Зэсээр тэтгэгдсэн экспорт

Т.Амаржаргал
2026-03-12 11:02:03
Ангилал: Уул уурхай

2026 оны эхний хоёр сард гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарав. Тэр дундаа экспортын орлого 3.0 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн нь анхаарал татах өсөлтийн нэг байв. Нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх экспортын орлогын тэлэлтэд нэгдүгээр сарын өсөлт ихээхэн жин дарж буй. 

Тодруулбал, нэгдүгээр сард Монгол Улсын экспортын орлого 1.7 тэрбум ам.долларыг давсан нь жил жилийн нэгдүгээр сарууд дундаа тэргүүлэх үзүүлэлт болсон юм. 2026 он ийнхүү олз омог дүүрэн эхлэхэд эрдэс баялгийн экспортын биет хэмжээ, үнэ ханш өссөн нь голлон нөлөөлжээ. 

Эхний хоёр сарын экспортын орлогыг бүтцээр нь авч үзвэл, 80 хувь нь зөвхөн зэс, нүүрсний салбарын орлогоос бүрдэж байна. 

Монгол Улсын эдийн засгийн саалийн ганц үнээ бол уул уурхайн салбар. Энэ талбарт нүүрсний салбар 10-аад жилийн турш ноёлж, экспортын орлогын 40-60 хувийг дангаар бүрдүүлдэг байсан. Гэвч өдгөө нүүрсний салбар зэсийн салбарт халаагаа шилжүүлж, аман хүзүүдэж эхэлсэн нь анхаарал татаж байна. 

Монголчуудын гол орлогыг бүрдүүлдэг зэс, нүүрсий экспортын биет хэмжээг сүүлийн дөрвөн жилийн оны эхний хоёр сараар харьцуулбал, аль аль нь хэмжээний хувьд хоёр дахин өссөн. Ялангуяа энэ оны эхний хоёр сарын өсөлт бүр ч цойлж байна. 

2026 оны эхний хоёр сард 419.9 мянган тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс бараг 50 хувиар өссөн үзүүлэлт. Харин 16.5 сая тонн нүүрс хилийн дээс давуулсан нь 2025 оны эхний хоёр сарынхаас 43 хувиар нэмэгдсэн хэмжээ юм. Ерөнхийдөө нүүрс, зэсийн экспорт биет хэмжээний хувьд эн тэнцүү хувийн өсөлттэй байгаа ч ханшаас хамааран “тэгшитгэлийн хариу” арай өөр гарч байна.  

Нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн ч цар тахлын дараах ханшийн огцом уналтаас шалтгаалан орлого нь танагдсаар байна. Харин зэсийн тухайд, салбарын ирээдүй илүү гэрэлтэй харагдаж байна. 

Дэлхийн зах зээлд зэс ханшийн рекордоо шинэчлэн тасралтгүй өсөж байгаатай холбоотойгоор зэсийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамдаа 3,421 ам.долларт хүрээд байна. 

Мөн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн нь зэсийн орлого нэмэгдэх гол нөхцөлийг бүрүүлжээ. Алтны салбарт ч мөн ханшийн өсөлт нүд гялбуулж байна. Дэлхийн зах зээл дэх алтны дундаж үнэ 2025 оны IV улиралд 4145 ам.долларт хүрсэн. Энэ нь эхний улирлаас даруй 44.8 хувиар өссөн үзүүлэлт байсан. Алтны үнэ ийн өссөн нь их гүрнүүдийн дундах уур амьсгал, худалдааны хориг, гаалийн тариф, геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалсан гэж болно. Ам.долларын эрсдэл, геополитикийн хурцадмал байдал алтаар баталгаажсан ETF сан, төв банкуудын алтны эрэлтийг цаашид ч өсгөнө гэж шинжээчид сануулсаар байгаа.

Ийм нөхцөлд 4640 ам.доллароор хэмжигдэж буй унц алтны хилийн дундаж үнэ зах зээлийн уур амьсгалыг дагаад өсөх нь дамжиггүй. Энэ хэрээр экспортын орлогын хэтэвч ч зузаарах болно. 

Гэвч энэ сайн мэдээний хажуугаар эмзэг сэдвээ бид үргэлж санаж явах учиртай. Эрдэс баялгийн салбар дахь өсөлт валютын нөөцийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг эерэг чигт хандуулж байгаа ч Монголын эдийн засгийн бүтцийн сул талыг улам тодруулсаар байна. Экспортын орлогын 90 хувь нь уул уурхайгаас бүрдэж, мөн 90 хувь нь зөвхөн Хятадыг чиглэж байгаа цагт энэ өсөлтийг “өсөлт” хэмээн баярлахад хэтэрхий өрөөсгөл. Цаг зуурын өсөлтийн цикль ч байж магадгүй. Тиймээс манай улс экспорт өсөхтэй зэрэгцэн богино хугацааны орлогоос гадна урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдал, оновчтой бодлого, үйлдвэржилт, баялгийн менежмент, эдийн засгийн солонгорол, хэлснээ хэрэгжүүлдэг чанарт анхаарах шаардлагатай хэвээр байна. Үүн дээр л Монгол Улс жинхэнэ “өсөлт” үзүүлэх хэрэгтэй билээ.

Т.Амаржаргал