Дэлхийн хамгийн том арлын төлөөх өрсөлдөөний цаана юу байна вэ

Mongolian Economy
2026-01-16 14:29:41
Ангилал: Дэлхий дахинд

Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн зөрчил мөргөлдөөн, дайн тулаанаар “элбэг” байгаа дэлхийн геополитик улам бүр тогтворгүй болж, шинэхэн халуун цэгүүдээр хүрээгээ тэлсээр байна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Данийн хаант улсын эзэмшлийн Грийнланд арал болов.

АНУ юу хүсэж байна вэ

Д.Трамп гэнэтхэн Грийнландыг сонирхож эхэлсэн юм биш. Ерөөс тус арлыг сонирхож буй АНУ-ын анхны ерөнхийлөгч ч биш. Тус арлыг сонирхох шалтгаан АНУ-д үеийн үед байсан гэхэд болно. Гэхдээ нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадурог АНУ-ын тусгай хүчин “хулгайлж”, улмаар Өмнөд Америкийн тус улсын газрын тосны асар их баялагт АНУ шууд эзэн сууж, гар дүрэх болсон нь Грийнландыг мөн ийм хувь заяа хүлээж байх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж эхэлсэн. Грийнландыг АНУ эзлэх боломжийг 2025 оны дундуур таамаглалын Kalshi вебсайт дээр 20 орчим хувь гэж үнэлж байсан бол энэ тоо өдгөө 41 хувь болж хоёр дахин өсжээ.

Грийнландын байгалийн баялаг бол газрын ховор элементийн зах зээл дэх БНХАУ-ын хэт давамгай байр суурийг сулруулах нэг арга хэмээн Д.Трампын засаг захиргаа үзэж буй. Тийм ч учраас Д.Трамп “Бидэнд Грийнланд хэрэгтэй. Яг одоо стратегийн хувьд асар чухал байна. Тэд дуртай, дургүйгээс үл хамаарч бид ямар нэг шийдвэр гаргах л болно. Хэрэв амар аргаар учир нь олдохгүй бол хэцүү аргаар хийхээс өөр замгүй” гэж мэдэгдсэн билээ.

Түүнээс гадна Грийнланд нь Арктикийн бүс нутаг орчимд өөрийн нөлөөллийг нэмэгдүүлэх, логистик болон батлан  хамгаалахын давуу талтай болох зэрэг стратегийн ач холбогдолтой юм.

Грийнландын баялаг баялаг болж чадах уу

Тус арал Данийн харьяалалд байдаг нь бус, харин Арктикийн амаргүй нөхцөл байдал л Грийнландын баялгийг өөрийн эзэмшилд оруулахад нь АНУ-д саад болж магадгүй. Грийнландын эрдэс баялгийн ихэнх нөөц нь Арктикийн бүслүүрээс дээш, асар зузаан цасан доор, бараг бүтэн жилийн турш харанхуй байдаг алслагдмал бүс нутгуудад байдаг юм. Тийм учраас тэдгээр илэрц, орд газрыг ашиглах нь асар хэцүү гэж геологич, судлаачид онцолж байна.

Уул уурхайн нөөцөө баялаг болгож, орлого олох дэд бүтэц, хүний нөөцөөр Дани улс дутмаг. “Грийнландыг Америкийн газрын ховор элементийн үйлдвэр болгон хувиргах нь уран зөгнөл мөн. Ямар ч боломжгүй. Тэгснээс саран дээр уурхай байгуулах хэрэгтэй. Заримдаа саран дээр уурхай байгуулах нь Грийнландад уурхай байгуулахаас ч амархан” гэж Arctic Institute-ийг үүсгэн байгуулагч М.Хамперт онцолжээ.

Хэдий Ногоон газар нэртэй боловч Грийнландын газар нутгийн 80 орчим хувь нь мөсөн бүрхүүлтэй. Энд уул уурхайн бизнес эрхлэх нь дэлхийн бусад хэсгээс 5-10 дахин өндөр зардалтай байх тооцоо бий.

Грийнландад бизнес эрхлэхэд нээлттэй

Мэдээж Венесуэл болон Грийнландын нөхцөл байдал эрс ялгаатай. Грийнланд нь НАТО-ийн холбоотон Данийн газар нутаг төдийгүй Венесуэлээс ялгаатай нь ямар ч бизнест нээлттэй ханддаг, улс төр болоод эдийн засгийн тогтвортой байдлаараа гайхагддаг улс билээ.

Грийнландын эрх баригчид олон жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчдыг тойгдсоор  ирсэн. Харин тус улсын ард иргэд ямарваа асуудалгүйгээр бизнесийн ямар ч боломжид нээлттэй гэдгээ илэрхийлдэг юм. “Грийнландыг заавал байлдан эзлэх шаардлага надад лав огт  харагдахгүй байна. Бид нар хөрөнгө оруулалтад, америкчуудтай хамтран ажиллахад бэлэн. Зүгээр л энгийн, ажил хэрэгч байдлаар хүссэнээ авах боломжтой байтал эзэлж авна гэх мэтээр ярих шаардлага огт байхгүй шүү дээ” гэж Greenland Business Association-ий удирдах захирал К.Келдсен өгүүлж байна.

 

Харин Peterson Institute for International Economics-ийн судлаач Ж.Ф.Киркегаард “Хэрэв Грийнландын газар нутагт хувин дүүрэн алт үнэхээр байгаа бол түүнийг нь хувийн бизнесүүд аль хэдийн өөрийн болгох байсан шүү дээ” гэжээ. Түүний онцолж буйгаар гарааны хөрөнгө оруулалт асар ихээр шаардах учраас Грийнландад уул уурхайн бизнес эрхлэх сэдэл, боломж тун хязгаарлагдмал аж.

Гэхдээ Венесуэлийн газрын тосыг ашиглахад нь улсынхаа том компаниудад үзүүлж байгаа шиг санхүүгийн боломж, баталгааг Д.Трампын засаг захиргаа Грийнландыг “байлдан эзлэх” хүсэлтэй хувийн бизнесүүдэд гаргаж өгөх боломжтой юм.

Грийнланд яагаад чухал вэ

Стратегийн ач холбогдолтой байршил

Арктикийн гарцыг хянах боломж олгодог Грийнланд нь Хойд Америк, Европ, Арктикийг холбосон чухал цэг дээр байрладаг.

Давуу тал:

-Арктик, Атлантын далайн хоорондох тэнгисийн цэрэг, шумбагч завины аяллын чухал цэг

-Довтолгооноос урьдчилан сэргийлэх систем, хиймэл дагуулын хяналт байгуулах, Арктик дахь агаарын болон тэнгисийн цэргийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглах

Өдгөө АНУ-ын Питуффик сансрын бааз Грийнландад байрладаг бөгөөд НАСА-ийн батлан хамгаалахын системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арктикт батлан хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг дэлхийн улс орнууд идэвхжүүлж байгаа учир Грийнландын үнэ цэн тэр хэрээр өсөж байна.

Эрчим хүчний шилжилтэд чухал ховор элементүүд

Орчин үеийн технологи, ногоон шилжилтэд нэн шаардлагатай стратегийн болон газрын ховор элементийн тодорхой хэмжээний нөөцийг тус улс эзэмшдэг.

Гол эрдэс баялаг

-Газрын ховор элемент

-Графит

-Литий

-Никель

-Кобальт

-Цайр, төмрийн хүдэр

-Уран

Грийнландын газрын ховор элементийн нөөц нь ойролцоогоор 1.5 сая метр тонн бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн 1.6-2 хувь юм. Тэр дундаа Кванефьелд, Танбрийз нь дэлхийн томоохон газрын ховор элементийн ордод тооцогддог. Зөвхөн Кванефьелд гэхэд 11 сая тоннын нөөцтэй.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан тээврийн шинэ зам

Арктикийн мөс хайлж эхэлснээр Грийнланд нь эдийн засгийн цоо шинэ ач холбогдолтой болж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Ази, Европ, Хойд Америк далайгаар илүү дөт замаар холбогдоно. Ингэснээр Грийнланд нь Суэц болон Панамын сувагтай дүйцэх ач холбогдолтой болох юм. Цаашид логистикийн төв, Арктикаар зорчиж буй усан онгоцнуудын хувьд түлш, хоол хүнсээр цэнэглэх, ослын зогсолт хийх гол төв, мөс зүсэгч онгоцнуудын бааз, хяналтын станцууд байрлах боломжтой.

Сэргээгдэх эрчим хүч

Грийнланд нь ус болон салхин цахилгаан станц байгуулах ихээхэн нөөцтэй юм. Малтмал түлшний томоохон орд, нөөц байхгүй боловч эрчим хүчний хангалттай нөөц нь Грийнландын геополитикийн ач холбогдлыг нэмэгдүүлж байгаа юм. 

Mongolian Economy