“Гүнээсээ хайрлая” феллов хөтөлбөрийн шилдэгүүд тодорлоо

B Shurenchimeg
2022-11-23 12:25:11
Ангилал: Байгаль орчин

Газар доорх гүний усны ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах аяны хүрээнд уран бүтээлч, оюутан залуусын дунд “Гүнээсээ хайрлая” феллов уралдаант хөтөлбөр зарлаад байсан юм. Энэхүү Феллов хөтөлбөрт нийт 140 орчим оюутан залуус  бүртгүүлж 43 орчим уран бүтээлч нийтлэл, гэрэл зураг болон график дизайн гэсэн гурван төрлөөр өрсөлдөж өчигдөр Соёлын төв өргөөнд шилдгүүдээ тодрууллаа. Шилдэг бүтээлийн эздийг тодруулах арга хэмжээний үеэр уралдаанд оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулав. Оролцогчдын бүтээлийг 12-р сарын 3-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд нээлттэй дэлгэн тавих аж. Уран бүтээлч залуус өөрсдийн бүтээлээрээ дамжуулан усаа хайрлах, өнөөгийн Монгол Улсын усны нөөц, хэрэглээ ямар түвшинд байгааг илүү тод томруунаар харуулахыг зорьжээ. 

Эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулах зорилготой энэхүү уралдаант хөтөлбөрийн нийтлэлийн төрөлд business.mn сэтгүүлийн сэтгүүлч У.Түвшинбаяр “Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна” нийтлэлээрээ тэргүүн байр эзлэв.

Хоёрдугаар байрт “Амьдрах боломж хоёр хувь” нийтлэлээрээ сэтгүүлч О.Эрдэнэчимэг, гуравдугаар байрт “Жорлонгийн ус уусаар байх уу” нийтлэлээрээ сэтгүүлч Э.Отгонтуяа,  тусгай байранд Т.Баярбатын “Гүний усаа гүнээсээ хайрлая” нийтлэл  шалгарлаа. 

Харин гэрэл зургийн төрөлд “Сайхан хооллоорой” цувралаар гэрэл зурагчин М.Ганзориг тэргүүн байр эзэлсэн бол график дизайны төрөлд “Үл үзэгдэх ус” бүтээлээрээ  графикч Б.Билгүүн тэргүүн байр эзэлсэн. Хөтөлбөрт оролцогчдын гүний усны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор ур чадвар олгох сургалт, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж гидрогеологийн инженер, эрдэмтэн судлаачид мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллажээ. 

Мөн эл хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдэд ус дахин ашиглалтаараа дэлхийд тэргүүлэгч Оюу толгойн уурхайн усны эх үүсвэр, усан хангамжийн байгууламж болон гүний ус ашиглалттай танилцах гурав хоногийн аяллыг Оюу толгой компани зохион байгуулжээ. Эл аяллын хүрээнд “Оюу толгой” компанийн усны мэргэжилтнүүд уурхайн ус ашиглалтын арга техникийн талаар дэлгэрэнгүй, бодит мэдээлэл өгч ил уурхайн үйл ажиллагаатай танилцуулжээ. Оюу толгойн уурхай 2022 оны эхний улиралд үйлдвэрлэлд хэрэглэсэн усныхаа 85.59 хувийг эргүүлэн ашиглаж, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 м3 ус нөхөн сэлгэлтээр авч ашиглаж байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн бусад ижил төстэй уурхайнуудаас даруй гурав дахин бага олон улсад тэргүүлэх үзүүлэлт юм. 

“Гүнээсээ хайрлая” аяныг  Усны газар, “Оюу толгой” ХХК, Гидрогеологичдын холбоо, Галба-өөш долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ГУУС, Гидрогеологийн тэнхим хамтран зохион байгуулсан юм. Цаашид уг феллов хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg