Баярлалаа

Одоогоос 20 гаруй жилийн өмнө бага ангийн сурагч байсан миний ой тоонд нэгэн дүр зураг тод үлдсэн юм. Яагаад ч юм манай сургууль байсхийгээд хөлдчихдөг байв. Тэр болгонд пийшинд мод түлж сургуулиа дулаацуулна. Завсарлагаа болоход сурагчид том томоор хагалсан, гар хайрсан чийгтэй мод тэвэрч оруулж ирээд ангийн буланд овоолно. Сумын төв рүү орж ирэхэд сургуулийн цонхнуудаас ярайсан урт яндангууд хамгийн түрүүнд харагддаг байв. Мөн байсхийгээд тог тасардаг байсан учраас лаа, шүдэнз хамгийн борлуулалттай бараа байлаа.
1990-ээд оны эхэнд хөдөө орон нутагт эрчим хүч, дулаан хангамжийн төрх байдал иймэрхүү байв. Алслагдсан аймгуудад гадна, дотнын зочид ирэхэд таг харанхуй угтдаг тохиолдол олон байсан гэдэг. Харин цагаан толгойн үсгээ дөнгөж цээжилж явсан хүүд “төвийн халаалт”, “дулааны цахилгаан станц” гэх мэт үг даанч хол. Ангийнхаа пийшингийн дэргэд дулаацан суух хүү “ТЭЦ IV” гэдэг улсын том пийшин унтрах аюулд ороод байсан учир их далайн цаана орших Япон орны сайхан сэтгэлт хүмүүс ирж, Монгол Улсыг гал алдах аюулаас аварсныг бүр хожим олж мэдсэн юм.
Тэр үед IV ДЦС-ын захирлаар ажиллаж байсан, инженер Ц.Баярбаатар гуайн ярьснаар орос мэргэжилтнүүд явж, Зөвлөлтөөс авдаг байсан сэлбэг, тоног төхөөрөмж тасарчээ. 1983 онд ашиглалтад орсон IV ДЦС-ын зуухнууд нь технологийн буруу шийдэлтэй байсан учраас гэмтэл гарвал тэсэрч, дэлбэрэх, хүний амь эрсдэх аюултай болов. Нийслэлээ хөлдөөхгүйн тулд төвийн бүсийн зарим аймаг, суурин газрын цахилгааныг хязгаарладаг байж. Япончууд Монголын эрчим хүчний дийлэнхийг үйлдвэрлэдэг ДЦС хүнд байдалд орсныг мэдээд 1991 онд станцын засварын ажилд нэн шаардлагатай багаж хэрэгсэл бүхий 40 сая иений яаралтай тусламж өгчээ. Үүнд тасдагч, доргио хэмжигч, гагнуурын аппарат, зөөврийн точил, электрод, тусгай цавуу зэрэг зүйлс багтав. Ингэснээр 1991-1992 оны өвөл нийслэл хотыг хөлдөөлгүй давав. Үүнээс хойш япончууд 1992-1998 онд нийт хоёр удаа 2.7 тэрбум иений буцалтгүй тусламж илгээсэн байна.
Японы тусламж тэр дороо эрчим хүчний системд үр дүнгээ өгч, яаралтай тусламжийн ачаар гэмтлийн хэмжээ буурч, цахилгаан тасалдах нь цөөрчээ. Харин эхний буцалтгүй тусламжийн үр дүнд зуухны аваарын зогсолт 30 хувиар багасч, тоосжилт буурсан байна. Хоёр дахь буцалтгүй тусламжийн дараа зуны улиралд 5-6 хоног станцыг бүр унтрааж засвар хийдэг байсныг больжээ. Тэд буцалтгүй тусламж өгөхийн сацуу станцыг шинэчлэх судалгааны ажлаа эхлүүлэв. 1992 оны нэг өдөр Японы хэсэг инженер Улаанбаатарын IV ДЦС-тай танилцахаар очоод чадалгүй тэр оройдоо эргэн иржээ. Учрыг асуутал “Танай ДЦС чинь өөрөө таг харанхуй байна” гэж хариулсан гэдэг. Цахилгаан үйлдвэрлэдэг газар нь цахилгаангүй байсанд ихэд гайхсан байна. 1995 оныг хүртэл Японы мэргэжилтнүүд станцын байдалтай танилцаж судалгаа хийжээ.
