Бүтээн байгуулалтаар цангасан эрчим хүчний салбарт итгэлийн оч гялалзав

Sarangerel
2026-05-21 10:28:26
Ангилал: Эрчим хүч

Ирэх өвлийн эрчим хүчний ачааллыг бууруулах зорилгоор таван аймагт нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын системийн төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарч, сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Тус бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.  Энэ хүрээнд дараах таван аймагт төсөл хэрэгжүүлэх юм.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур

Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур

Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур

Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт/40 МВт.ц батарей хуримтлуур

Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур

Дээрх бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний яамнаас 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр “Нарны цахилгаан станц + батарей хуримтлуурын системийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах төсөлд сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийг  вэб сайтдаа байршуулсан бөгөөд бүртгэл нь ирэх сарын 12-нд хаагдах аж. Ийнхүү шалгарсан гүйцэтгэгчтэй долоодугаар сарын 1 гэхэд гэрээ байгуулан, ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Гэвч сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан төсөлд оролцохоор сонирхож буй аж ахуйн нэгж, байгууллагуудад ойлгомжгүй зүйлс олон байв.

Тухайлбал:
-Төслийн төлбөрийн нөхцөл болон санхүүгийн зохицуулалт тодорхой бус
-Эрчим хүч худалдах нөхцөл, санхүүгийн баталгаа, хөрөнгө оруулалтын хамгаалалт
зэргийг төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд тодруулахыг хүсэж, манай редакцид хандаж байв. Хамгийн чухал тодруулах асуулт нь “Энэ төсөл бодит санхүүжилттэй юу, эсвэл зөвхөн сонирхол цуглуулах шат уу” гэдгийг хөрөнгө оруулагчид сонирхож буйгаа бидэнд  уламжилсан юм. Эрчим хүчний яам энэ тал дээр тодорхой хариу хэлэхгүй байгааг тэд мөн онцолсон.

Тэгвэл Эрчим хүчний яамнаас сонгон шалгаруулалтыг сонирхож буй компаниудын асуултад нэгдсэн тайлбар өгөх зорилгоор дараах мэдэгдлийг гаргажээ.

“Сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь төсөл хэрэгжүүлэгчийг шууд сонгон шалгаруулах эцсийн шийдвэр биш бөгөөд дээрх төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонирхолтой бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч /Independent Power Producer-IPP/-дийн санхүүгийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагын мэдээллийг урьдчилан тодорхойлох зорилготой. Түүнчлэн сонирхлоо илэрхийлэх хүсэлтийн хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангах, гадаадын хуулийн этгээд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдтэй консорциум хэлбэрээр оролцох тохиолдолд түншлэлийн бүтэц, оролцооны хувь хэмжээ, санхүүгийн болон техникийн чадавхийн ерөнхий нөхцөлийг тодорхойлох юм.

Дараагийн шатанд сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлсэн эсэхээс үл хамааран, сонгон шалгаруулалтын урилгад заасан санхүүгийн болон туршлагын чадавхын шалгуурт нийцсэн оролцогчдыг BOO буюу Build–Own–Operate /Барих–Өмчлөх–Ашиглах/ хэлбэрээр, 25 жилийн хугацаатай хэрэгжих IPP төслийг барьж байгуулах, өмчлөх, ашиглах болон цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгох өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцуулах юм.

Шалгаруулалт шударга явагдах уу, улс төрийн нөлөө, ар өврийн хаалга орсон уу гэдгийг дүгнэх эрт байна.

Сонгон шалгаруулалт нь өрсөлдөөнт үнийн саналд тулгуурлаж зохион байгуулагдах бөгөөд нэгж цахилгаан эрчим хүчний хамгийн бага үнэ санал болгосон, шаардлага хангасан оролцогчийг шалгаруулах зарчим баримтална.

Эдгээр төслүүд нь улсын төсөв болон Эрчим хүчний яамны шууд санхүүжилтээр хэрэгжихгүй бөгөөд шалгарсан оролцогч нь нарийвчилсан зураг төсөл, санхүүжилт, барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээ болон холбогдох зөвшөөрөл, судалгааны ажлыг өөрийн хөрөнгө болон татан төвлөрүүлсэн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний яам нь дараагийн шатны сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, техникийн ерөнхий үзүүлэлт, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний төсөл болон бусад холбогдох мэдээллийг оролцогчдод “Сонгон шалгаруулалтын урилга” нийтэлсний дараа оролцогчдод ил тод, тэгш хүргэх болно” хэмээх мэдэгдэлийг гаргасан байна.

Эрчим хүчний салбар энэ төрлийн төсөл, бүтээн байгуулалтаар цангачихсан байгаа. Харин тус сонгон шалгаруулалт эрчим хүчний салбарт итгэл найдварын оч гялалзуулж байна. 

Шалгаруулалт шударга явагдах уу, улс төрийн нөлөө, ар өврийн хаалга орсон уу гэдгийг дүгнэх эрт байна. Учир нь шалгаруулалтын үр дүн хараахан гараагүй бөгөөд зөвхөн сонгон шалгаруулалтын зар, нөхцөл, хугацаа нийтлэгджээ. Гэхдээ одоогийн байдлаар харахад өрсөлдөөнт, нээлттэй тендерийн зарчим баримталж байгаа нь эерэг үзүүлэлт гэж хэлж болно. 

Өрсөлдөөнт дуудлага худалдааны аргачлал нь олон компанид ижил нөхцөлөөр оролцох боломж олгодог бөгөөд хамгийн үр ашигтай, хямд өртөгтэй саналыг шалгаруулах зарчимтай. Олон улсын IPP загвар буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх загвар нь олон улсад өргөн хэрэглэгддэг бөгөөд хөрөнгө оруулагчдын өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг байна. 

Гэхдээ оролцогч компаниудын санал, оноо, техник-санхүүгийн үнэлгээ олон нийтэд бүрэн ил болох шаардлагатай юм. Ийм хэмжээний төслүүдэд улс төрийн нөлөө, дотоод тохироо гарах эрсдэл байдаг тул хараат бус хяналт чухал байх шаардлагатай. Ямартай ч эрчим хүчний салбарт томоохон төсөл богино хугацаанд хэрэгжихээр гараанаасаа гарсан нь сайн хэрэг. Ажил хэрэг болж, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх нь л Монголын ард түмэнд ашигтай.