БНХАУ-ын татварын тогтолцооны тухай
Бизнес эрхлэгчдийн хамгийн том зорилтын нэг бол яах аргагүй гадны зах зээлд гарч, тухайн улс оронд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм. Иймд энэхүү зорилгыг өвөртлөн ирээдүйгээ төлөвлөж байгаа олон монгол бизнес эрхлэгчид манай улсын хамгийн ойрын хөрш, асар том зах зээлтэй БНХАУ-ын татварын тогтолцооны талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд Хятад улсын ААН-үүдийн нийт ашгийн 68 хувь нь шууд ба шууд бус татварт тооцогддог гэжээ. Хятад улсад 1994 оноос татварын багц хуулиуд мөрдөгдөн хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 26 төрлийн татвартай бөгөөд 2018 онд зарим хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон байна.
Дотоодын хөрөнгө оруулалт, мэдээлэл, технологийн салбарыг дэмжих зорилгоор Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад татварын чиглэлээр олон давуу эрх олгодог байна. Одоогоор 51 улстай давхар татварын гэрээ байгуулсан нь өдгөө ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын БНХАУ-тай байгуулсан давхар татварын гэрээг 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж буй.
Хятад улс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын аж ахуйн нэгж, гадаадын иргэдэд 14 төрлийн татвар ногдуулдаг. Жишээ нь, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хэрэглээний татвар, Бизнесийн татвар, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Усан онгоц ашиглалтын тусгай зөвшөөрлийн татвар, Улсын тэмдэгтийн хураамж, Нядалгааны татвар /мах бэлтгэл,тээвэр/, Хөдөө аж ахуйн татварууд болон доорх татварыг тухайн улсын татвар төлөгчдийн адил төлнө.
Хятадын хувь хүний орлогын татварын шинэчлэлийн тооцоо нь нийт жилийн орлогоос 60,0 мянган юань болон хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг бүгдийг нийлүүлж хассаны дараа татварын ногдох орлогоос хамааруулан татварын тооцоололын хувиар тооцдог болж байна. Мөн үйлчилгээний хөлс, зохиогчийн шагнал, роялтийн орлогын дүн нь орлогоос зардлын 20 хувийг хассаны дараа татвар тооцно. Гадаадын ажилчдын тэтгэмж нь цалингийн тодорхой хувиар тооцогддог дундажаар 20-30 хувьд хэлбэлздэг. Хувь хүний орлогын татварын шинэчлэлээр 2021 арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал гадаад ажилчдын гадаадын ажилчдын тэтгэмж эсвэл тусгай нэмэлт суутгалын татварын аль нэгийг сонгож болно, мөн “6 жилийн дүрэм” шинээр нэмэгдсэн байна.
Олон улсын эдийн засгийн шинжээчид өдгөө өрнөж буй худалдааны дайн нь корпорациудыг нэлээдгүй хүндрэлд оруулж байгаа учир Хятад улсаас хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ Малайз, Энэтхэг зэрэг орон руу шилжүүлэх хандлага ажиглагдаж байна гэж үзжээ. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтаа алдах биш улам нэмэгдүүлэх сонирхолтой тул эрх зүй болон бусад хөрөнгө оруулалтын орчноо улам уян хатан болговол ирээдүйд Монголын мэдээлэл технологи, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид маань Хятад улсад хөрөнгө оруулж, өөрсдийн компаниа нээх, зах зээлээ өргөжүүлэх, энэ том зах зээлээс мөнгө босгох зэрэг том боломж гарч ирэх магадлалтай байна.