Завханы хүүхдүүд дэлхийн их сургуулиудад суралцах мөрөөдөлтэй
Урин хаврын сайхан нарлаг өдрүүдэд Завхан аймагт ажиллаад ирлээ. Эх орны үзэсгэлэнт байгалийг үүлэн дээрээс ширтэнхэн онгоцоор нисэв. Онгоцны цонхоор нар яг л дэргэд буй мэт халуунаар төөнөнө. Харин доош харвал цасаар бүрхэгдсэн уулс харагдах аж. Уг нь тавдугаар сар гарсан, хаврын урь орсон үе ч дүн өвлөөр нисч буй мэт сэтгэгдэл төрж байлаа. Төд удалгүй Цаст цагаан Отгонтэнгэр хайрхан мөн л цасан өмсгөлтэйгээр нүднээ туслаа. Нартай, цэлмэг өдөр онгоцны цонхоор ямар үзэсгэлэнтэй, ямар сүрдэм харагдана вэ. Үнэхээр л монголчуудыг ивээлдээ авч явдаг төрийн тахилгат хайрхан юм гэж бодож, сүсэглэн биширч явлаа. Улаанбаатараас МИАТ-ийн Мазаалай нэртэй онгоцоор цаг гаруйхан нисээд л Завхан аймгийн Донойн нисэх онгоцны буудалд газардлаа.
Завханы Даймонд бүсгүйчүүд
Завханы “Diamond woman’s” ТББ-ын бүсгүйчүүд намайг онгоцны буудалд тоссон юм. Нүдэндээ галтай, нүүрэндээ инээмсэглэлтэй, Завхан нутгийн эмэгтэйчүүдтэй ийн уулзаж, танилцлаа. Энэ залуухан бүсгүйчүүдийн урилгаар би Завханд ирээд байгаа билээ. Миний хувьд 20 гаруй жил эдийн засаг, бизнесийн сэдвээр бичиж, эдийн засгийн том хурал чуулганд оролцож иржээ. Харин энэ удаа өсвөр үеийнхний форумд оролцохоор 1000 км-ийн цаанаас нисч ирсэн нь учиртай. Сүүлийн үед хурал форум ихэдлээ гэдэг. Үнэн. Гэхдээ ирээдүй рүү чиглэсэн иймэрхүү арга хэмжээ, форум, хэлэлцүүлэг, сургалт олныг хийх хэрэгтэй санагдлаа. Өсвөрийн үеийнхнийг хөгжүүлэх зорилготой дээрх арга хэмжээг “Diamond woman’s” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа юм. Тус ТББ-ыг үүсгэн байгуулагч гурван эмэгтэйг танилцуулья. Ц.Золзаяа бол Завхан аймгийн “Мөнхөдмандаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Завхан аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч. Э.Төгсжаргал хүний их эмч, анагаах ухааны магистрант, “Торгон арвайн түрүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Н.Ганчимэг НББ магистер, олон улсын оюуны дасгалжуулагч, ярих ур чадварын чиглүүлэгч, хувь хүний хөгжил сэтгэлзүйн зөвлөгч, Бизнес эрхлэгч эмэгтэй захиралуудын Клубын сургалт хариуцсан менежер.
Өсвөрийн үеийнхнийг хөгжүүлэх зорилготой дээрх арга хэмжээг “Diamond woman’s” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа юм.
Донойн онгоцны буудлаас Улиастай руу явах замд тэд ажлынхаа талаар ам уралдан ярьж явлаа. Бидний ярианы сэдэв Завхан аймгийн хүүхэд залуусыг хэрхэн хөгжүүлэхэд чиглэж байлаа. Тэд төр, засаг, энэ тэр хүмүүс ажил хийхгүй байна гэж ярьж, хүлээж суухаар өөрсдөө санаачлаад ирээдүй үе рүү чиглэсэн ажлууд хийхээр шийдсэнээ ярилаа. Хөдөө орон нутгийн хүүхэд залуусыг зөв хүн болж төлөвших, нийгмийн зөв хандлага, харилцааг бий болгох, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь дэмжиж, сургалт семинар хийж, хөгжүүлэхийг тэд зорьж байна. Залуус өөрсдөө санаачилж, баялаг бүтээж нэгдэж, нийлж хамтран ажиллах нь маш чухал. Ямар ч улс орны хөгжилд залуусын нийгмийн идэвх, оролцоо, санаачилга чухал байр суурь эзэлдэг. Залуус санаачилж, уриалж, оролцож, манлайлж байж улс орон хөгждөг. Тиймээс маш цаг үеэ олсон санал санаачилга гэж үзэж, тэднийг дэмжихээр ирээд байгаа минь энэ юм. Завхан аймаг хөгжлийн үзүүлэлтүүдээр 21 аймаг дундаа нэлээд доогуур байрт жагсдаг. Харин одоо залуусаа, эмэгтэйчүүдээ дэмжиж, залуус, эмэгтэйчүүд нь ч нийгмийн идэвхтэй, оролцоотой, бие биеэ дэмжиж, хамтран ажиллах цаг иржээ гэж харж байна.
“Ирээдүйд бэлдэцгээе” өсвөрийн форум Завхан аймагт боллоо
“Ирээдүйд бэлдэцгээе” өсвөрийн форум-2024 Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт энэ сарын 4-нд болсон юм. Тус аймгийн дунд сургуулиудын 7-12-р ангийн 300 гаруй сурагчид форумд оролцлоо. Бидний мэддэг бүтэн өдрийн биш, хоёрхон цагийн мөртлөө агуулга сайтай, зөв мэссэж өгсөн арга хэмжээ болов. Форумыг нээж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн “Манай аймгийн залуу эмэгтэйчүүд өсвөр насныханд зориулсан арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна. Энд хүрэлцэн ирсэн хүүхдүүд та бүхэн өөрийнхөө ирээдүйн төлөө ирсэнд мөн баяртай байна. Хүүхдүүд та бүхэн мэргэжилтнүүдийн лекцээс ихийг мэдэж авахыг хүсье” гэв.
Өсвөр насны хүүхдүүд эрүүл мэндээ хэрхэн авч явах, гэр бүлийн хүмүүжил, харилцааны асуудал, өөрийгөө хэрхэн таньж, айдсаа хэрхэн даван туулж сурах зэрэг сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд лекц уншлаа. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, өсвөр үеийн их эмч М.Алтансарнай “Өсвөр үеийн эрүүл мэндийн боловсрол”, Хил хязгааргүй ТББ-ын тэргүүн Г.Дэлгэрнавч “Гэр бүлийн харилцаа, ёс зүй”, Олон улсын ярианы дасгалжуулагч, хувь хүний хөгжлийн институтын сургагч багш Н.Ганчимэг “Ярианы айдсаа даван туулж бусдаас ялгар” сэдвийн хүрээнд лекц уншсан юм.
Нийслэлээс алслагдмал баруун аймгийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл том байна. Тэд дэлхийн том сургуулиудын нэрийг хэлж, мөрөөдөлдөө багтааж байна
“Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч, сэтгүүлч миний хувьд “Монгол Улсын боломж шинэ 30 жилд ба Сингапурын амжилтын тавин нууцаас хуваалцах нь” сэдвээр лекц уншив. Ирэх 30 жилд улс орноо, аймаг орон нутгаа хөгжүүлэх гол боловсон хүчнүүд бол та бүхэн шүү гээд үүний тулд сайн сурч, ихийг уншиж, мэдэж, сайн хөдөлмөрлөх ёстой гэсэн мэссэж сурагчдад өгөв. Мөн дотоодоос гадна гадаадын их дээд сургуульд тэнцэхэд ямар шалгуур үзүүлэлтүүд голлодог, ямар ур чадвар мэдлэг шаардлагатай талаар зөвлөж ярилаа. Өөрсдөө хүсч, хичээж чадвал дэлхийн том их сургуулиудад сурч чадна хэмээн урам зориг, хүч, өөртөө итгэх итгэлийг нь дээшлүүлэхийг хичээлээ. “Сингапурын амжилтын тавин нууц” номынхоо талаар товч ярьж, хүүхдүүдийн оюун ухаанд нэг ийм ном байдаг юм байна гэсэн бодлыг бий болгов. Тэд оюутан болж, улмаар ажил амьдрал дээр гарч улс орноо, нутаг усаа хөгжүүлэх насан дээр ирэхээрээ энэхүү номыг лавтайяа санаж уншихыг хүснэ гэдэгт итгэж байна. Учир нь дэлхийд хөгжлийн гарын авлага, сурах бичиг гэгдэж буй ном билээ.
Нийслэлээс алслагдмал баруун аймгийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл том байна. Тэд дэлхийн том сургуулиудын нэрийг хэлж, мөрөөдөлдөө багтааж байна. Тэд Хятадын Цинхуа их сургуульд сурах хүсэлтэйгээ ярьж байна. Цинхуа бол дэлхийн ТОП 50 их сургуулиудын нэг шүү дээ. Тэд Завхан аймгаас төрсөн гуравдагч Ерөнхийлөгч болох мөрөөдөл тээж байна. Харин одоо гадаад хэл сурах орчныг нь бүрдүүлж, дэмжээд өгөх шаардлагатай байгаа нь харагдлаа. Гадаад хэл сурах хүсэл их байдаг ч орчин хангалттай биш талаар хүүхдүүд ярьсан. Танхим дүүрэн хүүхдүүдээс англи хэлтэй, өөрийгөө англи хэл сайн сурч байгаа гэж бодож буй хүүхдүүд гараа өргөхийг хүсэхэд нэг л хүүхэд гараа өргөв. Тэр хүүхэд гарч ирээд өөрийгөө танилцуулахдаа эгч нь зааж өгч байгаа гэсэн юм. Завхан аймаг англи хэлний сургалтаар 21 аймаг дундаа хамгийн сүүлд орж буй тухай мэдээлэл сонсов. Аймгийн Засаг даргын Тамгын газраас англи хэлний тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй тухайгаа аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн хэллээ.
Завханыг оюунлаг аймаг гэдэг. Тэгвэл оюунлаг гэгддэг аймгийнхан хүүхэд залуусаа дэмжиж, урам зоригийг нь бадрааж, итгэл найдварын галыг нь асаагаад өгвөл хүүхэд залуус хөгжиж дэвжиж, Цинхуа улмаар дэлхийн том сургуулиудад тэнцэж, сурахаар явж чадна гэдэгт итгэлтэй байна.
Өсвөрийн форумын үеэр лекцүүдийг хэрхэн ойлгосон талаар яриулж, хүүхдүүдэд мөнгөн шагнал өгсөн нь арга хэмжээг сонирхолтой болгов. Эцэст нь “Diamond women’s” ТББ-ын үүсгэн байгуулагчид “Нарны Хаан хүүхдүүд” дууг хүүхдүүдийн хамт дуулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөсөн юм. Завхан аймгийн эмэгтэйчүүдийн санаалчилсан ирээдүй үеийг бэлдэх энэхүү ажлыг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр дэмжиж ажилласанд хүүхдүүд болон ТББ-ын удирдлагууд талархаж байсныг хэлэх хэрэгтэй.
Д.Бэхбаяр