Ц.Баярбаатар дарга тэдэнтэй хэр хэн ажиллаж байснаа ийн ярив. Япон инженер шатсан хөдөлгүүрийг хараад яагаад шатсаныг асууна. Монгол ажилтан халаад шатсан гэж хариулна. Яагаад халсан юм бэ гэхэд “Ачаалал нь хэтэрсэн” гэж хариулна. Яагаад ачаалал хэтэрснийг лавлана. Үнс, тоос орсноос болсон гэнэ. Ямар учраас үнс, тоос орсныг шалгаана. Энэ мэтээр тухайн асуудлын үндсэн шалтгааныг олохыг зорьдог япон инженерүүдийн хөдөлмөрч зан чанарыг биширч байснаа хуучлав. Судалгаа дууссаны дараа IV ДЦС-ыг шинэчлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газар тохиролцов. Станцыг шинэчлэх нэгдүгээр ээлжийн төслийн хүрээнд нийт 4.5 тэрбум иенийн зээл олгожээ. 1995-2002 онд энэ мөнгөөр тус станцын найман зуухны дөрвийнх нь тоосон системийг шинэчлэх, зуухны халах гадаргууг шинэчлэх, зуухнуудыг автоматжуулах ажил гүйцэтгэв. Хоёрдугаар шатны хөнгөлөлттэй зээлийн төсөл 2001-2008 онд хэрэгжиж 6.1 тэрбум иенийн хөрөнгөөр үлдсэн дөрвөн зуухыг шинэчилсэн байна. 2015 оноос 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “MON-P10” хэмээх гурав дахь төслийг хэрэгжүүлж байна.
1992 оны нэг өдөр Японы хэсэг инженер Улаанбаатарт IV ДЦС тай танилцахаар очоод чадалгүй тэр оройдоо эргэн иржээ. Учрыг асуутал “Танай ДЦС чинь өөрөө таг харанхуй байна” гэж хариулсан гэдэг.
Жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай олгож буй уг зээлээр IV ДЦС-ын турбины хэвийн ажиллагаа, удирдлага хяналтын систем, зуух ны үлээлгийн аппаратыг суурилуулах, тээрмийн бутлуурын булыг шинэчилнэ. Дээрх төслүүд Монголын эрчим хүчний системд үндсэн хоёр үр дүнг авчирсан. Нэгд¿гээрò, үйл ажиллагааны доголдолд ороод байсан IV ДЦС төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглэгчид болон Улаанбаатар хотын оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр тогтмол хангагдах нөхцөл бүрдэв. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хөлддөг явдал түүх болон үлдэв.
Цахилгааны хязгаарлалтгүй болсон учраас компаниуд бизнесийн хэвийн явуулж, ашиг орлогоо нэмэгдүүлж эхэлсэн байна. 2010 оныг 1995 онтой харьцуулахад дулаан хангамж 41 хувиар өсчээ. Тус станцын Судалгааны албаны дарга Г.Галбадрах Японы тусламж, төслүүд хэрэгжсэнээр маш том оюуны хөрөнгө оруулалт болсныг онцолсон юм. Монгол инженерүүд япончуудтай хамтарч ажилласнаар Японы тоног төхөөрөмж, технологийг эзэмшиж дэлхийн түвшинд ажилладаг болсон байна. Түүнчлэн япон инженерүүдийн ажлын зохион байгуулалт, аргачлалаас олон зүйлийг сурсан гэв. Эрчим хүч нь айл өрхийн аз жаргалтай, тав тухтай амьдрах үндэс болдог.
Өнөөдөр IV ДЦС нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг нийлүүлдэг бөгөөд хүчин чадлынхаа 90 гаруй хувийг ашиглан хэвийн ажиллаж байна. Харин ингэж ажиллах, улс хөгжих, нийслэлчүүд гэрэл цахилгаантай амар тайван амьдрах болсон үндсэн нөхцөл нь Япон Улсын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгө оруулалт болон технологи байсан юм. Зах зээлийн шилжилтийн хүндхэн энэ үед Японы Засгийн газар, ард түмэн хоёргүй сэтгэлээр бидэнд тусалсан нь үнэн. Бид тэдэнд үргэлж талархах ёстой нь ч бас үнэн билээ.
/Ардчилсан Монголын анхны найз тусгай дугаараас 2017.09 сар/