XXI зууны хоттой Улаанбаатар түншилнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-ын Гояан хотын удирдлагуудтай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад удаагүй байгаа. Энэ нь нэг талаас Нийслэлийн Аялал жуулчлалын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж байгаагийн илрэл юм.

Солонгос улсын XXI зууны дэлхийн хот” хэмээн нэрлэгдэж буй Гояан хотын даргын урилгаар манай төлөөлөгчид тус хотод томилолтоор ажиллаад ирсэн байна. Энэ онд 600 жилийнхээ ойг тэмдэглэж буй Гояан нь бизнес, эмчилгээ, амралтын аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж байгаа. Нэг сая гаруй хүн амтай Гояан хот нь Солонгост нэгдүгээрт, Азид дөрөвдүгээрт орох “Kintex” үзэсгэлэнгийн цогцолбортой нь жилийн 365 хоногт бизнес аялагчид “цувах” нэг үндэс болдог. Мөн тус улсын хамгийн том кино зураг авалтын хотхон, усан болон цасан паркууд энд ажилладаг байна.

Хоёр хот эхний ээлжинд эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн зочид буудал, дэн буудал, амралтын газрын менежер, ажилтнуудыг богино хугацаагаар сургах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Мөн Гояан хоттой эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг тус хотын дарга Сунг Чол болон Монгол улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар байгууллаа. Хотуудын зүгээс хэтдээ жуулчид солилцож, харилцан ашигтай ажиллах зорилтыг тависан байна.

Ирэх жил манай улсын урилгаар Гояан хотын дарга, орлогч даргын хамтаар Улаанбаатар хотноо айлчлах болсон нь хоёр хотын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж буй хэрэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.