Газрын тосныхны “айдас”
“Оочир”-гүй колонк харлаа бол банкаа дүүргэх дадал сууж буй монголчууд бид Дорноговь аймаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохыг хүлээсээр. Харин төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс үйлдвэрийг 2028 оноос урьтаж ашиглалтад оруулахаа мэдэгдээд буй. Хэрэв амалсан цагтаа үйлдвэр ашиглалтад орвол эрх баригчид сонгуулийн өмнөхөн хамгийн “романтик бэлэг”-ийг задална гэсэн үг.
2018 оноос хойш ТЭЗҮ нь яригдаж эхэлсэн эл төсөл 10 жилийн босгон дээрээ үүдээ нээвэл жил тутам 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулна.
Ингэснээр 834 мянган тонн дизель түлш, 396 мянган тонн авто бензин болон бусад төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг хангаж, хоёр тэрбум ам.доллароор хэмжигдэх импортын мөнгөн урсгалын тэн хагасыг нь дотооддоо үлдээнэ.
Өнгөрсөн онд Монгол Улс 601.4 сая ам.долларын 839.5 мян.тн автобензин импортолсон. Энэ нь 2024 оны мөн үеэс үнийн дүнгээр 41.8 (6.5%) сая ам.доллар, биет хэмжээгээр 58.0 (6.5%) мян.тн-оор буурсан үзүүлэлт юм.
Нийлүүлэлт бага зэрэг саарсны дээр олон нийтийн айдсаас үүдэлтэйгээр энэ өвөл бид зүрхэнд хоногших урт “оочир”-т хэдэнтээ дугаарласан билээ.
Харин дизель түлшний импортын биет хэмжээ өмнөх оноос 11.2 хувиар өсөж, 1.82 сая тоннд хүрсэн байна. Дизель түлшний импортод бид 1.33 тэрбум доллар зарцуулжээ. Иймээс амалсан ёсоороо газрын тосоо нэрж чадвал монголчууд бид том ачаагаа нуруун дээрээсээ авч хаяна. Үүгээр зогсохгүй импортоос шалтгаалсан инфляцын өсөлтийг хазаарлана.
Гэвч үйлдвэр ашиглалтад ороход гурван том саад бий.
Нэг нь түүхий эдийн нөөц, үүнтэй холбоотой маргаан бол нөгөөх нь 10 жилийн ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс шалтгаалсан санхүүжилтийн гацаа. Харин гурав дахь нь Ширээт дэд станцын хүчин чадлыг 25МВт-аар нэмэгдүүлж, үйлдвэрийн эрчим хүчийг яаралтай шийдвэрлэх асуудал юм. Эдгээрийг ямартай ч шийдвэрлэнэ гэдгээ Засгийн газар, төсөл хэрэгжүүлэгчид онцолсон.

Харин газрын тосны нөөцийн тухайд Монгол Улс газрын тосны магнат улсуудтай харьцуулашгүй бага нөөцтэй. Нийт 335.6 сая тонн батлагдсан нөөцийн 12 хувийг нь л ашиглаж, олборлох боломжтой. Эдийн засаг, техникийн хүчин чадал, геологийн хүчин зүйлээс шалтгаалан батлагдсан бүх нөөцийг олборлох боломжгүй байдаг.
Үүний дээр ашиглалтын нөөцийнхөө бараг 12 сая тонныг нь бид өнгөрсөн хугацаанд Хятад руу зөөчихсөн.
Өөрөөр хэлбэл, 30 сая тоннын нөөц дээр жил тутам 1.5 сая тонн тос нэрэх боловсруулах үйлдвэрийн ирээдүйг зураглаж байна. Иймд газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, хэтийн төлвөө гэрэлтэй болгохыг зорьж буй ч иргэдийн эсэргүүцэлтэй өнөөг хэр тулсаар буй нь хувь заяаны шоглоом гэлтэй.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй эл төслийн санхжүүжилт өссөөр 1.7 тэрбум ам.доллар болоод буй. Иймд үйлдвэр олон жилийн туршид тогтвортой ажиллаж, зардлаа нөхөх боломжийг нь олгохын тулд төсөл хэрэгжүүлэгчдийн гол “айдас” болоод асуудлуудыг яаралтай шийдвэрлэх нь чухал юм.
