Зоригтой урагшилъя
Дэлхийн тойрог замаас эхлээд Бархасбадийн сарнууд хүртэлх сансрын аяллууд
Одон орон судлаачдын хамгийн сонирхол татсан асуулт нь өөр гарагт амьдрал байж болох эсэх юм. Үүнийг шалгах хамгийн боломжтой газрын нэг нь нарны системийн хамгийн том гаргийн мөсөн сарнууд юм. 2023 оны дөрөвдүгээр сард Европын сансрын агентлагийн (ESA) Jupiter Icy Moons Explorer (JUICE) хөлөг Францын Гвианагаас хөөрч Бархасбадь руу найман жил аялна. 2031 онд тус гарагт хүрээд уг хөлөг нь хийн гаргийн хамгийн том гурван сар Ганимед, Каллисто, Европаг судална. Гурван сар зузаан мөсөн давхаргаар хучигдсан агаад доор нь их хэмжээний ус бий гэж таамагладаг. Эдгээр сарны зургийг JUICE авахаас гадна гадаргуу доорх тэнгисүүдийн янз бүрийн давхаргын бүтцийг тодорхойлно.
2023 оны зун NASA агентлаг Psyche хөлгөө хөөргөж, нарны системийн эхэн үеийн прото гаргийн үлдэгдэл гэж үздэг төмрөөр баян 16 Psyche астеройдыг судална. Эл астеройдын бүтэц, массын тархац, оронзон талбай зэргийг судалснаар нарны системийн чулуун гаргууд хэрхэн үүссэн талаар ихийг мэдэж авна гэж найдаж байна. Falcon Heavy пуужингаар Psyche-тай хамт хөөргөх Janus хөлөг нь хараахан сонгоогүй байгаа өөр хоёр астеройдыг судална.
NASA-ийн OSIRIS-REX капсул 2020 онд Bennu астеройдоос дээж цуглуулсан аяллаасаа буцаж ирнэ. Тус капсул 2023 оны есдүгээр сард Юта муж дахь Америкийн агаарын цэргийн баазад газардана. OSIRISREX 2029 онд аяллаа үргэлжлүүлж дэлхийтэй ойр орших Apophis астеройдыг судална.
Энэтхэг харин сарыг судлах Chandrayaan 3 хөлгийг 2023 оны эхээр хөөргөнө. Эл хөлөг 2019 онд хөөрч чадаагүй Chandrayaan 2-ийг залгамжлан саран дээр газардах ёстой юм.
Хувийн сансрын нислэгүүд цар хүрээгээ сансарт тэлнэ. Сансрын аварга том Starship хөлгийн зорчигчтой хувилбараар Японы тэрбумтан Юсакү Маэзаваг хөөргөж, сарыг тойрон аялуулахаар SpaceX төлөвлөсөн. “dearMoon” нэртэй уг аяллаар Маэзаватай хамт найман зорчигч аялах юм.
ESA 2023 онд Space Rider шинэ сансрын хөлгийг туршина. Уг хөлөг нь дахин ашиглах боломжтой, нисгэгчгүй робот лаборатори бөгөөд хэдэн сарын турш дэлхийн нам тойрог замд судалгаа хийх, микро татах хүчний орчинд технологи турших хүсэлтэй компаниудад байнгын, зардал багатай байдлаар сансарт гарах боломжийг олгоно.
Европын Arianaspace компани 2023 онд шинэ Ariane 6 пуужинг туршина. Уг загвар нь ESA-ийн одоогийн Ariane 5 пуужинг залгамжлах ёстой. Нислэг тус бүрийн зардлыг 50 хувиар бууруулснаар SpaceX-ийн Falcon 9 пуужинтай өрсөлдөхүйц болно гэж тус байгууллага найдаж байна.
АЛОК ЖХА Шинжлэх ухааны сурвалжлагч, The Economist
Дэлхий 2023 дугаараас