Венецийн биенналь, Каннын кино наадамд оролцох уран бүтээлчдийг улсаас дэмжинэ

T.Amarjargal T.Amarjargal
2022-02-16 15:49:21
Ангилал: Соёл урлаг

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудлыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ. Ингэснээр манай уран бүтээлчид “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, “Каннын кино наадам”-д Соёлын яамны дэмжлэгтэй тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа сурталчлах боломж бүрдэж байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Дүрслэх урлаг, кино урлаг нь нийгмийн амьдралд чухал байр суурь эзэлдэг. Бодит байдлыг дүрслэн харуулах, нийтийн ёс суртахууныг төлөвшүүлэх өвөрмөц чанараараа оюун санаанд нөлөөлөгч салбар. Монгол хүний оюуны бүтээлийг зохиогчийн эрхэд тулгуурлан дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит боломжтой болж байна.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д  тогтмол оролцох нь Монгол Улсын дүрслэх урлаг, кино урлагийн бүтээлийг бодитоор дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, улмаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дүрслэх урлаг болон кино урлагийн салбарын мянга, мянган уран бүтээлчдийн өмнөөс баяртай байна” гэлээ. 

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д  тогтмол оролцох нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Бусад улсын хувьд “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бүх талын дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллага нь хариуцан ажилладаг. Харин Монгол Улсын хувьд соёлын асуудал эрхэлсэн тусгайлсан яам байхгүй, түүнчлэн тус наадмын ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүйгээс дүрслэх урлагийн хувийн байгууллага санхүүжилт босгох, зохион байгуулах хүндхэн ачааг үүрч ирсэн юм.

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадамд ч манай улсын кино уран бүтээлчид өөрсдөө зардал мөнгө, зохион байгуулалтаа хариуцан оролцсоор ирсэн. Цаашдаа Соёлын яам энэ тал дээр киночдоо бүх талаар дэмжин ажиллах аж. 

Каннын олон улсын кино наадамд тогтмол оролцох нь Монголын кино урлагийн салбарын хөгжил, хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ихээхэн боломжууд нээгдэх юм.

Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь

Италийн Венец хотноо 1895 онд үүссэн “Дэлхийн урлагийн олимп” хэмээн нэрлэдэг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь дүрслэх урлагаар дамжуулан улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, соёл, үндэстний оюуны дархлааг бэхжүүлэх зорилготой. 

“ААА” зэрэглэлийн тус наадамд дэлхийн олон орны нэр хүндтэй, нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргаж ирсний дотор Густав Климт, Сальвадор Дали, Жорж Брак, Антонио Тапиес, Пикассо, Йоко Оно, Ай ВейВей зэрэг олон зуун алдартан бий.

Тус наадамд оролцогч улс орон уран бүтээлчдээрээ дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглаж, дэлхийн тавцанд уран бүтээлчдээ гаргах боломжийг нээж улс төр, нийгэм, хүн, байгаль орчны сэдвийг хөндсөн шинэлэг бүтээлээрээ оролцдог.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь ёс зүйг эрхэмлэн, мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар ажиллаж ирснээр өдгөө дэлхийд үзэл суртлын хувьд хамгийн нөлөөтэй урлагийн тавцан болж хувирсан байна.

Тус наадмын алт, мөнгөн арслангийн шагналыг Барууны өндөр хөгжсөн орнуудаас гадна Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Азийн уран бүтээлчид өөрсдийн онцгой байр суурь, үзэл бодол, авьяас мэдрэмж, илэрхийллийн шинэлэг арга барил бүхий бүтээл туурвилаараа хүртэж байв.  

Хоёр жил тутамд нэг удаа болдог эл биеннальд 2015, 2017, 2019 онд Монголын уран бүтээлчид оролцож байсан бөгөөд оролцох эрх, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага, бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн төрийн бус байгууллага зохион байгуулалтыг нь хийж ирсэн.

Тус биеннальд тогтмол оролцсоноор Монголын дүрслэх урлагийн салбар дэлхийд нэртэй урлаг судлаачид, кураторууд, урлагийн байгууллагууд, 8000 гаруй олон улсын томоохон хэвлэл мэдээлэл, дэлхийн нөлөө бүхий улс төр, бизнесийн салбарын анхаарлыг татах боломжтой. Ингэснээр Монголын дүрслэх урлагийн салбарт өрсөлдөөн бий болгох, хөгжүүлэх, дэлхийд таниулах, олон улсад үнэ цэнийг нь өсгөх, дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэх замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлт бий болгох, нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл авчрах ач холбогдолтой юм.

Каннын кино наадам

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам нь 1946 оноос өнөөдрийг хүртэл жил тутам зохион байгуулагдаж байна. Тус наадмын Зөвлөл нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй шилдэг кинонуудыг сонгон шалгаруулж, урилга хүргүүлснээр оролцох боломж нээгддэг. 

Уг наадамд жил бүр дунджаар 2000 гаруй бүтээлээс шилэгдсэн 50 бүрэн хэмжээний уран сайхны болон 10 баримтат киног олон улсын уралдаан (International Competition), Найруулагчдын хоёр долоо хоногийн өдөрлөг (Directors’s Fortnight), онцлох бүтээл (Un Certain Regards) гэсэн үндсэн гурван хөтөлбөрийн хүрээнд дэлгэн үзүүлдэг. Наадмын төсвийг Францын төрийн сан, Канн хотын болон кино наадмын албан ёсны түнш болох томоохон компаниуд бүрдүүлдэг.

“Каннын кино наадам”-ын үеэр сургалт, форум зохион байгуулж, “Олон улсын кино хотхон” үзэсгэлэнг ажиллуулдаг. Мөн оролцогч орнууд өөрийн павильонд үндэсний кино урлагаа танилцуулан сурталчилдаг.

Түүнчлэн 2004 оноос эхлэн “Каннын сонгодог” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд дэлхийн улс орнууд кино урлагийн салбарын хөгжил, түүхэн замнал, кино өвийн сэргээн засварлалтын чиглэлээр туршлага хуваалцдаг байна. 

Монгол Улсаас тус наадмын богино киноны уралдааны хэсэгт “Гуру Медиа” студийн найруулагч С.Бямбаагийн “Хэвтрийн хүн” кино 2017 онд анх удаа, “Гурван Очир Фильмз”, “Гуру Медиа” студи болон Их Британийн “Poisson Rouge Pictures”-ийн дэмжлэгтэй бүтээсэн залуу найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс” (Mountain Cat) богино хэмжээний кино 2021 онд тус тус шалгаран оролцож байсан.

Монгол Улсад кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсантай холбогдуулан  Монголын кино урлагийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдсэнийг сурталчлан таниулах, гадаадын продюсерүүд, хөрөнгө оруулагчдыг татах, наадмын олон улсын тосгонд Монголын павильоныг ажиллуулах, Монгол Улсын “Соёлын өдөрлөг” болон албан уулзалтуудыг зохион байгуулах, наадмын Marche Du Films платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг албан ёсоор ажиллуулах, Монгол киноны үзүүлэн (screening) хийх юм.

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal