Б.Гүнболд: Нийт барилгын 47.8 хувь нь газар хөдлөлтөд нурах магадлалтай
Барилга, орон сууцны чанар стандартын талаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболдтой товч ярилцлаа.
-Барилга, орон сууц барих стандарт гэж байдаг ч хэрэгжилт, хяналт шалгалт үгүйлэгддэг. Улаанбаатарт чанар, стандарт хангахгүй орон сууц өдрөөс өдөрт нэмэгдэж баригдсаар байна. Үүнд яамнаас ямар хяналт тавьж байна вэ? Зөрчилтэй барилгын тоо хэд байна вэ?
–Стандартыг мөрдөж байгаа эсэхийг хувиар илэрхийлэх боломжгүй байна. Барилгын салбарт нийт 637 стандарт бий. Мөн барилга, байгууламжийн норм, нормативын бичиг баримт гэж байдаг. Энэ баримт бичигт тусгаснаар барилгын стандартыг заавал мөрдөх, сонгож мөрдөх гэсэн хоёр сонголттой. Харин Барилгын тухай хуульд уг стандартуудыг сонгож мөрдөнө гэж зааж өгсөн.
Бид журамд заасны дагуу таван жил тутам барилгуудад үзлэг, хяналт шалгалт хийдэг. 2019 оноос барилгын салбарт техникийн зохицуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бий болгохоор ажиллаж байна.
Үүнд барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт, барилгын материалын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн зохицуулалт, барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт гэсэн гурван ерөнхий хэсэг бий. Эл техникийн зохицуулалтыг боловсруулж дуусаад Засгийн газраар батлуулахаар зэхэж байна. Үүний дараа аль норм, стандартыг заавал мөрдөх ёстой вэ гэдгийг тодорхой болгоно. Ингэж байж хэрэгжилтийг нь хангах, хянах тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжинэ.
2019 онд Засгийн газрын тогтоолоор “Барилга байгууламжийн норм нормативын бичиг баримт” батлагдсан. Энэ тогтоолд заавал мөрдөх, сонгон мөрдөх стандартыг тодорхой тусгасан байдаг. Гэхдээ энэ стандартуудыг мөрдүүлэхийн тулд талууд гэрээндээ илүү нарийн тусгаснаар “сонгон мөрдөх” гэсэн хуулийн заалттай стандартуудыг заавал мөрдүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, захиалагч компани, гүйцэтгэгч тал, тухайн орон сууцыг худалдан авагч талууд гэрээндээ эдгээр стандартыг заавал мөрдөнө гэсэн заалтыг оруулах хэрэгтэй. Ингэснээр барилга баригдсаны дараа энэ стандартуудаа шалгаж хэмжээд авах боломж нь бүрдэнэ.
–Турк, Сирид болсон газар хөдлөлт нь УБ хотын барилгууд байгалийн гамшигт хэр тэсвэртэй талаарх санаа зовнилыг төрүүлж байна. Хамгийн сүүлд хэзээ орон сууц болон нийтийн зориулалттай барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийсэн бэ?
–Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг гэж бий. Энэ мужлалын зургаар Монгол Улсын аль бүс нутаг хэдэн баллын газар хөдлөлтөд өртөх магадлалтай вэ гэдгийг тогтоодог. Үүнийг 1971 онд Одон орон судлалын геофизикийн хүрээлэнтэй хамтран хийсэн. Цаашид энэ зургийг илүү нарийвчилж, шинэчлэх шаардлага бий.
Улаанбаатар хотын нийт газар нутгийн хоёр хувь нь есөн баллын газар хөдлөлтийн бүсэд харьяалагдаж байна. Энэ бүс нутагт Сонгинохайрхан дүүрэг оршдог. Харин 50 орчим хувь нь найман баллын, 48 хувь нь долоон баллын газар хөдлөлтийн бүсэд оршиж байна.
Бид газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 21 аймгийн төвд үе шаттайгаар хийж байгаа. Одоогоор есөн аймагт энэ зураглалыг гаргах дутуу байна.
