З.Батбаяр: Эдийн засагт ирж байгаа цохилтыг багасгахын тулд гадаад дахь монголчуудаа яаралтай татаж авах ёстой

Mongolian Economy
2020-07-20 09:04:53

Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд З.Батбаяртай тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд цар тахлын үеэр ямархуу нөхцөл байдалд байгаа болон ЭСЯ-наас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Бид түүнтэй Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 17, 18-ны өдөр болсон Соёлын бэсрэг арга хэмжээний үеэр онлайнаар ярилцсан юм.

“Цар тахлын үеэр гадаадад өнгөрүүлж буй өдрүүд” цуврал маань үргэлжилсээр байна.

– Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцаж байгаа Элчин сайд танд баярлалаа. Унгар улсад хэдэн монгол хүн сурч, ажиллаж, амьдарч байгаа талаар та манай уншигчдэд эхлээд танилцуулна уу?
– Унгар улсад албан ёсны тоогоор Монгол Улсын 3200 иргэн байна. Энэ тоо мэдээж байнга нэмэгдэж, хасагдаж байдаг. Ойрын хугацаанд нэмэгдээд 3500 иргэн болох болов уу. Эдгээрээс 800 орчим нь оюутан. Тэдэнтэй хамт ирсэн эхнэр, аав ээж, ар гэрийнхэн нийлсэн 200-300 хүн гээд их сургуультай холбоотой 1300 орчим монголчууд Унгарт бий. Энэ жилийн хувьд 78 оюутан төгсөөд зарим нь Монгол буцаж, тодорхой хэсэг нь энд ажил хийх, магистр, докторт үргэлжлүүлэн суралцах, өөр улсад суралцахаар явах гэх мэт өөрчлөлт гарсан. Түүнээс гадна жил бүр 200 оюутан ирдэг. Эдгээр оюутны хувьд тодруулж хэлэхэд тэд ямар нэг төлбөр төлдөггүй, Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж сурдаг. Өөрөөр хэлбэл оюутны байр үнэгүй, бакалаврын оюутан 150 орчим, магистр, докторт суралцагчид арай өндөр буюу 300-400 орчим еврогийн сарын стипенд авдаг юм. Оюутнуудаас зөвхөн хоёр улсын хооронд ирж, очих зардал л гардаг.

Дараагийн хэсэг бол Унгар улсад ажил, хөдөлмөр эрхэлж буй 1500-2000 орчим иргэн. Ажиллах хүчнийг гаргах, оруулах болон монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч, ажиллах ёстой зүйл бий. Зуучлал хийж, төлбөр авч байгаа монголчууд маань Унгарт нутаг нэгтнүүдээ авчрахын тулд сайхан зүйл ярьдаг. Гэтэл бодит амьдрал дээр Унгарт цалин хөлс бага, ажиллах мөн амьдрах нөхцөл, байдал муу байх тохиолдол бий. Солонгос эсвэл Швед шиг өндөр цалин авч, хуримтлал үүсгэнэ гэж төсөөлж ирсэн монголчуудыг огт өөр байдал угтдаг.

Унгарт Монголтой харьцуулахад 2-3 дахин өндөр цалин авах боловч амьдралын өртөг нь үүнийгээ дагаад мөн л 2-3 дахин өндөр байдаг. Тус улсад ажил хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа монголчууд үүнийг анхаарах ёстой.

Унгар улсын Үндэсний нийтийн эрүүл мэндийн Төвийн захирал, хүний ерөнхий эмч др.Мюллер Сэцилиатай хамт

Энд ажиллахаар ирсэн монголчууд доод тал нь оёдол эсвэл барилгын ТМС төгсөөд ирсэн байдаг. Гэвч тэд тус улсын цагийн ажлын хамгийн бага хөлсийг (926 форинт) авах тохиолдол олон байна. Үүнийг нэмэгдүүлж, цагийн 1200 орчим форинтын цалин авахуулах тал дээр зуучлалын хөлс авсан хүмүүс тусалж, дэмжих ёстой ч хүмүүсээ оруулж ирэнгүүтээ хаячихдаг нийтлэг дутагдал бий. Үүнийг анхаарах ёстой болов уу.

