Алт, зэсийн үнэ 2023 онд өсөх хүлээлттэй байна

B Shurenchimeg
2023-02-01 17:46:36
Ангилал: Мэдээ

Энэ он гарснаар алтны ханш 1930 ам.долларт хүрч, 2022 оны тавдугаар сараас хойш анх удаа 1900 ам.долларын түвшнийг даваад байна. Үүнд АНУ-ын 12 дугаар сарын инфляц 0.1 хувийн бууралттай байсан нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн статистик мөн сайн гарсан нь АНУ-ын Төв банк энэ оны эхний хурлаараа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хэмжээгээ бууруулах хүлээлтийг зах зээлд оролцогчдод төрүүлж байна.

Түүнчлэн Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн ханш нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар оны эхнээс 11.8 хувиар өсөж, тонн тутам нь 9356.0 ам.долларт хүрээд байна. БНХАУ хилээ нээх шийдвэр гаргасны дараа зэсийн үнэ 2022 оны зургаадугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллароос даваад байгаа юм. БНХАУ-ын хувьд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын эдийн засаг сэргэхийн хэрээр цаашид зэсийн үнийг өсгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

Алт, зэсийн үнэ өсөх нь манай улсын хувьд төлбөрийн тэнцэлд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Монголбанк өнгөрсөн онд 22.3 тонн алт худалдан авсан. Үүгээр гадаад валютын албан нөөцийг 900 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Түүнчлэн зэсийн хувьд энэ онд Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт өндөрлөснөөр тус уурхайгаас гарах зэсийн баяжмалын агуулга нэмэгдэх хүлээлттэй байгаа. Зэсийн экспорт нэмэгдэх үед үнэ өндөр байснаар экспортын орлогод эергээр нөлөөлөх, улмаар төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэхээр байгааг шинжээчид онцолж байгаа юм.

 

 

 

 

B Shurenchimeg