Б. Чанцалдулам: Ургана брэнд тогтвортой хөгжилд хамгийн их анхаардаг

Mongolian Economy
2026-02-09 11:52:40
Ангилал: Ярилцлага

Монголын зах зээлд Ковид-19 цар тахлын дараахнаас Ургана брэндийн бүтээгдэхүүн нэвтэрч эхэлсэн. Уламжлалт анагаах ухааны эмч аавынхаа эмчилж буй өвчтөнүүдийг хараад Б.Чанцалдуламын сэтгэл маш их шаналсан гэдэг. Хорт хавдын эцсийн шатанд орсноос үс нь унаж халцарсан, эмчилгээгүй болсноос хэдхэн сар амьд явах онош сонссон өвчтөнүүд амьдралын горьдлого тээн “Оточ одь” эмнэлэгт ханддаг байсан нь түүнийг ийн шаналахад хүргэжээ. АНУ-д сурч төгсөөд эх орондоо ирээд удаагүй байсан учраас тэдгээр өвчтөнд хэрхэн туслах талаар Б.Чанцалдулам ихэд бодсоны эцэст дор хаяж, үсийг нь ургуулах санааг олсноор Ургана брэндийн үс ургуулах бүтээгдэхүүн бий болжээ.  Ургана брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам бол Монголын хөрсөнд ургасан ургамлаар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх жанжин шугамтай стартап компанийн төлөөлөл юм.

-Монголын зах зээлд цар захлын дараачаас Ургана нэртэй бүтээгдэхүүн нэвтэрч эхэлсэн. Ургана брэндийн үүсгэн байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Миний аав бол Монголын уламжлалт анагаах ухааны “Оточ одь” эмнэлгийг үүсгэн байгуулсан эмч хүн. Цар тахлын үеэр эмнэлгийн эм тан маш их эрэлт хэрэгцээтэй болж, ачаалал нэмэгдсэн. Би энэ үед АНУ-д сурч байсан юм. Аав, ээж хоёр намайг “Монголдоо ирж, ажилд тусал” гэж дуудсанаар эх орондоо ирж, “Одь Тан” уламжлалт эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.

Тэр үед “Оточ одь” эмнэлэгт хорт хавдартай хүмүүс олон ирдэг байсан. Эмчилгээгүй болчихсон, эсвэл хэдхэн сарын настай гэсэн онош сонссон, үс нь унаад халзарчихсан өвчтөнүүд үзүүлж, эм тан авч үйлчлүүлнэ. Хорт хавдрын эцсийн шатандаа орсон тэдгээр зовж шаналсан хүмүүсийг хараад миний сэтгэл өвдөж, хэрхэн туслах вэ гэж боддог байлаа. Эндээс л энэ хүмүүсийн үсийг ургуулах бүтээгдэхүүн гаргаж сэтгэлийг нь бага ч атугай тайвшруулъя гэж бодсон доо.

Доктор баатар үс ургуулдаг тоникийг маань эхлээд “Оточ одь”-ийн өвчтөнүүд, мөн шатахууны түгээгүүрийн ажилтнууд их авсан. Өвчтөнүүд анхандаа тоохгүй байсан ч үс нь ургаад эхлэнгүүт баярладаг болсон. Хэдий насгүй болсон ч үс нь ургаад ирэхээр сэтгэл нь тайвширч, эрүүл болж байна гэсэн мэдрэмж авдаг юм билээ.

Аавынхаа өвчтөнүүдэд зориулж гаргасан анхны бүтээгдэхүүнийхээ үр дүнг хараад маш их урам зориг авсан даа. Үс унах нь зөвхөн хорт хавдартай өвчтөнүүдийн асуудал бус олон хүний санааг зовоодог зүйл төдийгүй хүүхдүүдийн ч үс унаж байгааг олж мэдсэн. Тиймээс ард иргэдийнхээ хэрэглэж байгаа зүйлийг нь эко болгоё, эрүүл мэндэд нь тустай бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэе гэж бодоод үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн.

-Монголд химийн найрлагатай бүтээгдэхүүн олноор орж ирж байгаа гэж ярьдаг. Нөгөөтээгүүр, бид химийн бодисын талаарх мэдлэг тааруу, бас худалдан авалт хийхдээ орц найрлагыг анхаарч хардаггүй. Энэ бүхэн ард иргэдийн өвчлөлд их нөлөөлж байна уу?