Тухайлбал, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймаг газар хөдлөлийн хамгийн бага 4-6 баллын бүсэд, Баян-Өлгий аймгийн үзүүлэлт есөн баллтай бүсэд байгаа. Тиймээс газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварт нь нийцсэн, бүс бүрд өөр зураг төсөл боловсруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих стандарт бүс нутгаараа өөр байна гэсэн үг.
Одоо баригдаж байгаа барилгууд, ялангуяа 2002 оноос хойш баригдсан барилгуудын зураг төсөлд газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээний талаар тусгасан. Энэ дагуу барилга баригдаж, Улсын комисс ашиглалтад хүлээж авсан. Барилга баригдах бүх үе шатанд хяналт шалгалт хийгдсэн болохоор газар хөдлөлтөд тэсвэртэй гэж болно.
Газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын тогтолцоо бий болсноос хойш буюу 2002 оноос өмнөх болон хойших гэж ангилж байгаа.
-УБ хотын барилгуудын хэдэн хувь долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй талаарх тоон мэдээлэл өгнө үү?
-Газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгааны ажлыг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран хэрэгжүүлсэн Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд нийт барилгын 47.8 хувь нь газар хөдлөлтөд нурах магадлалтай гэж гарсан. Монгол Улсын хэмжээнд нийт 18.442 барилга, байгууламж байгаагаас 1844 нь олон нийтийн зориулалттай.
Үүнээс 543 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 206 барилга газар хөдлөлтөд тэсвэртэй. Олон нийтийн зориулалттай барилга гэдэгт нийтийн орон сууц, нийтийн оффис, зочид буудал, кино театр, худалдааны төвүүд ордог. Мөн 195 барилгыг сайжруулах шаардлагатай гэсэн дүн гарсан.
Тиймээс барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг нь хэрхэн сайжруулах, зураг төслийг ямар байгууллага хийсэн бэ гэдгийг тодорхойлохоор ажиллаж байгаа. Мөн газар хөдлөлтөд тэсвэртэй, тэсвэргүй, сайжруулах шаардлагатай зэргээр барилгуудыг паспортжуулах ажил хийгдэж байна. Засгийн газраар батлуулахаар зэхэж байгаа, техникийн зохицуулалт дээрээ ч үүнийг тусгасан.
Барилга байгууламжид насжилт чухал. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилга байгууламжийн асуудлууд байгаа. Хуучин байруудыг нураая гэхээр оршин суугчдын зүгээс өмч хөрөнгөгүй болчихлоо гэдэг асуудал тавигддаг.
Тиймээс төрийн байгууллага, оршин суугчид, барилгыг нь буулгаад дахин барих гэж байгаа барилгын компанийн гуравласан харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж, дахин барилгажуулах механизмыг бий болгосон.
-Иргэдийн үл хөдлөх хөрөнгө, орон сууц нурах, суулт өгч хазайх зэрэг ямар нэг эрсдэл үүссэн тохиолдолд зээл төлөлт үргэлжлэх үү? Энэ талаарх эрх зүйн зохицуулалт бий юу?
–Энэ асуудал даатгалаар шийдэгддэг. Техникийн талаас нь барилгыг чанартай барих, чанартай ашиглах асуудал хамгийн чухал. Ялангуяа, ипотекийн зээлтэй холбоотой орон сууцны барилга дээр энэ асуудал түлхүү яригддаг. Орон сууцанд суулт өгөх, цуурах цаашлаад нурах асуудал нь ашиглалтын үеийн арчилгаа, засвар үйлчилгээ хэр хийгдэж байсан бэ гэдгээс голчлон хамаардаг. Тиймээс орон сууцны ашиглалтыг хариуцаж байгаа контор, СӨХ дээр энэ асуудал яригддаг учраас үүнтэй холбоотойгоор “Нийтийн орон сууцны ашиглалтын асуудлыг хариуцах тухай” хуулийн төслийг шинээр боловсруулж байна.