Энэ хоёр бүлгээс гадна Унгарт гэр бүлээрээ олон жил амьдарсан 200-300 монгол хүн бий. Унгар улсын иргэншил авсан 100-150 монголчууд мөн амьдарч байна. Түүнээс гадна Унгарын улсын бичиг баримттай боловч Баруун Европ руу гарч ажил хийдэг 200-300 монголчууд байдаг.

– Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан монголчууд хэр олон байна вэ?

– Бид хоёр янзын бүртгэл явуулсан. Коронавирусийн халдвар Унгарт гарч эхлэнгүүт ЭСЯ-нд байгаа албан ёсны бүртгэлээс гадна нөхцөл байдал хүндэрвэл холбогдох ёстой гэдэг үүднээс харласан, албан ёсоор ажиллаж буй бүх монгол хүнийг хамруулсан бүртгэлийг дахин хийсэн.

Хоёрдугаарт, бид гуравдугаар сарын 3-наас эхэлж Монгол явах хүсэлтэй хүмүүсийг өргөдлөө өгөхийг хүссэн. Гэхдээ зөвхөн бичгээр гаргасан буюу ЭСЯ-ны мэйл хаяг руу өргөдлөө явуулсан хүмүүсийг бүртгэсэн. Анхандаа 150 хүн өргөдөл гаргасан ч яваандаа нэмэгдэж эхэлсэн. Явах шалтгааны хувьд янз бүр байлаа. Зөвхөн нэг жишээ дурдахад коронавирусээс айгаад байгаа учир Монгол руугаа явмаар байна гэсэн хүнээс гадна 30 гаруй хуудас өргөдөл бичиж ирүүлсэн хүн ч бий. Бид мэйл ирүүлсэн хүн нэг бүрт дугаар өгсөн.

Түүнээс хойш өргөдөл өгсөн хүмүүсээс нийт 31 хүн Франкфуртын хоёр, Истамбулаас ниссэн нэг тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцжээ. Одоогийн бүртгэлээс үзэхэд эрүүл мэндийн шалтгаантай 13, бага насны хүүхэдтэй 25 хүн, ахмад настай буюу 60-аас дээш настай, хамгийн өндөр настай нь 74-тэй нийт долоон хүн, жирэмсэн гурав, богино хугацааны визтэй таван хүн, төгсөж байгаа болон төгсөөгүй ч санхүүгийн боломжгүй болсон 140 гаруй оюутан, ажилгүй болсон, санхүүгийн боломжгүй болсон 150 орчим хүн байна. Энэ бол дөрөвдүгээр сарын эхээр тогтоогдсон тоонууд гэсэн үг.

Унгар улсад зургадугаар сарын 18-нд онц байдал цуцлагдаж, тавдугаар сарын эхнээс бизнесүүд нээгдэж эхэлсэн. Улмаар ажилгүй болсон хүмүүс эргээд ажилдаа орсон, төгсөгчдийн тоо сүүлийн саруудад нэмэгдсэн, зуны амралтаараа нутаг буцаад эргэж ирэх боломжгүй байж магадгүй гэж үзсэний улмаас Монгол буцахаа больсон зэрэг шалтгаанаар энэ тоо нэлээд өөрчлөгдөх магадлалтай. Гэхдээ ажилдаа орсон, нутаг буцахаа больсон учраас нэрийг маань хасаарай гэдгээ бидэнд хэлэхгүй л бол бид мэдэхгүй учраас жагсаалтыг өөрчлөх боломжгүй юм. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 240 орчим хүн байна. Энэ тоо нэмэгдээд 250, багаслаа гэхэд 230 орчим байх болов уу.