-Аав маань “Чи хорт хавдартай хүмүүст санаа зовж байгаа бол урьдчилан сэргийлэх, хавдар тусахгүй байх талаас нь анхаарсан зүйл хий. Хүмүүсийн идэж ууж байгаа бүх л зүйл химийн найрлагатай, хор байна шүү дээ” гэж надад зөвлөсөн. Мөн аавын багш Ойдов гуай амьд сэрүүн байхдаа “Цөвүүн цаг ирэхэд хүний гурван хорыг тайлахад анхаар.

Идэж ууж буйтай нь үл зохилдох хор, амьсгалж байгаа агаар нь найрсан хор, хүний сэтгэл маш их шуналтай болж байгаа учраас мэдрэлийн гаралтай хор тусна. Энэ гурван асуудалд анхаарвал эм барих шаардлагагүй” гэж хэлсэн.

Нийгмийн өвчнийг углуургаар нь, цаад шалтгааныг л арилгах хэрэгтэй гэсэн санаа л даа. Үнэндээ бид өөрсдөө ч мэдэхгүй химийн найрлагатай элдэв төрлийн зүйл идэж, ууж, хэрэглэж хордсоор байна. Наад захын жишээ гэхэд, аяга таван угаагч авахдаа заавар, орц найрлагыг нь хардаггүй.

Ходоодны хорт хавдар Монголд аюулын түвшинд хүрсэн. Үүнд аяга таваг угаагч бодис маш их нөлөөлдгийг бид мэддэггүй.

Орц найрлагыг нь харахгүйгээс гадна уншиж мэдэхгүй байна.

-Ургана аяга таваг угаагч зах зээлд нэлээд давамгай байсан. Монгол үйлдвэрүүд өнөөдөр өөрчлөгдөж, чанартай, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш их анхаарч байгаа гэдгийг хэллээ. Энэ талаараа тодруулж ярина уу?

-Гадаад улсын иргэд гартаа заавал бээлий өмсөж аяга тавгаа угаадаг. Химийн найрлагатай бодис хэрэглэж буй учир маш их усаар зайлдаг. Харин монголчууд аяга тавгаа маш сайн угааж, зайлж чадаж байна уу.
Нэгдүгээрт, бээлий хэрэглэхгүй, нүцгэн гараараа угаадаг. Хоёрдугаарт, нийслэлийн тал хувь нь гэр хорооллынхон. Тэд нэг саванд аяга тавгаа угаагаад дараа нь маш бага усаар зайлдаг.

Импортын бодис хэрэглэж, маш бага усаар зайлахаар аяга тавагны гадаргуу дээр химийн бодис ямар нэг хэмжээгээр наалдаж үлддэг. Ингээд аяга тавгандаа цай, хоол идэхээр наалдаж үлдсэн бодис нь химийн молекул болон уусаад хүний биед орж хордуулдаг.

Ялангуяа манайхан фэйри их хэрэглэдэг. Фэйри хэрэглэж буй бол есөн литр усаар зайлах ёстой гэсэн заавар байдаг. Гэтэл ийм хэмжээний усаар гэр хорооллынхон төдийгүй орон сууцныхан ч зайлж чаддаггүй гэж бодож байна.

-Ургана брэндийн аяга таваг угаагчийг органик гэдгийг хэрхэн батлах вэ?

-Манай аяга таваг угаагчийн үндсэн түүхий эд нь хужир юм. Хужир уламжлалт анагаахын эмэнд ч ордог. Хужир давс бол байгалийн идэвхт цэвэрлэгээний бодис. Бохир тавган дээр чимх хужир хийгээд угаахад тос нь шууд арилдаг шүү дээ. Манай эмийн үйлдвэр ч хужрыг байнга хэрэглэдэг.

Тиймээс хүчтэй химийн найрлагын оронд хужрыг оруулж өгсөн. Хужрын зөөлөн бүтэцтэй ханасан уусмалыг бий болгож, шүлтлэг чанараар нь аяга таваг угаагч бодис үйлдвэрлэдэг юм.
Манайх аяга таваг угаагчаа рекламдаад байдаггүй. Өөрийнхөө энерциэр л явдаг. Манай хамгийн их зарагддаг брэнд бүтээгдэхүүний нэг.

-Химийн бодисын тухай монголчуудын ойлголт, мэдлэг тааруу байгаа гэдэгтэй санал нэг байна. Би ч бас таны ярианаас их зүйлийг ойлголоо.

-Гадаадын оронд хэрэглэгчид, тухайлбал Амазонаас бүтээгдэхүүн худалдаж авахдаа эхлээд хэдэн таван хошуу байна вэ гэдгийг хардаг. Дараа нь бусад хүний сэтгэгдлийг уншина.

Мөн ямар химийн бодисууд орсон гэдгийг маш нямбай уншиж судалсны үндсэн дээр авдаг. Монголчууд одооноос л эх орны бүтээгдэхүүнүүд органик гэдгийг ойлгож эхэлж байна.

Эх оронч байя, дотоодын бүтээгдэхүүнээ авъя гэдэг сэтгэл, хандлага нэмэгдэж буйд  баяртай байна. Өмнө нь гадаад бүтээгдэхүүн сайн, Монголынх муу гэсэн үзэл давамгай байсан.

Монгол үйлдвэрүүд өнөөдөр өөрчлөгдөж, чанартай, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш их анхаарч байгаа гэдгийг онцолмоор байна.

-Үндэсний үйлдвэрлэгчид экспортод их анхаарч байна. Энэ бол маш сайн мэдээ. Ургана брэндийн хувьд бүтээгдэхүүнээ экспортлох зорилго байгаа юу?

-Хятад, Европ руу бүтээгдэхүүнээ экспортлохыг зорьж байна. Бид халгай үрийн тос, үс ургуулах бүтээгдэхүүнээ экспортлодог. Одоо аяга угаагчаа гаргахад бэлэн болж, эхний ачилт хийгдэж байна.

-Та өөрийгөө товч танилцуулна уу?

-Би 19 настайдаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг масс медиа, олон улсын харилцаа чиглэлээр төгссөн. Дараа нь АНУ-ын Калифорни мужийн Шинжлэх ухааны их сургуульд бизнесийн удирдлага, АНУ-ын гоо сайхан, ахуйн хэрэглээ, эмийн үйлдвэрлэлийн тав дахь том сургуульд суралцаж, косметикийн технологич мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан.
Түүнчлэн онлайнаар хими, гоо сайхан, технологичийн чиглэлээр төгсөөгүй сургууль бараг л байхгүй дээ.

-Танай компани саяхан “Бяцхан эрүүл шүд” аян зарлаж, хэвлэлийн хурал хийсэн. Нийгмийн ямар асуудлыг шийдвэрлэхээр уг аяныг зарласан бэ?

-Боловсролын ерөнхий газар, Усны газартай хамтраад шүд цоорох өвчнийг 30 хувь бууруулах зорилготой “Эрүүл бяцхан шүд” аяныг эхлүүллээ. Энэ бол маш том амбиц. Судалгаа шинжилгээг маш сайн хийсний үндсэн дээр монгол хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой.

Энэ хүрээнд Япон улсын эрүүл ахуйч, шүдний эмч нартай хамтраад гэр хорооллын сургууль, хөдөө орон нутгаар явсан. Гэтэл 45 хүүхэдтэй нэг ангиас ганц л хүүхдийн шүд цоороогүй байсан. Япон эмч нар шоконд орж, өрөвдсөн. Есдүгээр сард тэд дахин ирээд Зүүн болон Говийн аймгуудаар явахаар төлөвлөж байна.

Өөр нэг анхаарах асуудал бол аяны хүрээнд бид ээзгийтэй оог хүүхдүүдэд өгтөл тэд ээзгий гэдгийг огт мэдэхгүй байна. Хүүхдүүд байнга чихэр идэж байна. Дэлгүүрээр дүүрэн төрөл бүрийн чихэр. Япон эмч нар шүдний өвчлөлийг чихрээс гадна хатуу зүйл идэхгүй байгаатай холбож тайлбарласан.

Уг нь бол хатуу зүйлийг маш сайн зажилж идэх нь тустай. Бид ээзгий, аарц, давирхай, зөгийн жилий орсон шүдний оо үйлдвэрлэж байна.

