Барилга, хот байгуулалтын яамнаас гол нэр төрлийн 12 бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа арматурын үнийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ.
2020 онд 1м2 барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180.000 төгрөг байсан бол 2021 онд 349,200 орчим мян.төгрөг болж өсчээ. 2020 онд 1м2 барилгын төсөвт өртөг 1.358,000 төгрөг байсан бол энэ онд арматурын үнийн өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ 1м2 тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.
Үүнтэй холбоотойгоор 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 850.8 тэрбум төгрөгийн 824 төсөл, арга хэмжээнд арматурын үнийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртөг нь ихээхэн нэмэгдэхээр байгааг тус яамнаас мэдээлэв. Жишээ нь, “Барилгын хөгжлийн төв”-ийн захиалагчийн хяналт тавьж хэрэгжүүлж буй 73 барилга байгууламжинд 16,200 тн арматур хэрэглэгдэх тул үнийн өсөлтөөс улбаатай 21 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэхээр байна.
Түүнчлэн 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцтай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Тэд өнгөрсөн долоо хоногт арматур, хөөсөнцөр, цемент, бетон зэрэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй уулзжээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд импортын хамаарлаас ангид байх, зайлшгүй татан авах бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал авна” гэжээ.
-Арматур үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл зэрэг дэмжлэгийг төрөөс хүсэж байна.
– Хөөсөнцөр үйлдвэрлэгчид хэлэхдээ, хөөсөн полистрол хавтангийн түүхий эдийн нийлүүлэлт багассан шалтгаан нь хөөсөн полистролын үрлийг аюултай бүтээгдэхүүний жагсаалтад хамруулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр авто тээврээр тээвэрлэхгүй байгаагаас Эрээн хотод татан авалт хийгдэхгүй байгааг хэллээ.
– Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлсэн.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг салбарын төлөөллүүдээс гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн тус уулзалтаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах юм.