх сард тодорно гэдгийг Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Цэрэнпүрэв онцолж байсан удаатай. Гэхдээ гурван сар гарахад гурав хоног дутуу байхад тендерийн II шатны шалгаруулалтын дөрвөн компанийн нэр ч тодроогүй байгаа учир амжихгүй гэдэг нь тодорхой байгааг сануулах хүн олон байна. V цахилгаан станцын төслийн зөвлөх АНУ-ын “H&J” компанийн техникийн зөвлөх Магнус Олаусан “Бид энэхүү барилга, байгууламжийг барихад арван жилийн хугацаа орно гэж тооцоолсон. V ДЦС ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах болно” гэгдийг онцолсон.

Тэдний тооцоолсноор 1.8 тэрбум ам.долларын санхүүжилтээр баригдах V ДЦС-ын дулааны чадал нь 1101 Гкал/ц, цахилгааны чадал 820 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Мөн тус станц жилд 2.5-3.6 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн технологийн зуунд сүндэрлэх станц гэдэг утгаараа мэдээж байгаль орчинд хал багатай байхаас гадна нүүрснээс ялгарах утааг 100 хувь цэвэршүүлж, үнсийг нь 99,8 хувь шүүж, барилгын материалд ашиглахаар төлөвлөжээ.