– Байргүй, орлогогүй болсон, эрүүл мэндийн хүнд байдалд байгаа гэх зэргээр өдөр ирэх тусам байдал нь хүндэрч буй олон монголчууд бий. Унгар улсад хүнд байдалд орсон хэр олон хүн байна вэ?
– Тавдугаар сарын эхээр байдал хүндэрнэ гэж үзсэн учраас Элчин сайдын зүгээс Унгарын Засгийн газрын оюутнуудын асуудал хариуцсан хүмүүст удаах хүсэлтийг тавьсан. Юун түрүүнд, манай оюутнуудыг оюутны байрнаас нь битгий гаргаарай. Хоёрдугаарт, хичээл амарсан зуны улиралд стипенд өгдөггүй ч манай оюутнуудад стипендийг нь үргэлжлүүлэн олгоно уу. Гуравдугаарт, төгсөж байгаа оюутнуудыг Монгол явах хүртэл нь оюутны байр, стипендийг нь олгож байна уу гэсэн хүсэлт гаргасан. Унгарын тал миний энэ гурван хүсэлтийг хүлээж авсанд баяртай байгаа. Төгсөж байгаа оюутнуудыг дипломоо авах хүртэл нь байр, стипендийг нь хариуцна гэдгээ Унгарын тал илэрхийлсэн.

Төгсөж байгаа оюутнуудын дунд судалгаа хийхэд 78 оюутны 44 нь нутаг буцна гэдгээ илэрхийлээд байгаа. Тэдний дунд хүнд байдалтай төгсөгч бий. Тухайлбал, хоёрдугаар сард ирж, шалгалтаа өгөөд дөрөвдүгээр сард буцах ёстой байсан докторант хүн энд гацаад, стипендгүй, амаргүй нөхцөлд байгаа. Хоёр оюутантай хамт өрөөнд нь түр амьдарч байна.

Эдгээр 78 оюутан маань ямар нэг орлогогүй болсон. Тус улсад оюутнуудын цагийн ажил хийх нөхцөлийг маш нарийн зохицуулдаг бөгөөд онолын хувьд тэд ажил эрхлэх боломжтой. Гэвч бодит байдал дээр жуулчид ирдэг Будапештийн алдартай газрууд ямар ч орлогогүй байгаа. Одоогоор ажил хийх боломжтой хоёрхон газар бий нь түргэн хоолны газрууд болон Хятад, Вьетнам, Монгол хүмүүсийн барааг зөөх юм уу, лангуун дээр нь зогсож маш бага цалин авах л арга бий. Тийм учраас оюутнуудад ажиллах боломж маш хомс.

Мөн эрүүл мэндийн шалтгаантай олон хүн байна. Хэнгэрэг нь цоорсон, хүчтэй тууралттай, олон цаг сууж ажиллаж ядарснаас бүдүүн гэдэсний асуудалтай зэрэг хүн бий. Нэг жишээ дурдахад арванхоёрдугаар сард ажил хийхээр ирсэн нэг залуугийн өмнө илэрдэг байсан ухаан алддаг өвчин нь сэдэрсэн. Өнөөдөр л гэхэд миний сонссоноор долдугаар сар гарснаас хойш таван удаа ухаан алдаж унасан байна. Энэ хүн маань Истамбулын нислэгт багтаж чадаагүй. Одоогоор нэг монгол айл сайхан сэтгэлийн үүднээс тэр залууг гэртээ байлгаж байна. Жирэмсэн болон ахмад хүмүүсийн тухайд бас хүндрэлтэй л байна.

Унгар улсын Будапешт хотод хөгжмийн сургуульд суралцаж байсан 12 хүүхдийг Франкфурт хот руу гаргаж өглөө.

Элчин сайдын хувьд насанд хүрээгүй хүүхдүүдэд хамгийн их анхаарсан. Хөгжмийн сургуульд сурч буй 18 хүүхдээс 12 нь Монгол явлаа. Үлдсэн зургаан хүүхдийн гурав нь Унгарт, хоёр нь Шведэд, нэг нь ЭСЯ-д байгаа.

