Дэлхийн үйлдвэр

Mongolian Economy
2020-06-29 17:50:15
Ангилал: Олон улс

Дэлхийн хамгийн аварга экспортлогч шинэ арга мэхтэй болжээ.

Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200 мянга орчим худалдан авагч олон улсын хамгийн том худалдааны яармаг болох “Canton Fair”-т оролцдог. Харин энэ жил цар тахлаас шалтгаалж зөвхөн онлайнаар 10 хоногийн турш явагдаж, зургадугаар сарын 24-нд өндөрлөв. Хэдий наймааг биечлэн уулзаж хийхтэй харьцуулашгүй боловч энэ удаагийн виртуал яармаг нь Хятадын үйлдвэрлэлийн сүр хүчний үзүүлбэр боллоо. Нийт 25 мянга орчим оролцогч голдуу үйлдвэрээсээ шууд стрим хийж, барааг нь сонирхсон хүн бүртэй чатлаж байв.

Тэдний нэг болох борлуулалтын залуухан менежер Вен Ли үйлдвэрийнхээ дамжлагын өмнө зогсоод “Z-Green”-ий өөрөө явдаг зүлэг тэгшлэгчийг харуулав. “My Dinosaurs”-ийн менежер Шерри хуурамч ясан дундуур явангаа компанийнхаа үйлдвэрлэсэн робот үлэг гүрвэлийн аманд хэл хийж үзүүлэв. “PK Cell”-ийн борлуулагч Жой дахин цэнэглэдэг литий батерейн ард зогсоод фирмийнхээ 23 автомат шугамын үйл ажиллагааг тайлбарлаж байлаа.

Энэ мэтчилэн үргэлжилнэ. Мотоцикль, цахилгаан машин, кофены машин, сүү чанагч, нохойны тоглоом зэрэг нохойн битүү туурай, ногоон хурганы арьс үйлдвэрлэгчээс бусад нь яармагт оролцов. Хэдий ихэнх лайв стрим нь чанар тааруу, гэрэл муутай, сонирхогчийнх боловч ерөнхий нөлөө нь тун их байв. Учир нь Хятадад дэлхийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 28 хувь буюу Америк, Япон, Германыг нийлүүлсэнтэй бараг тэнцэх хувь ногддог бөгөөд цар тахал гарсан ч өмнөх эрч хүчээ бараг л алдаагүй байгаа юм.

Үйлдвэрлэгч улсын хувьд Хятадад хоёр давуу тал бий. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн бааз суурь нь хаана ч байхгүй том бөгөөд гүнзгий. Энэ давуу талаа тэд улам нэмэгдүүлсээр буй. Тухайлбал, 2005 онд Хятадын экспортын нэмүү өртгийн 26 хувь гадаадад ногдож бйсан бол энэ тоо 2016 онд 17 хувь болж багассан. Өөрөөр хэлбэл, Хятадын бараа, бүтээгдэхүүнд орж буй эрэг шургийн дийлэнхийг хятадууд өөрсдөө үйлдвэрлэж байна.

Хоёр дахь давуу тал бол Хятадын өөрийнх нь асар том зах зээл. Тийм ч учраас Америкийн маш олон компани Трампын засаг захиргааг өөрсдөд нь орон зай гаргаж өгөхөөр хэмжээний боловч боломжийг нь бүрмөсөн үгүй хийхээргүй хэмжээний дарамтыг Хятадын талд үзүүлэхийг хүсдэг юм. Хэдий худалдааны дайн өрнөж буй ч олон улсын фирмүүд Хятадтай улам бүр холбоотой болж байгааг нэгэн судалгаа харуулав. Тодруулбал, сүүлийн 18 сард Хятадад гадаадын компаниудын худалдан авсан болон нэгдсэн нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн гэж судалгааны “Rhodium Group” танилцуулав.

Нөгөөтээгүүр, худалдааны дайн, цар тахал Хятадын компаниудад сөргөөр нөлөөлж байна. Тус улсын экспорт 2020 оны эхний таван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар буурчээ. Гэхдээ вирусийг тогтоон барих тал дээр сайн арга хэмжээ авч байгаа учраас бусад улстай харьцуулахад Хятад нь харьцангуй дээр нөхцөлд буй. Аж үйлдвэрлэлийн салбараа өмнөх жилүүдэд хөгжүүлсний ач тус ч өдгөө мэдэгдэж байна. Тавдугаар сард Японы импортын 30 хувь, Европын импортын 24 хувийг Хятад бараа эзэлж, дээд амжилт тогтоожээ.

Гэхдээ үүнээс цааш нэмэгдэх боломж үгүй байж болох юм. Бусад улс Хятадын аж үйлдвэрийн салбарын хүч чадлыг сайн мэдэх учраас тэднээс хэт хамааралтай байх нь өөрсдийг нь амаргүй байдалд оруулна гэдгийг нэгэнт ойлгосон. Тухайлбал, энэ оны эхээр дэлхийн улсууд Хятадаас амьсгалын аппарат, маск авахын тулд дайн дэгдээх дөхсөн. Тиймээс Энэтхэг, Тайван зэрэг улсын засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд зээл, газар олгох зэрэг олон зүйл амлаж байна.

Өмнө нь ийм амлалтууд тэр бүр амжилтад хүрдэггүй байсан бол одоо харин гурван шалтгааны улмаас үр дүнгээ өгөх боломжтой. Нэгдүгээрт, Хятад улс үнэ цэнийн сүлжээнд эзлэх байр сууриа ахиулсан учраас жижиг компаниуд эндэх байр сууриа алдаж эхэлсэн. Хувцас үйлдвэрлэгч олон компани тус улсыг орхиж Зүүн Өмнөд Азийн улсууд руу нүүж байна. Хоёрдугаарт, Америктай таагүй харилцаатай байгаа нь олон компанид сөрөг байдал үүсгэж эхэлсэн. Apple ихэнх iPhone гар утсаа Хятадад үйлдвэрлэсэн хэвээр боловч ханган нийлүүлэгчдээ өөр улсад шилжихийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гуравдугаарт, цар тахлын улмаас үйлдвэрүүд ээлж дараалан хаагдсанаар зөвхөн нэг улсаас хараат байхын аюулыг тод томруун илтгэн харуулав.

UBS банкны судалгаанаас үзвэл том компаниудын дундах урсгал өөрчлөгдөж эхэлсэн байна. Нийт 1000 гаруй компанийн хариултаас үзэхэд Америкийн компаниудын 76 хувь, Хойд Азийн (Япон, БНСУ) компаниудын 85 хувь, Хятадын компаниудын 60 хувь үйлдвэрийн зарим хэсгээ Хятадаас нүүлгэсэн эсвэл нүүлгэхээр төлөвлөж буй аж. UBS-ийн Кейт Паркерын үзэж буйгаар компаниуд Хятад дахь үйлдвэрийнхээ 30-20 хувийг өөр улс руу шилжүүлж магадгүй байна. Ийм явдал хормын төдийд болохгүй ч Хятадын үйлдвэрлэлийн салбарын давамгайллаас хумслах аюултай юм.

 

Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. 

 

 

 

Mongolian Economy