V ДЦС-ын тендерийн эхний шатны ялагч гуравдугаар сард тодорно

Нийслэл хотноо өдөр ирэх тусам өндөр барилга, бүтээн байгуулалт нэмэгдэж, хүн амын тоо өссөөр байна. Жилд дунджаар 80 мянга орчим хүн хотод шилжин ирдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ их үйлдвэрлэл, үйлчилгээ, хүн амын хэрэгцээг дагаад цахилгаан эрчим хүчний хэрэгцээ шаардлага жил ирэх тусам нэмэгдсээр байгааг албаныхан анхааруулдаг. Их хотын цахилгааны хэрэгцээ 2015 онд 531 МВт, 2030 он гэхэд 2631 МВт болж нэмэгдэх тооцоо бий. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, нэмэгдүүлэхэд төр бодлогоо чиглүүлж, V ДЦС-ыг барихаар 2004 оноос ярьж эхэлсэн. Үүний үр дүнд V ДЦС төслийн анхны тендерийг 2008 онд тухайн үеийн Түлш эрчим хүчний яам боловсруулан зарлаж, 26 оролцогч тендерийн материалыг сонирхон авснаас ганцхан БНХАУ-ын China Datang Corporation компани л саналаа ирүүлсэн гэдэг. Гэвч тус компанийн санхүүгийн санал шаардлага хангаагүйгээс энэхүү тендер цуцлагдаж, нөхцөл шаардлагаа тодорхой болгон зарлах их ажлын эхлэл тавигдсан аж.

Ийнхүү олон жил үргэлжилсэн энэ томоохон бүтээн байгуулалт одоо л хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж, эхний шатны ажлаа эхлүүлэхээр зэхэж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж. 2015 он хүртэлх үе шатанд 450 МВт чадалтай эхний барилга байгууламжийг ашиглалтад оруулах юм байна. Хоёрдугаар шатанд 370 МВт чадалтай байгууламжийг барих ажээ. “V ДЦС-ын эхний шатны тендерт оролцохоор 11 компани, консорциум материалаа ирүүлсэн” гэдгийг Төрийн өмчийн хорооны Концессын газрын дарга Б.Заяабал онцолсон. Үүнээс 60 онооны босго давсан зургаан оролцогчийг хоёр долоо хоногийн өмнө зарлах байсан ч хойшилсон. Эрчим хүчний салбарт урд өмнө нь хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болохоор төслийн багийнхан тендерийн ялагчийг сонгоход ихээхэн нухацтай хандаж байгаа бололтой.
Одоогоор материалаа ирүүлсэн 11 компани, консорциумын нэр нь тодорхойгүй байна. Гэхдээ 34 компани уг төслийг сонирхсоноос зарим нь хоорондоо нэгдсэний эцэст 11 нь л дээрх томоохон бүтээн байгуулалтын төлөө уралдахаар болжээ. Тухайлбал, “China national electric”, “Marubeni corporation”, “Mitsui corporation”, “Bechtel development” болон Монголын компаниудын зарим нь нэгдэж нийлэх замаар хүчээ нэгтгэн материалаа ирүүлсэн аж. “Гэвч Монголын төлөөллийн оролцоо муу байгаа тул тендерийн хоёрдугаар шатанд зайлшгүй шахаж таарна” гэдгийг мэргэжлийнхэн онцолсон. V цахилгаан станцын төслийн зөвлөх компаниар АНУ-ын “H&J” сонгогдон ажиллаж байгаа билээ. Төслийн багийн техникийн зөвлөх Магнус Олаусан “Бид энэхүү барилга, байгууламжийг барихад арван жилийн хугацаа орно гэж тооцоолсон. V ДЦС ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах болно” гэв.
Тэдний тооцоолсноор 1.8 тэрбум ам.долларын санхүүжилтээр баригдах V ДЦС-ын дулааны чадал нь 1101 Гкал/ц, цахилгааны чадал 820 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Мөн тус станц жилд 2.5-3.6 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн технологийн зуунд сүндэрлэх станц гэдэг утгаараа мэдээж байгаль орчинд хал багатай байхаас гадна нүүрснээс ялгарах утааг 100 хувь цэвэршүүлж, үнсийг нь 99,8 хувь шүүж, барилгын материалд ашиглахаар төлөвлөжээ.
Монголчуудын хувьд сүүлийн 30-аад жилд хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт болох энэхүү станцын тендерийн ялагч хэзээ тодрох талаар ЭБЭХ-ний Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Цэрэнпүрэвээс асуухад “Ирэх оны гуравдугаар сар гэхэд эхний шалгаруулалтын ялагч тодорно” гэв.
Тавдугаар дулааны станцын тендерийг сонирхсон 34 компанийн нэрийг танилцуулж байна. Эдгээрээс зарим нь нэгдэж, 11 компани нь саналаа ирүүлсэн.
1. China National Electric Engineering Co. Ltd
2. EWP Consortium
3. KOWEPO Consortium
4. International Power- Suez
5. Lanco International
6. Marubeni Corporation
7. Mitsui Corporation
8. Monnis International
9. Samsung Consortium
10. SK group
11. Energy International
12. Eurosibpower- Engineering
13. Samsung Engineering Co. Ltd
14. STX Mongolia LLC
15. Oyuni Undra Group
16. Macquarie capital
17. Bechtel Development Company
18. Daelim Industrial Co. Ltd
19. Malakoff Corporation Berhad
20. Newcom
21. New Asia Mining
22. Technopromexport
23. ESI-Bishrelt
24. GK Cement
25. Tavan tolgoi trans
26. Sojitz Corporation
27. AUM LLC
28. Delger Orchlon Ltd.Co
29. Posco
30. Tйcnicas Reunidas
31. Contour Global
32. Siemens
33. Tsetsens mining and energy
34. TECPRO SYSTEMS