Мөн Пушкашийн хөлбөмбөгийн академид суралцахаар ирсэн хоёр хүү бий. Сургууль нь амраад очих газаргүй болсон учраас бид ЭСЯ-ндаа байлгаж буй. Монгол рүү явах дараачийн нислэгт багтаасай гэж найдаж байна.

Хэрэв та орох оронгүй болсон бол ЭСЯ-нд ирээрэй, эндээ байлгая, бүр болохгүй бол хүмүүнлэгийн байгууллагад хандая, туслая гэж бид хэлж байгаа. Гэхдээ монгол хүн бардам, эндэх монголчууд маань бие биедээ тусалдаг учраас ийм байдлаар бидэнд хандсан хүн одоогоор алга.

– Унгарт цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

– Тус улсад зургадугаар сарын 18 хүртэл онц байдал тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон. Их өндөр түвшний арга хэмжээ авсан. Нийт 4500 орчим хүн коронавирусийн халдвар авснаас 500 гаруй хүн нас баржээ. Ихэвчлэн 60 болон түүнээс дээш насны ахмадууд нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлж байна.

Хэдий тус улсын хувьд байдал харьцангуй гайгүй байгаа ч хөрш улсуудад шинэ тохиолдлын тоо нэмэгдсэн учраас долдугаар сарын 15-наас эхэлж, хилийн дэглэмээ чангатгаж эхэлсэн. Монгол Улсыг тус улс улаан ангилалд багтаасан. Өөрөөр хэлбэл, тодорхой хүндэтгэх шалтгаантайгаар, урьдчилсан зөвшөөрөл авч байж Унгарт нэвтрэх ёстой. Мөн ирээд 14 хоногийн карантинд орно. Карантинд орохгүй байх үндэслэл нь Унгарт ирэхээс тав хоногийн өмнө хоёр удаа шинжилгээ нь сөрөг гарсан байх ёстой.

Өчигдөр тус улсын Засгийн газар ирэх сард болох байсан үндэсний баяраа цуцалж байна. Гэхдээ Унгар улс Европын бусад улстай харьцуулахад цар тахлыг амжилттай даван гарч байгаа улсын тоонд орж буй.

– Унгарын Засгийн газар эдийн засаг, бизнес, иргэдээ дэмжих зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
– Тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг ОУВС сайшааж буй. Энэ онд эдийн засаг нь буурахгүй, өсөлтийн түвшингээ хэвээр хадгалж үлдэнэ гэсэн таамаг тэд гаргасан. Би яагаад ОУВС-г онцолж дурдав гэвэл 2010-2011 онд тус байгууллага Унгарын ЗГ-тай зөрчилдөж, үүнээс шалтгаалаад үйл ажиллагааг нь ихээхэн шүүмжилдэг юм. Гэтэл эл байгууллага ийн хүлээн зөвшөөрсөн байр суурь баримталж байгаа нь нэгийг хэлж буй биз ээ.

Тус улс гуравдугаар сарын 12-нд онц байдал зарлаад хэдхэн хоногийн дараа зээлтэй иргэдийн зээл болон зээлийн хүүгийн төлөлтийг он дуустал хойшлуулсан нь хамгийн эхний арга хэмжээ байлаа. Дараа нь татварын хөнгөлөлт үзүүлсэн. Жишээлбэл, үсчин, гоо сайхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрагчид, таксины жолооч зэрэг орлогыг нь тодорхойлох боломжгүй хүмүүсийн сар бүр төлдөг тогтмол татварыг (ойролцоогоор сарын 500 мянга орчим төгрөг) тэглэсэн. Хамгийн сүүлийн жишээ бол 250 тэрбум төгрөгийг зөвхөн ХАА, жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст зориулж олгох болсон шийдвэр юм.

Мөн ажлын цагийг багасгаж, ажилтнуудаа авч үлдсэн бизнесүүдийг ажилтнуудаа халаагүйн төлөө Засгийн газраас цалингийнх нь 50 хувийг төлсөн. Энэ бүхэн эдийн засагт үзүүлэх цохилтыг тодорхой хэмжээгээр багасгасан.

– Оюутнуудаас гадна ажил эрхэлж байгаа монголчууд Унгар улсад олон байдаг юм байна. Тэдгээр хүмүүсийн аж амьдралд цар тахал хэр их нөлөөлсөн бэ?

– Эхэн үед буюу гуравдугаар сард онц байдал тогтоож эхэлсэн цагаас байдал их хэцүүдсэн. Ялангуяа хараар эсвэл гэрээт ажлаа хаяад явсан хүмүүсийн байдал амаргүй болсон. Үнэхээр хүнд үеийг тэр хүмүүс туулж гарсан. Бие биенийхээрээ дамжиж хонох, орон байраасаа гарах, гудамжинд хонох гэх мэт асуудал гарч байлаа. Тийм хүмүүст Унгар дахь монголчуудын холбооныхон, сайн санаат монголчууд ихээхэн тусалж байв.

Харин тавдугаар сараас эхлээд хоёр сар зогссон бизнесүүд алдагдлаа нөхөхийн тулд эрчимтэй ажиллаж эхэлснээр тэр хүмүүс ажилтай болж эхэлсэн.

Ташрамд дурдахад гадаадад байгаа монгол хүн хүнд байдалд орлоо гэхэд ганц хүн гэж ойлгож болохгүй юм. Тэдний ард, ялангуяа ажил хийхээр ирсэн монгол хүний ард гэр бүл нь, эдийн засгийн дарамт, банкны хүү яригдах учраас нэг хүний эсвэл гадаад байгаа монгол болон Монголд байгаа хүмүүсийн асуудал гэж ялгаж үзэж болохгүй.

Энэ бол Монголын эдийн засагт ирж байгаа цохилтууд. Энэ цохилтыг багасгахын тулд гадаадад байгаа монголчуудаа аль болох хурдан татан авч, Монголоос гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг зогсоох нь зүйтэй.

– Ярилцлагын төгсгөлд Унгар дахь монголчууд болон манай сэтгүүлийн уншигчдад хандаж та юу хэлэх вэ?
– Зөвхөн Унгар гэлтгүй гадаадад байгаа монголчууддаа хандаж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар та бүхний төлөө боломжит бүх үйл ажиллагааг хийж байна, хийх үүрэгтэй, цаашид ч хийх болно. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн хүч бололцоо, нөхцөлд тааруулан ажиллацгааж байна. Төрийн албан хаагч бидэнд цар тахлын үеэр гомдоллох, айх, ядрах эрх байхгүй. Бид төрийн тусгай алба хаагчид, тангараг өргөсөн хүмүүс учраас энэ үүргээ биелүүлж, чадал боломжийнхоо хэрээр иргэн та бүхний төлөө ажиллаж байна, ажиллах ч болно.

Гэхдээ цар тахлыг даван туулахын тулд ард түмэн, төр засаг, эрүүл мэндийн байгууллага, гадаад дахь дипломт төлөөлөгчийн газрууд хамтран ажиллах ёстой юм. Энэ үүднээс элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн хамгийн эхэнд хийх ёстой ажил бол сууж байгаа улсынхаа Засгийн газартай байж болох хамгийн сайн харилцааг тогтоон барих юм. Хоёрдугаарт, иргэдтэйгээ аль болох тэгш харилцах нь зүйтэй. Иргэд маань ЭСЯ-даа хандаж, санал хүсэлт, асуудлаа мэдэгдэж байгаарай. Тухайн асуудлыг шийдэх гарц олохын тулд тулган шаардах, дайрах бус хамтран ажиллах, шийдэл хайх аргаар ажиллаасай гэж хүсэж байна.

Mongolian Economy