Жаран дамжсан түншлэл
Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон онцлов.
Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ. Нэгэн жаран гэдэг урт хугацаа. Эдгээр он жилүүдэд Их Британи, Монгол Улс асар их өөрчлөгдсөний адилаар хоёр улсын харилцаа ч өөрчлөгджээ.
1963 онд дэлхий дахин Хүйтэн дайны ид үеийг туулж байв. Гэвч хоёр талын хооронд харилцаа үүсгэх нь хоёр улсын эрх ашигт нийцнэ гэж Их Британи, Монгол Улс дүгнэснээр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Барууны анхны улс нь Их Британи болсон юм.
Соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт олон тооны гэрээ байгуулах замаар эхний 30 жилд хоёр талын харилцааны суурийг тавьж, халуун дотно, нөхөрсөг
харилцааг үүсгэсэн билээ.
Тэр цагаас хойш хоёр улсын харилцаа улам гүнзгийрэн хөгжив. 1990- ээд онд ардчилсан, зах зээлийн нийгэм рүү Монгол Улсын хийсэн шилжилтийг дэмжсэнээрээ Их Британи бахархдаг. Хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, хамтын ажиллагааг илүү баялаг, хүчирхэг болгохын тулд давхар татварын гэрээ байгуулах зэрэг хоёр талын хэд хэдэн хэлэлцээрийг байгуулсан байна.
Өдгөө хоёр улсын харилцаа эрчимтэй, олон талт болж чаджээ. Хууль дүрэмд суурилсан олон улсын системд итгэхийг чухалчилсан ардчилсан үнэ цэн болон энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг тулгамдсан асуудлуудтай хамтдаа тэмцэх чин хүсэл нь Их Британи, Монгол Улсыг нэгтгэж байна.
Чөлөөтэй, нээлттэй Энэтхэг Номхон далайн бүсийн төлөө түнш улсуудтай урт хугацаанд хамтран ажиллахаа Их Британи илэрхийлсэн. Монгол Улс бол энэхүү хүчин чармайлтын нэг чухал хэсэг мөн. Эрх чөлөө, ардчилсан үнэ цэнийг дээдэлсэн Монгол Улсын итгэл үнэмшлийг газарзүйн байдал нь улам үнэ цэнтэй болгож байна. Монгол Улсын ардчилсан аялал нь бүс нутаг, олон улсад сайн үлгэр жишээ болсоор ирлээ.
Эрх чөлөө, ардчилсан үнэцэнийг дээдэлсэн Монгол Улсын итгэл үнэмшлийг газарзүйн байдал нь улам үнэ цэнтэй болгож байна.
Худалдаа, хөрөнгө оруулалт бол хоёр талын хамтын ажиллагааны нэн чухал салбар юм. Их Британи Монгол Улсад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна. Рио Тинто компанийн Оюу Толгойд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн тод томруун жишээ. Мөн уул уурхай, газрын тосны хайгуул, сэргээгдэх эрчим хүчний салбарт бид багагүй хэмжээний хөрөнгө оруулаад байна. Монгол Улсыг хөгжин цэцэглэж, байгалийн болон хүний нөөцийн эх үүсвэрээ бүрэн ашиглаасай гэж гуравдагч хөршийн хувьд Их Британи улс хүсдэг.
Хоёр улсын худалдааны харилцаа тогтвортой хөгжиж байна. Хөгжиж буй орнуудын худалдааны схемд Монгол Улс багтсанаар Их Британи руу тарифын хөнгөлөлттэй, эсвэл тарифгүй бараа нийлүүлэх боломжтой болсноор тус харилцаа улам бэхэжлээ. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлаг нь Монгол Улсад зориулж худалдааны дэмжлэгээ хоёр тэрбум фунт стерлинг болгон нэмэгдүүлсэн нь Их Британийн экспортлогч, Их Британиас бараа, үйлчилгээ худалдаж авдаг Монголын компаниудыг дэмжсэн алхам болов. Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниэль Кавчинский Монгол Улсад тогтмол айлчилж байна.
Боловсролын салбар хоёр улсын харилцаанд улам ач холбогдолтой болж байна. Монголын дунд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх ажлыг “The Cambridge Partnership for Education” дэмжин оролцож буй. Британийн Засгийн газрын Чевенингийн хөтөлбөр нь 200 гаруй монгол залуусыг Их Британийн их сургуульд сурах боломж олгосон. Энэ жил Монголд үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын сургуулиудын англи хэлний сургалтыг дэмжих зорилгоор “Pearson” компани саяхан Боловсролын яамтай гэрээ байгуулав.
Эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэ онд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. Хоёр улсын хоорондох худалдааг хөнгөвчлөх үүднээс Агаарын үйлчилгээний хоёр талт шинэчилсэн гэрээг удахгүй байгуулна.
Их Британи, Монгол Улсын харилцаа тун таатай үедээ ирээд байгаа бөгөөд ирэх жилүүдэд улам хөгжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна.