Гадаадын банк Монголд: Эрсдэл үү, боломж уу

Mongolian Economy
2026-02-06 14:00:08
Ангилал: Банк

Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд сүүлийн өдрүүдэд олон сайхан амлалтыг өөд уруугүй цацаж, олны анхаарлыг татав. Тэтгэвэр нэмэх, иргэдийн бизнес эрхлэх эрх чөлөөг нэмэгдүүлэн төрөл бүрийн зөвшөөрлийг бууруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг эмзэг бөгөөд чухал сэдвээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон орон нутагт хийх уулзалтуудаар олонтоо ярьж байгаа нь хоёр жилийн дараах сонгуулийн бэлтгэл ажил, пи-ар нь эхэлсэн мэт сэтгэгдэл төрүүлэв. 

Эдгээрээс эдийн засаг, санхүүгийн салбарт илүүтэй хамаарах чих сортойлгосон чухал мэдэгдлийг УИХ-ын дарга Н.Учрал хэлэв. Тэрбээр “Хаврын чуулганаар Банкны тухай хуулийг хэлэлцэж, гадаадын банк оруулж ирэх үе шаттай зохицуулалтуудыг тусгана. Ингэснээр өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг бууруулна” гэж амлав. Үнэхээр түүний хэлснээр болох уу? 

Гадаадын банк хэрэгтэй. Яагаад гэвэл…

Нэгдүгээрт, гадаадын банкууд Монголын төвлөрсөн банкны салбарт өрсөлдөөн нэмэх магадлалтай. Өнөөдөр зээлийн хүү харьцангуй өндөр байгаа нь нэг талаар банкны салбар дахь хязгаарлагдмал өрсөлдөөн, Монголбанкны бодлогын хүү цөөн хэдэн банкаар дамжин зах зээлд “мэдрэгдэж” байгаатай холбоотой юм. Энэ нөхцөлд гадаадын банк орж ирвэл зээлийн хүү, санхүүжилтийн зардал тал дээр илүү агрессив арга барилаар өрсөлдөх замаар бодлогын хүүг бууруулахад нөлөөлж болох юм. Банкны салбарт өрсөлдөөн нэмэгдсэнээр бодлогын хүүг бууруулахад нөлөөлвөл энэ нь ялангуяа жижиг, дунд бизнес болон өрхүүдэд санхүүжилт илүү хүртээмжтэй хүрэх боломж бүрдэх юм.

Хоёрдугаарт, гадаадын банкууд технологи, нөү-хаугийн эх үүсвэр болж чадна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд эрсдэлд суурилсан зээл олголт, урт хугацааны төслийн санхүүжилт, дижитал банкны дэвшилтэт шийдлийг манай зах зээлд танилцуулах боломжтой. Арилжааны банкууд ихэвчлэн Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа учраас хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилтийг хязгаарлагдмал байдлаар олгох нөхцөл бүрдсэн нь нууц биш. Эрсдэлийн сайн үнэлгээ, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн нэвтэрснээр банкууд Засгийн газрын үнэт цаасанд бус илүү бүтээмжтэй, үр дүнтэй хувийн хэвшлийн төслүүдэд зээл олгож эхлэх юм.

Өөр нэг давуу тал нь Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлд илүү ойртоно. Корреспондент банкны өргөн сүлжээгээрээ дамжуулж гадаадын банкууд нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хил дамнасан төлбөр тооцоо, гадаадын хөрөнгө оруулалтыг хялбарчилна гэж үзэж болно. Энэ нь уул уурхай, ноолуур зэрэг манай экспортын гол салбаруудад төдийгүй Засгийн газарт ч ач холбогдолтой. 

Гадаадын банк хэрэггүй. Яагаад гэвэл…

Манай улсын санхүүгийн систем гадаад шок, валютын ханшийн савлагаанд эмзэг хэвээр байна.

Гадаадын банкууд өөрийн улс дахь хууль эрхзүйн өөрчлөлтийн нөлөө, санхүүгийн хямралыг “дамжуулах”, ашиг орлогоо өөрийн улс руу шилжүүлэх эрсдэл бий. 

