Туг,  

Сүлд, 

Тусгаар тогтнол, 

Тулгын гурван чулуу 

Тулсан голомтоо 

Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!  

үр ачдаа хүлээлгэж өгнө.

Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,

Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,

Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь

Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь

Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл

Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө…хэмээн нэрт яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн О.Дашбалбар агсан Монголын газар, шорооны тухай шүлэглэж байв. 

О.Дашбалбар агсан “Газар шороо бол эцэг, эх шиг, юу юунаас ч илүү үнэт зүйл” хэмээдэг эх оронч үзэлтэй нэгэн байв. 

Харин өнөөдөр бид өвөг дээдсийнхээ цус, хөлс, эр зориг, амь насаараа тэмцэж хүлээлгэн өгсөн газар нутгаа хайрлан хамгаалж чадаж байна уу? Энэ асуултыг Монгол Улсын иргэн бүр дотроо бодож тунгаагаасай гэж хүсэж байна. 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль зэрэг багц зохицуулалт газар өмчлөл, эзэмшил, ашиглалтыг тодорхой хэмжээнд журамлаж байна. 

Гэвч мэдээллийн сангууд хоорондоо бүрэн уялдаагүй, ил тод нэгдсэн платформ үүсээгүй, хяналтын давхар механизм маш сул байгаа нь үнэн.

Гудамжинд яваа захын хүнээс энэ талаар асуувал газар эзэмшихтэй холбоотой мэдээлэл хомс, хяналт тавих боломжгүй гэдгийг хэлнэ. Газартай холбоотой хууль бус үйлдэл өч төчнөөн байгааг тэд хэлж чадна. 

Сэтгүүлч би ч гэсэн нэг жишээ дурдъя. Тэртээ 2014 оны дөрөдүгээр сард иргэн Н.Номун-Эрдэнэ “Газраа авъя, аваръя” хөдөлгөөн санаачлан Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аймгийн ИТХ, иргэдийн төлөөллийн хамтарсан ажлын хэсэг гаргаж газрын наймаатай холбоотой асуудлаар хяналт, шалгалт явуулсан тухайгаа хэвлэлийн бага хурлаар зарлаж байсан. 

Хөвсгөл аймгийн ИТХ-аас гаргасан захирамжийн дагуу 2013 онд нийт 543 хүнд газар олгосонд шалгалт хийгээдтухайн онд газар эзэмшсэн нийт 543 хүний 100 хүнийх нь материал огт байхгүй. Мөрөн нэг регистрийн дугаар дээр 136 хүн бичигдсэн зэрэг зөрчлүүд илэрсэн гэж зарлаж байсан. Энэ бол нэг иргэний олон нийтэд зарлаж байсан түүх. 

Газар эзэмшил, өмчлөлийн асуудал, хууль бусаар газар эзэмшдэг асуудал Улаанбаатарт яригддаг байсан болэнэ түүх орон нутагт ч газрын асуудал байгааг харуулсан. 

Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2026 оны хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар таван га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэхээр боллоо. Түүнчлэн газар олох эрх мэдлийг орон нутгийн удирдлагуудад ч шилжүүлэхээр тогтов.

Дахин эрх шилжүүлж, шинэ “боломж” нээх нь давхардал, хийдэл, ашиг сонирхлын зөрчлийг гүнзгийрүүлэх аюултайг бодож үзсэн болов уу. Хууль зүйн нэгдмэл байдал манай улсад байхгүй гэдгийг эрх барьж байгаа намынхан мэдэж байна уу. 

Орон нутагт газар олголт төвлөрөх тусам улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөө орж ирэх магадлал нэмэгдэнэ. Аймаг, сумын түвшинд ил тод сонсгол, нээлттэй мэдээлэл, цахим бүртгэлийн бодит систем байхгүй. Улсын хэмжээнд ч байхгүй шүү дээ.

Үүнээс үүдэн газрыг хэн эзэмшиж, хэн ашиглаж байгааг хянах төвөгтэй болж, хөрөнгө оруулалтын ил тод байдал алдагдах, маргаан, давхардал ихсэх эрсдэл бий болно.

Нэг талаас энэ нь орон нутгийн бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох боломжтой гэх эерэг талтай. Гэвч үүнийг нөгөө талаас нь харвал, нийслэлийн газрын наймааны туршлага, ашиг сонирхлыг орон нутагт шилжүүлэх эрсдэл дагуулж буй нь илт байна. Газрын үнэ цэн өсөх тусам газрын наймаа далд хэлбэрт шилжинэ.

Ингэснээр жинхэнэ хэрэгцээтэй малчин иргэд бус, мэдээлэлд ойр, шийдвэр гаргагчидтай холбоотой этгээдүүд давуу байдал олж авах эрсдэлтэй. Энэ бол хардлага биш, газрын наймаа Улаанбаатарт хэрхэн гаарч, хэсэг бүлэг газрын эзэд хэрхэн нүдэн дээр баяжсан билээ гэдгийг дахин эргэцүүлж бодоосой. 

Гадныханд “алга дарам” газраа хууль бусаар алдаж байсан тохиолдол улаанбаатарчуудад байгаа. Тодбруулбал, Солонгосын “Юү Би Эм Кэй Сервис” ХХК-ийн хууль бусаар олж авсан газрын тухай мэдээлэл өнгөрсөн оны зургаадугаар сард шуугиан тарьж байсан. Та энэ явдлыг мартсан бол “гүүгл”-ээс хайгаад үзвэл бүх мэдээлэл гарч ирнэ. Гэтэл 0,07 га газар үнэгүй эзэмших эрхээ эдэлж чадаагүй Монгол Улсын олон иргэн бий. Газар эзэмшихээр өргөдлөө өгөөд хоёр, гурав магадгүй түүнээс олон жил хүлээж байгаа иргэд байгааг ч бүү мартаарай. 

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага бий. Гэхдээ эдийн засгийн эргэлт гэдэг нь заавал эзэмшил, өмчлөл шилжүүлэхийг хэлэхгүй. Харин газартай холбоотой бүх мэдээлэл ил тод, хатуу хяналттай, ашиглалт, даацад суурилсан бүсчлэл, нүүдлийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн менежмент байх ёстой. Нэгдсэн кадастрын цахим систем, бодит цагийн бүртгэл, олон нийтэд нээлттэй мэдээлэлгүйгээр ямар ч шинэчлэл шударга хэрэгжихгүй гэдгийг тэнэг хүн ч мэднэ шүү дээ. 

Малчинд өвөлжөө, хаваржааны газар олгох асуудлыг маш нарийн зүйл, заалтаар хуульд тодорхой заах, тэдний эзэмших эрхийг хатуу хамгаалахгүйгээр орон нутагт газар олгох эрхийг тэлбэл энэ нь Улаанбаатарын төвлөрсөн газрын наймааг орон нутгийн хэлбэрт шилжүүлсэнтэй ялгаагүй.

Алтай, Хангай, Говь, Хөвсгөл бол төсөл шалгаруулалтын багц биш. Энэ бол тусгаар тогтнолын баталгаа. Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эргэж харах, бэлчээрийн эрх зүйн тусгай хамгаалалтыг нэн тэргүүнд тавих, нэгдсэн ил тод систем бүрдүүлэхгүйгээр хэрэгжүүлэхийг эсэргүүцэх нь хөгжилд саад хийх биш, харин ирээдүйд үүсэх засаж болшгүй хохирлоос сэргийлэх алхам мөн.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаасаа өмнө, нэн тэргүүнд газрын наймаатай холбоотой сонсголыг орон даяар өргөн хүрээнд өрнүүлэхийг хүсэж байна. Яруу найрагч О.Дашбалбарын амьд ахуй цагтаа тэмцэж байсан шиг, газрын үнэ цэн, малчдын эрхийг хамгаалах, хууль зүйн ил тод байдлыг хангах нь өнөөгийн нөхцөлд илүү чухал болж байна. Өвөг дээдсээс хүлээж авсан газар шороог үр ачдаа бүтнээр нь хүлээлгэж өгөх эсэх нь өнөөдрийн энэ шийдвэрээс шалтгаална гэдгийг хатуу сануулъя.  

 

B Shurenchimeg