Банкны салбарын нийт актив 85.4 их наяд төгрөгт хүрлээ
Банкны салбарын нийт актив 85.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дотор 19.9 хувиар тэллээ. Үүнийг 10 жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулбал, дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Салбарт хамгийн том орон зайг эзэлдэг ХААН банкны нийт актив 23.9 их наяд төгрөгт хүрч, системийн нийт хөрөнгийн гуравны нэг орчим хувийг дангаар бүрдүүлж байна.
ХААН банк өнгөрсөн онд 695 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашгийн хэмжээгээ өсгөсөн бол Голомт банк 345.1, Төрийн банк 83 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлт болж байна. Харин ХасБанк өмнөх оноос бага зэрэг өсөлттэй буюу 172.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол Худалдаа хөгжлийн банк 2025 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд хараахан ил болгоогүй байна.

Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй банкуудын нийт активыг улсын нэгдсэн төсвийн орлоготой харьцуулахад 2.6 дахин их байгаа бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээтэй харьцуулахад зургаа дахин өндөр байна.
Энэ нь санхүүжилтийн үндсэн суваг банкны зээл хэвээр байгааг илтгэж байгаа төдийгүй компаниуд IPO, бонд гэхээс илүүтэй банкны зээлд найдсаар буйг харуулж байна.
Санхүүгийн салбарт банк төвтэй “уур амьсгал” ноёлох нь богино хугацаанд тогтвортой мэт боловч дунд, урт хугацаанд системийн эрсдэл үүсгэдэг. Тиймдээ ч манай улс салбарын шинэтгэлийг эхлүүлж, банкуудын хувь эзэмшлийн бүтцийг задалж эхэлсэн ч банкууд IPO хийсэн эхний “раунд”-аас хойш энэ ажил хүлээлтийн горимд шилжээд байна.