Уламжлалт анагаах ухааны хэрэглээг орчин үед энгийнээр, органикаар нэвтрүүлж байгаа нь энэ юм.

Монголд бактер устгадаг эмийн ургамал, органик зүйлс олон бий. Ганга, зөгийн балын жилий, аарц, ээзгий бүгд бактер устгадаг. Давирхай гэхэд л амны эвгүй үнэрийг арилгадаг. Цагаан идээ, аарц, ээзгийд маш өндөр хэмжээний кальци байдаг. Тиймээс л эдгээрийг шүдний ооны найрлагад оруулж өгсөн.

Манай өвөг дээдэс хатуу ааруул иддэг байсан болохоор тэгшхэн том, эрүүл шүдтэй байсан. Хатуу ааруулны нууц нь тэр. Одоо хүмүүс бүх зүйлийг жижиглэж, зөөллөж, нунтаглаж идэж байна.

-Яагаад Усны газартай хамтран аян зарласан бэ?

-Манай улсад ундны усны нөөц багасаж байна. Хүүхдүүд ихэнхдээ усаа гоожуулж шүдээ угаадаг. Гурван жил хэрэглэх усыг зөвхөн шүд угааснаар нэг жилд урсгаж байна гэсэн судалгаа бий. Тиймээс усаа хуримтлуулах, аяганд усаа хийж шүдээ угаах соёлыг бий болгох замаар усаа гамнадаг хүүхдүүдийг бэлдэж чадах юм бол 30 жилийн дараа усны үнэ цэнийг мэддэг хүн болно гэсэн санаа бодлоор Усны газартай хамтран ажиллаж байна.

Аяны хүрээнд 250 мл-ийн аягыг хүүхдүүдэд өгч байгаа. Байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүүхдүүддээ багаас нь ойлгуулах хэрэгтэй байна.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна вэ?

-Манай компани 70 гаруй ажилтантай. Ажилтнуудын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд. Удирдлагын түвшинд ч эмэгтэйчүүд голлох хувийг эзэлнэ. Манай компани 300 гаруй малчны амьдралд нөлөөлдөг бөгөөд дийлэнх харилцагчид маань эмэгтэйчүүд юм.

-Ургана тогтвортой хөгжилд чиглэсэн ямар бодлого явуулж байна вэ?

-Манай компани тогтвортой хөгжлийн бодлогод маш их анхаардаг. Ургана брэндийн бүх бүтээгдэхүүний сав баглааг улаан буудайн сүрлээр хийдэг учир байгальд таван жилийн дотор задардаг онцлогтой. Мөн аяга таваг угаагчаа тунгалаг саванд хийдэг.

Манай тунгалаг сав хог түүгчдийн орлогын эх үүсвэр болдог. Харин манай улс өнгөтэй савнуудыг боловсруулж чаддаггүй. Мөн пластик савны 95 хувийг дахин боловсруулдаггүй гэсэн судалгаа бий. Тавхан хувийг дахин боловсруулж байгаа нь маш анхаарах асуудал юм. Үүний улмаас байгаль орчныг маш их бохирдуулж байна.

Бусад улсад хуванцар, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр өндөр хөгжсөн. Би химич хүний хувьд хуванцрын хаягдалд маш их санаа зовдог. Төрөөс хог хаягдал, хуванцар боловсруулах үйлдвэрүүдийг бодитоор дэмжээсэй гэж боддог.

Гадаадын улс орнуудад төрийн бодлогоор эх орныхоо бүтээгдэхүүнийг маш сайн дэмждэг шүү дээ. Манай улс цаашид хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь маш чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрт хүнсний үйлдвэрүүд хамрагдсан нь их тус дэмжлэг болсон болов уу. Харин манайх шиг хөнгөн үйлдвэрийн салбарт ямар ч дэмжлэг байхгүй, хаягдчихсан. Гэхдээ хамгийн их валют оруулж ирдэг салбар.

Тиймээс хөнгөн үйлдвэрийн салбараа ч мөн адил бодлогоор хөхиүлэн дэмжвэл, бид маш урамтай ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө илүү сайн урам зоригтой ажиллана шүү дээ.

“Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч” тусгай дугаараас

2025. 08 дугаар сар

 

 

 

Mongolian Economy