Түүнчлэн тэд томоохон компаниуд, төрийн баталгаатай төслүүд, Засгийн газрын үнэт цаасанд анхаарлаа хандуулснаар одоогийн санхүүгийн хүртээмжийн тэнцвэргүй байдлыг багасгах бус илүү гүнзгийрүүлэх магадлалтай. Үр дүнд нь жижиг, дунд бизнес, хөдөө орон нутагт зээл олголт нэмэгдэх бус, харин дотоодын банкуудын зах зээлийг булаан авах замаар зээлийн хуваарилалт улам төвлөрөх магадлалтай. Жижиг, нээлттэй эдийн засагт гадаадын банкууд орж ирснээр БЖДБ-ийн зээл олголтыг нэмэгдүүлэх бус, харин том зээлдэгчдэд төвлөрөх хандлага ажиглагддаг тухай Олон улсын валютын сангийн нэгэн судалгаанд дурдсан.

Мөн Монголбанкны бодлогын хүү өөрчлөгдөх нь дотоодын банкуудад илүү ихээр харин гадаадын банкуудад бага нөлөөлөх, өөрийн хөрөнгө, технологи, улс төр-эдийн засгийн нөлөө маш их учраас зохицуулагч байгууллага (Монголбанк) бодит хяналт тавихад хүндрэл үүсэх, Монгол Улсыг үндсэн бус satellite зах зээл гэж үзэх магадлалтай учраас ямарваа хямралын үед салбараа хаах, татан буулгах, зээлээ огцом танах зэрэг бусад эрсдэл үүсэхийг сануулах нь зүйтэй.

Шийдэл нь юу вэ

Санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлдэг арилжааны банкуудтай холбоотой энэ асуудлыг болгоомжтой авч үзэх ёстой юм. Энэ сэдэв улс төр, нийгмийн хүрээнд хэрүүлийн алим болон хувирч, монголчуудын ээлжит дуулианы гол сэдэв болоод өнгөрвөл хайран. Бидэнд гадаадын банкийг оруулах талаар өмнө нь нэг бус удаа хөндөж байсан ч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн туршлага бий билээ. 

Энэ удаад ч бодитой үр дүн гарахгүй байх өндөр магадлалтай. Гэхдээ үнэхээр Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, үнэхээр гадаадын банкууд манай улсад салбараа байгуулах сонирхлоо илэрхийлвэл шат дараалалтай, оновчтой зохицуулалт бүхий орчныг бүрдүүлэн бэлдсэн байх ёстой. Тухайлбал, эхний ээлжинд цөөн тооны гадаадын банкийг оруулах, эсвэл хамтарсан банкны загварыг туршиж, зээл, бодлогын хүү, Засгийн газрын үнэт цаасны зах зээлд үзүүлэх нөлөөг бодитоор үнэлэх хэрэгтэй. Мэдээж Монголбанк хүчтэй хяналт тавьж, мөнгөний бодлогын зорилттой уялдуулсан зохицуулалт хийж таарна.

Хэн юу хэлэв
УИХ-н гишүүн Ч.Лодойсамбуу

Дотоодын банкууд гадаадын томоохон банкуудтай өрсөлдөж чадахгүй болж, зах зээлээс шахагдах эрсдэлтэй. Гадаадын банкууд бага хүүтэй зээл олгох замаар Монгол Улсын гол салбаруудыг хяналтдаа авах, барьцаа хөрөнгүүд гадагш урсах нөхцөл бүрдэнэ.

Гадаадын банкны ашиг Монголын эдийн засагт үлдэхгүй, гадагшаа шилжинэ.

Монголбанк гадаадын банкуудын үйл ажиллагааг бүрэн хянах боломж хязгаарлагдмал.

Зээлийн хүүг бууруулах асуудал нь дан ганц Монголбанкны бодлогоор шийдэгдэх боломжгүй бөгөөд Засгийн газар төсвийн сахилга баттай байж, төлөвлөлтөө бодитой хийх, үр ашиггүй болон улс төрийн шинжтэй зардлуудаа танах замаар шийдвэрлэх ёстой. Гадаадын банк оруулж ирэх нь зээлийн хүү бууруулах эерэг нөлөөнөөсөө илүүтэй эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл дагуулна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

Гадаадын банк оруулж ирж болно. Гадаадын хөрөнгө оруулалт бол хөгжиж буй улс орны хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч гэдэгтэй санал нэг байна. Ингэхдээ хүү гэдэг зүйлээ өнөөдрийн эрсдэлтэй Монголд ховор хомс байгаа мөнгөний үнэ гэдгийг бодитойгоор харсны дараа хэдэн асуултад тодорхой хариулттай байх хэрэгтэй.

Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх бодитой нөлөөлөл нь юу байх вэ. Үүний тулд бид хаанаас ямар банк оруулж ирэх вэ гэдэг асуудал. Үүний дараа, гадаадын банк орж ирснээр хүсээд байгаа хүү маань буурах уу. Эцэст нь, Үндэсний банк санхүүгийн системд ямар нөлөө үзүүлэх болон жирийн иргэн, жижиг ААН-үүдэд хүсээд байгаа үйлчилгээг нь үзүүлэх үү гэсэн асуултуудад ул суурьтай хариулттай болчихоод шийдлээ хайх нь зөв байх.

Дээр нь гадаадын хөрөнгө оруулалтад ийм байдлаар хандаж байгаа газар гадны банк орж ирэх үү, ирвэл хэн орж ирэх вэ гэдгийг бас давхар бодох хэрэгтэй.

Эдийн засагч А.Цагаанхүү

Шууд гадаадын арилжааны банк оруулж ирэхээсээ урьтаж, хувь хувьцаан дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх шаардлагатай. Одоо бол өөрсдийгөө бус зээлдэгч нараа бодож, гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудын хувьцаа эзэмшигчдийг оруулж ирээч ээ. 

Хаан банк бол ганцаараа гурван арилжааны банктай тэнцэх хэмжээний 2.6 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк нийлээд Хаан банкны үнэлгээтэй тэнцэж байна. Ингээд харахаар дотоодын хэдхэн компани хоорондоо тоглож байна. Хувийн компаниуд огт хөгжихгүй, зээлээс зээлний хооронд байна. Тийм учраас гадаадын банкийг оруулж ирэх шаардлагатай. Ингэхдээ арилжааны банкууд хувьцаан дээрээ гадаадын банк оруулж, зээлийн орчин нөхцөлөө бууруулах нь зөв алхам гэж харж байна.

Эдийн засагч Б.Лхагважав

Гадаадын банк оруулж ирээд хадгаламжийн хүүг бууруулж чадахгүй бол ялгаа гарахгүй. Хоёрдугаарт, мөнгөний зах зээл дээр өрсөлдөгч гарч ирж, менежментийн хувьд өөрчлөлт гарах байх.

Гэхдээ яг нарийндаа Монголын арилжааны банкны ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай байдаг юм биш үү. Хувьцаагаа ч гаргалаа.

Мөнгө хэвлэхээ л больчихвол бодлогын хүү буурах бүрэн боломжтой.

Засгийн газар өөрөө бонд гаргахгүй байх ёстой. Төв банкны өндөр хүү чинь буцаад хадгаламжийнхаа хүүг нь нөхөөд төлчихөж байна. Хийж байгаа ажлаа Төв банкаар дамжуулан татвар төлөгчдөөр  хийлгэж байна. Ингэснээр сүүлийн хэдэн жил зах зээл рүү мөнгө гаргахаа больсон. Тиймээс бодлогын хүүгээ тэг болгочихгүй юу. Тэгвэл арилжааны банкууд ажлаа хийгээд эхлэх биз.

Эдийн засагч Р.Даваадорж

Монголд зээлийн хүү өндөр, зээлгүй Монгол хүн бараг байхгүй. Гэхдээ үүнийг гадны банк орж ирээд шийдчихнэ, зээлийн хүү автоматаар буурна гэж ойлгож огт болохгүй.

Анхдагч нь ОТР юу

Унгар улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн тухай мэдээлэл өчигдөр (II.05) тархав. УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар тус банкны төлөөлөлтэй цахимаар холбогдож ярилцах явцад тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ ОТР банк тодотгосон аж.

Тус банк нь Унгарын хамгийн том банк төдийгүй Төв, Зүүн Европт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон институцийн нэг юм. ОТР банк Албани, Болгар, Хорват, Румын, Серби, Украин, ОХУ, Узбекистан зэрэг 11 улсад салбартай. Мажар хэлээр Országos Takarék Pénztár (Үндэсний хадгаламжийн банк) гэж нэрлэдэг ОТР банк 1995 онд нээлттэй хувьцаат компани болсон агаад өдгөө хувьцааных нь 55.27 хувийг гадаадын хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байна. Хамгийн том хувьцаа эзэмшигчид нь Унгарын MOL Group, Францын Groupama юм.

Mongolian Economy