Геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлнэ

B Shurenchimeg
2022-02-25 16:54:55
Ангилал: Уул уурхай

Эрдэс баялагийн салбарын бодлого шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах зорилгоор “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр салбарын бодлогын шинэчлэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж УУХҮ-ийн Сайд Г.Ёндон үг хэлэв. Тэрбээр “Дэлхийн улс орнууд ногоон эрчим хүчний шилжилт хийхтэй холбоотойгоор ойрын жилүүдэд зэсийн үнэ тууштай өсөх хандлагатай байна. 2025 он гэхэд зэсийн үнэ 15 мянган ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарсан. Нөгөө талдаа улс орнууд эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ үе шаттай бууруулахаар зорьж байгаа энэ үед манай улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбарын талаар баримтлах бодлогоо тодорхойлох шаардлагатай. Эдгээр нөхцөл байдалд үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Уул уурхайн салбарын баримтлах бодлогыг боловсруулаад байна” гэж онцоллоо. Мөн салбарын хөгжлийг урагшлуулахад хайгуул, тусгай зөвшөөрлийн лиценз олголт, уурхайн хаалт, боловсруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж буйгаа илэрхийлсэн.

Уул уурхайн яамнаас Үндэсний баялагийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа аж.

Хэлэлцүүлгийн нэгэн чухал сэдэв нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг 4-5 дахин нэмэгдүүлж, нээлттэй ил тод байхаар цахимжуулах талаар байлаа.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 109 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Тусгай зөвшөөрлийн хамаарах талбайн хэмжээ 2005 онд Монгол орны нутаг дэвсгэрийн 44 хувийг эзэлж байсан бол 2021 онд 2.8 хувь болж багассан байна. Тиймээс салбарын яам энэ оноос эхлэн тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологи, хайгуулын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж байгаа аж.  Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг 42-45 хоногт олгодог байсныг 7-10 хоногт багтаан онлайнаар олгодог болжээ.

Манай улс байгалийн баялагаа түүхийгээр нь болон хагас боловсруулсан байдлаар олон жил экспортолж ирсэн. Тиймээс цаашид боловсруулалтын сүлжээг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Энэ хүрээнд Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Боловсруулах үйлдвэрийн үе шат ахих тусам дараагийн жижиг дунд үйлдвэрлэлүүд кластер хэлбэрээр хөгжих боломжийг олгодог давуу талтай гэдгийг Г.Ёндон сайд онцоллоо. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор тус салбарт баримтлах бодлогыг Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт гэсэн таван үндсэн чиглэлээр боловсруулжээ.

Уг хэлэлцүүлэгт Их Британийн Геологийн албаны мэргэжилтнүүд цахимаар оролцож, уул уурхайн салбарт ашиглаж буй өндөр технологиудынхаа талаар танилцуулсан. Усгүйгээр уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт хийх боломжгүй. Гэсэн хэдий ч Их Британийн олон уурхай усны хомсдолтой бүс нутагт үйл ажиллагаа амжилттай явуулж байна. Энэ нь усыг хэмнэлттэйгээр зарцуулах өндөр технологийн системийг нэвтрүүлсэнтэй нь холбоотой аж. Орон нутгийн иргэд, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах зорилгоор давсгүйжүүлэлт, урвуу осмос хийх зэрэг дэвшилтэт аргаар ус цэвэршүүлэх, бохир усыг дахин боловсруулах тал дээр тус улс өдгөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг болжээ. 

“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хэлэлцүүлгийг  УУХҮЯ, АМГТГ, ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Австрали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, АМЕП хөтөлбөр, Австралийн хөгжлийн хөтөлбөр, Үндэсний Геологийн алба хамтран зохион байгуулсан юм. 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg