Зарлага, алдагдалтай 2026 оны төсөв батлагдав
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар (2025.11.12) Монгол Улсын 2026 оны төсвийг баталлаа. Хуулийн төслийг эцэслэн батлах талаар санал хураалт явуулахад гишүүдийн 75.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав. Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд батлагдлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг ирэх жилийн төсвийн хувьд таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог болж буйг дурдаад, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэн” гэдгийг онцоллоо. Манай улс төсвийн орлогынхоо 90 хүртэлх хувийг татвараар бүрдүүлж буй нь аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарахаар байгааг анхааруулаад, татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ яаравчлан Улсын Их Хуралд оруулж, ажил хэрэгч хандахыг гишүүдэд зөвлөлөө. Төсөв бол төр оршин тогтнож буй гэдгийг тунхагладаг бодлогын чухал баримт бичиг учир гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улс төржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичгийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах нь миний үүрэг гэдгийг ухамсарлаж ажилласнаа тэрбээр дурдаж, эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл чухал бөгөөд итгэл үгүй бол бодлогын үр нөлөө суларч эдийн засгийн хямрал гүнзгийрдэг гэдгийг ухамсарлаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.
2026 оны төсөвт
- Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
- 11 дүгээр сарын 1-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
- Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.
- Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
- Зам тээврийн салбарын төслүүд,
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулсан байна.
Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -1.0 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.