Дайныг санхүүжүүлэхгүйн тулд дэлхий Оросын шатахуунаас татгалзах уу

B Shurenchimeg
2022-05-16 13:10:30
Ангилал: Хийн хоолой

Дэлхийн газрын тосны  нэг өдрийн хэрэглээ 84 сая баррель бөгөөд өнөөгийн хэрэглээний түвшингээр тооцвол 32 жилийн дараа буюу ойролцоогоор 2039 онд газрын тосны нөөц шавхагдаж дуусна гэж Википедиад тэмдэглэжээ. Дэлхий даяар нийлүүлэгдэж байгаа нефть өдөрт нэг сая баррелаар багасвал үнэ нь 30-40 доллароор өсдөг гэх тооцоо байдаг. Одоогийн байдлаар нэг баррель түүхий газрын тосны үнэ 110 ам.доллар байна. Гэвч тавдугаар сарын 15-ны байдлаар Brent маркийн нефтийн үнэ 3.5 хувиар өсөж, сүүлийн хоёр долоо хоногт анх удаа нэг баррель нь 114 ам.долларт хүрчээ. Газрын тосны олборлолтоор Саудын Арабын дараа хоёрдугаарт бичигддэг ОХУ экспортын бараа бүтээгдэхүүнээ Европын холбоонд рублиэр зарна гэж мэдэгдсэнээр Европын холбоо ОХУ-ын газрын тос, шатахууны импортод хориг тавихад хүргэсэн.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ОХУ-аас нефть импортлохоо энэ ондоо багтаан бүрэн зогсоох, Европын тээвэр, даатгалын компаниудыг ОХУ-ын газрын тосны салбарт үйлчилгээ үзүүлэхийг хориглох тухай хатуухан мэдэгдэл хийсэн. Европын холбооны орнуудын байнгын төлөөлөгч уг саналыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, зарим орны төлөөлөгч Оросын газрын тосны тээвэрлэлтийг хориглох асуудлыг гурван сараар хойшлуулах санал гаргасан бол Унгар, Словак, Чех, Болгар, Грек зэрэг улс росын газрын тосны импортод хориг тавих боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

“AMarkets” судалгааны агентлагийн аналитик хэлтсийн дарга Артём Деев “Европын холбооны шийдвэр нь Европт нефтийн хомсдол үүсэж болзошгүй гэсэн айдсыг бататгалаа. Оросын нефтээс татгалзах хэтийн төлөвтэй Европ хэрэглээндээ квот тогтоож эхэлсэн. Хэрэв Европын холбоо ОХУ-аас газрын тос импортлохоо зогсоовол эрчим хүчний хангамжид нь хүндрэл үүсч болзошгүй. Үнэ ч өсөж байна. Харин ОХУ үүнээстөдийлөн өндөр алдагдал хүлээхгүй Азийн зах зээл рүү чиглэх, логистикийн асуудлыг шийдвэрлэх нь цаг хугацааны л асуудал” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ Азийн орнуудад нефть нийлүүлэх сонирхолтой байгаа бөгөөд зарим улс оронд хөнгөлөлттэй үнэ санал болгож эхэлсэн билээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Энэтхэг, Зүүн Азийн орнуудад газрын тос нийлүүлэх боломж бидэнд бий. Европын холбооны хориг арга хэмжээний улмаас үүсэж болох эрсдэлийг даван туулах арга замыг олох болно” гэж мэдэгдсэн. Тухайлбал, “Роснефть” компани Энэтхэгийн хамгийн том газрын тос, байгалийн хийн корпораци болох “IndianOil”-тай гэрээ байгуулахаар зэхэж байгаа тухай Bloomberg мэдээлсэн  агаад “Роснефть” Энэтхэгт жилд 15 сая баррель нефть нийлүүлэх санал тавьсан гэсэн мэдээлэлд Энэтхэгийн тал тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Учир нь ОХУ-ын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авч дайныг шууд бусаар санхүүжүүлэхгүй байхыг улс орнуудад Европын холбоо анхааруулж байгаа юм. Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ариндам Багчин “Бид дэлхийн зах зээл дээрх бүх саналыг судалж байна. ОХУ-ын саналыг ч судалж байгаа” гэснээс өөр тодорхой мэдэгдэл хийгээгүй ч гуравдугаар сарын эхэн үеэс Энэтхэгийг чиглэсэн Оросын нефтийн нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдсэн талаар салбарын ажиглагчид хэлж байгаа юм. 

ОХУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын сангийн орлогч захирал Алексей Гривач “ОХУ-ын нефтийн экспорт зөвхөн Энэтхэгээр тогтохгүй. Ази руу газрын тос борлуулах үнэ оны эхнээс харьцангуй өссөн. Гэхдээ газрын тос нийлүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, тээврийн зардал төлөвлөж байснаас хамаагүй өндөр байх болно” гэж Нэгдүгээр суваг телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Нөгөөтээгүүр, БНХАУ-д томоохон хотууд хөл хорионд байна. Жишээлбэл, Шанхайн хотын хүн амын бараг тал хувь нь хөл хорионд байгаа нь ойролцоогоор 675 мянган баррель газрын тосны хэрэглээ алга боллоо гэсэн үг юм. Хэрэв урд хөршид хөл хорионууд цуцлагдаж, эдийн засаг нь идэвхжвэл газрын тосны эрэлт улам ихэснэ. Үүнийг дагаад үнийн савлагаа үүсэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

 

 

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын хувьд дөрөвдүгээр сарын үнэ нэмэгдсэн. АИ-80, АИ-92, АИ-95, АИ-98 авто бензиний үнэ тонн тутамдаа 168 ам.доллароор, дизель түлш 152 ам.доллароор нэмэгдсэн үнээр нийлүүлэх саналыг манай улсад өгчээ. Гэхдээ АИ-92 авто бензиний тухайд нийлүүлэгч талтай хэлцэл хийсний дүнд үнэ нэмэгдэхгүй, тогтвортой байна гэж УУХҮЯ яам мэдэгдээд байгаа. Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногийн байдлаар АИ-92 бензин 2,390 төгрөг байгаа. Гэхдээ долларын ханш тогтвортой байвал энэ үнээ цаашид хадгалах боломжтой юм. Харин АИ-95 авто бензин 3,270 төгрөгөөр арилжигдаж байгаа юм.

Монголын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай. Шатахууны үнийн нэг хувийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг 0.15 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс Засгийн газар үүсэж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, “O”төгрөг болгосон. Уг шийдвэр уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэж буй энэ үед дизель түлшний үнэ, хангамжийг тогтвортой байлгах зорилготой.

Гэвч шатахууны үнийг ийнхүү хүчээр барих нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлөх, дизель түлшний онцгой албан татварыг тэглэснээр улсын төсвийн орлого хэр хэмжээгээр тасрах талаарх тодорхой мэдээлэл алга байна. 

Азийн орнууд руу ОХУ газрын тос, нефтийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр санал болгох нь тодорхой боллоо. Харин манай улсад иймэрхүү санал тавих эсэх нь анхаарал татсан хэвээр үлдэж байна. ОХУ-аас манай улсыг дайруулан тавих хийн хоолойн асуудал ч яригдаж эхэлсэн. Иймээс ОХУ-аас Хятад руу чиглэсэн байгалийн хий, Азийг чиглэсэн шатахууны нийлүүлэлтээс манай улс хэрхэн ашиг хүртэж болохыг судалж, бодлогын “шатар тоглох” ёстой болж байна.

 

 

 

 

 

B Shurenchimeg