Алтны “алтан үе” ирж байна

Сарангуа Төмөр
Нийтлэгдсэн огноо: 2020-11-05 12:46:41
Ангилал: Уул уурхай

2020 оны гуравдугаар сараас Ковид-19-ийн тархалт идэвхжиж, дийлэнх улс орнууд өргөн хүрээтэй хөл хорио тогтоох арга хэмжээ авч эхэлсэн. Бизнесүүд хаагдаж, импорт, экспорт тасалдах зэргээр эдийн засагт доголдол үүссэн. Хэдийгээр Засгийн газрууд эдийн засгийг дэмжих чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол өндөр байна. Мөн вакцин бүтээх туршилтууд амжилттай үргэлжилж байгаа ч дэлхийн нийт хүн амыг хангах 17 тэрбум тун вакцин үйлдвэрлэхэд 2-3 жил шаардагдах аж. Тиймээс эдийн засгийн тогтворгүй байдал, инфляц зэрэг эрсдэлээс зайлсхийх хамгийн төгс, найдвартай хөрөнгө оруулалт гэдэг утгаар хөрөнгө оруулагчид алтыг сонгож байна. Алтны үнэ 2020 оны эхээр 1520 ам.доллар байсан бол одоо 2000 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд алтны үнэ бараг 30 орчим хувиар өсжээ. 

Алтны үнийн өсөлт (ам.доллар)

Тэгвэл эрэлт, үнийн өсөлтийг дагаад энэхүү үнэт металл нь нүүрс, зэстэй зэрэгцэн манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэх гол салбар болж хувирлаа. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний экспортын орлого 39 хувиар буурсан бол алтны экспортын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 240 орчим хувиар буюу үнийн дүнгээрээ 800 сая ам.доллараар өсөж, нүүрсний экспортын бууралтыг нөхжээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар алтны экспортын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрэв. Монгол Улс олборлож буй алтны хэмжээгээрээ дэлхийд 35-д жагсаж буй.

Салбарын шилжилт

Манай улс зах зээлийн нийгэмд шилжин “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 жил өнгөрсөн. Гэвч энэ хугацаанд алтны салбарт үндэсний томоохон олборлогч гарч ирсэнгүй, компаниуд голдуу шороон орд ашиглан, түр хугацаагаар үйл ажиллагаа явуулж ирлээ. Одоогийн байдлаар Монгол Улсын алтны 2000 тонн нөөцийн талыг нь Оюу толгойн зэсийг дагасан алт, 200-300 тонныг шороонд орд, үлдсэн хэсгийг үндсэн ордууд эзэлж байна. 

Зах зээлийн нөхцөл байдал таатай байгаа энэ “алтан үе”-д манай алтны салбарт шороон ордоос үндсэн ордын ашиглалт руу шилжих шилжилт явагдаж буйг энэ салбарынхан онцолж байна. Ялангуяа Баянхонгор аймагт алтны томоохон төслүүд үйлдвэрлэлээ эхлүүлэх хүлээлттэй байна.

Өнгөрсөн 18 жилийн турш Монгол Улсад алт, зэсийн хайгуулын чиглэлд тууштай үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани Баян-Хөндий алтны төслийн олборлолтоо ирэх 2022 онд эхлүүлнэ хэмээн тус компанийн Дэд Ерөнхийлөгч А.Билгүүн “Дисковер Монголиа-2020” чуулганы үеэр хэлсэн. 2020 оны долоодугаар сард танилцуулсан нарийвчилсан ТЭЗҮ-ээр тус ордын нөөцийг 49.000 унц буюу 11 орчим тонн гэж тодорхойлжээ. Жилдээ хоёр тонн алтыг ирэх найман жилийн хугацаанд олборлон Монголбанкинд тушаах аж. Ирэх жил хөрөнгө оруулалтаа босгож, байгальд ээлтэй хог хаягдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэрэг технологийн хэд хэдэн дэвшлийг нэвтрүүлсэн шинэ үеийн уурхайг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус компани Баянхонгор аймаг дахь Хөндий Алтны Дүүргийг 2011 онд илрүүлсэн бөгөөд энэхүү дүүрэгт Баян Хөндий ордоос гадна нөөцөө тэлж, нэмэгдүүлэх боломжтой хэд хэдэн талбайг илрүүлжээ. 

Алтны бас нэгэн амжилттай төсөл бол 2016 онд байгуулагдсан “Степ Голд” ХХК-ийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Алтан Цагаан-Овоо алт, мөнгөний ордын төсөл юм. Өнгөрсөн гуравдугаар сараас олборлолтоо эхлүүлж, одоогийн байдлаар 15.000 орчим унц алт олборлож Монголбанкинд тушаажээ. Хоёр үе шаттай хэрэгжих уг үйлдвэр жилд 60.000 унц алт олборлох хүчин чадалтай, харин хоёр дахь шат ашиглалтад орсноор 150.000 унц алт олборлох юм. Уг ордыг 1.2 сая унц буюу 17 тонн нөөцтэй гэж тогтоожээ. Үүний зэрэгцээ Алтан Цагаан-Овоо ордын мөнгөний агууламж өндөртэй Мөнгө төслөө ирэх оны нэгдүгээр улиралд зарлана хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Батаа танилцуулсан. “Степ Голд” компани мөн Баянхонгор аймгийн нутагт 14.400 га талбайг хамрах “Уудам хөндий” нэртэй хайгуулын төслийг худалдан авч, орон нутгийн захиргаатай хамтран хөрөнгө оруулж, алтны дөрвөн шинэ илэрц бүхий хэсгийг илрүүлээд буй. 

 

Ийнхүү Оюу Толгойгоос гадна алтны олборлолтод жинтэй хувь нэмэр оруулах, алтны салбарыг тогтвортой, урт хугацаанд авч явах томоохон компаниуд үйлдвэрлэлээ эхлүүлж байна. Цаашид алтны салбарын гол нөөцийг ийнхүү үндсэн ордууд бүрдүүлэх хандлагатай байгаа учраас урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалт энэ салбарт шаардагдах юм. Манай арилжааны банкуудын хувьд дангаараа энэ төрлийн урт хугацааны санхүүжилтийг хийх туршлага, санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал. Харин “Голомт” банк хамтран ажиллаж буй алтны компаниуддаа байгаль орчинд ээлтэй байх зэрэг олон улсын шаардлага, стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа төрөлжүүлэхийг зорьж байна. Мөн Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын хүрээнд алтны салбарыг дэмжиж төрөөс 11 аж ахуйн нэгжид 110 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Энэ мэтчилэн ирээдүйд банк, санхүүгийн байгууллагууд, төр, засгийн зүгээс алтны салбарт дэмжлэг үзүүлж, оролцогч талууд гаднын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг “Голомт” банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал онцолсон.

Үнийн таамаг

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний болон сангийн зөөлөн бодлого явуулж буй нь алтанд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна. Мөн цаашид Ковид-19 цар тахлын тодорхойгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан хэвээр байгаа нь алтны ханшийг улам өсгөж байгаа юм. Шинжээчид алтыг цаашид үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хэвээр байна гэдгийг хэлж байна. “Бэнк оф Америка Корпораци” алтны үнэ 2022 онд 3000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа бол “Фитч Солюшнс” алтны үнэ аажмаар буурч 2020, 2021 онд 1850 ам.доллар, 2022 онд 1700 ам.доллар, 2023 онд 1650 ам.доллар, 2024 онд 1620 ам.доллар байх төлөвтэй гэж үзэж байна. 

Өрийн дарамт, Ковид-19 цар тахал зэрэг Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөллүүд бий болж байгаа энэ үед алт нь төгрөгийг чангаруулах, эдийн засгийн аливаа эрсдэл, хямралын нөхцөл байдлаас сэргийлэх ач холбогдолтой. Цаашид үндсэн ордуудын олборлолт алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна Оюу толгойн алтны баяжмал дахь агууламж 2.5 дахин нэмэгдэж байна. Монголбанкны 3.7 тэрбум гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн 25 хувийг алтаар баталгаажсан валютын нөөц эзэлж байна. Алт тушаалт аравдугаар сарын байдлаар нийт 19.2 тоннд хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад найм орчим тонноор өссөн үзүүлэлт бөгөөд ГВАН-ыг 750 орчим сая.ам доллароор нэмэгдүүлжээ. Энэ оны төгсгөлд 20.000 орчим тонн алт худалдан авч, ГВАН-ийг нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

 

Сарангуа Төмөр