Ханс-Вернер Зинн: Зээлээ багасга, өөрсдийн хүчээр улсаа хөгжүүл

Mongolian Economy
2026-05-26 11:00:06

Германы Олон улсын хөгжлийн агентлаг (GIZ)-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” (IMRI) хөтөлбөрөөс зохион байгуулсан “UB Impulse-2013” арга хэмжээний үеэр Мюнхений их сургуулийн профессор Германы “Ifo” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ханс-Вернер Зиннтэй ярилцлаа. 

Та Монголд анх удаа ирсэн үү, сэтгэгдэл ямар байна? 

Тийм ээ. Би Монголд анх удаа ирж байна. Монголчуудын эрч хүч, уужуу занг хараад сэтгэл ихэд хөдөлж байна. Гайхалтай орон юм. 

Та Европын эдийн засгийн өнөөгийн хямралын талаар юу гэж бодож байна вэ? 

Европын хямрал хоёр талтай. Нэг нь санхүүгийн хямрал, нөгөө нь бодитоор нүүрлэсэн хямрал. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар бонд гаргаж, Европын Төвбанк амлалт өгснөөр санхүүгийн хямрал намжих тийшээ хандсан. Харин бодитоор нүүрлээд буй хямралын асуудлыг шийдвэрлэхэд амаргүй. Өмнөд Европын орнууд өрсөлдөх чадвараа алдсан бөгөөд ажилгүйдэл, ялангуяа залуусын дунд маш их газар авсан.

Хөгжиж буй орнуудын эдийн засагт тулгараад буй сорилт хэр удаан үргэлжилнэ гэж Та бодож байна вэ? 

БНХАУ, ОХУ болон Бразил зэрэг орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаагаас дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн мөчлөг буурах болсон. Дээрх орнуудын эдийн засгийн өсөлтийн удаашрал удаан үргэлжлэхгүй гэж бодож байна. Монголын хувьд гол зах зээл болох БНХАУ-ын уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний худалдан авалт буурсан нь сайны шинж биш гэдэг нь ойлгомжтой. Тус улсын хэрэгцээ дахин сэргэнэ гэж бодож байна. 

11 хувийн өсөлттэй байгаа Монголын эдийн засгийн өсөлтийн талаар таны бодол юу вэ?

 Энэ бол тун сайн өсөлт. Гэхдээ БНХАУ-ын өсөлтийг дагадаг. Эдийн засгийн нөхцөлөөр аваад үзвэл Монгол Улсын нийт экспортын 90 хувь нь урд хөршөөсөө хамааралтай. Энэхүү үйл явц хүндхэн байгаа боловч илүү сайн зохион байгуулах боломжтой. Нэг талаас хувийн хэвшлийнхний өсөлт ширүүн байгаа, нөгөө талаас Засгийн газрын зохицуулалт, төрийн дэд бүтэц учир дутагдалтай байгаа нь хоорондын харьцааг тодорхой хэмжээгээр алдагдуулсан гэж бодож байна. Монгол Улсын импорт хэтэрхий их байна. 

Бусад орноос бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний дотогш чиглэсэн урсгалаас хэтэрхий хамааралтай гэж болно.

Гадаад худалдааны алдагдал ДНБ-ий 30 хувьтай тэнцэж, хэвийн байдлаа алдсан. Энэ алдагдлыг зайлшгүй зогсоох ёстой юм. Зарж борлуулах бэлээхэн байгалийн нөөцтэй байж Засгийн газрын бонд гаргах ямар ч шаардлагагүй юм. Хөрөнгө болон бараа, бүтээгдэхүүний импортыг дэмжсэн Чингис бондыг гаргах нь аюултай. Учир нь ам.доллараар зээл авч буй хэрэг бөгөөд үүний дүнд дотоодын мөнгөн тэмдэгт инфляцид өртөж, үнэгүйдэхэд хүрдэг. Өрөө төлөхөд маш их хэмжээний хүндрэлтэй тулгарах болно. 

Энэ нөхцөл байдлаас гарах ямар нэг шийдлийг Та олж харж байна уу. Засгийн газар юу хийж чадах вэ? 

Зардлаа хэмнэх шаардлагатай. Олж буй орлогоосоо хэтэрсэн зардалтай байж болохгүй. Засгийн газрын зүгээс Монголбанкны бодлогод хөндлөнгөөс оролцох ёсгүй. Төвбанк бодлогын хүүгийн ханшаа өсгөж, харин Засгийн газар Чингис бондоос хүүгийн татаас үзүүлдэг. Энэ хоёр хоорондоо харшиж байна. Эдийн засгийн өсөлтийн үйл явц удаашрах нь зүйн хэрэг. Учир нь эдийн засаг хиймлээр өсч, хэт халсан байгаа. Энэ бол хөөс юм. 

Тэгвэл энэ хөөсийг хэрхэн арилгах вэ? 

Хэт их зардал гаргахгүй байх, ард иргэдэд бэлэн мөнгө тараахаа болих. Үүний оронд Тэтгэврийн сан байгуулах нь ирээдүйдээ зориулсан ямар нэг барьцтай зүйл хийж буй хэрэг. 

Эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотойгоор таны зүгээс манай сэтгүүлийн уншигчдад санал болгох зүйл юу байна вэ? 

Хүмүүс мөнгөө хадгалах ёстой. Зардал хэтэрхий өндөр байгаа нь ойлгомжтой. Европт хөөс нэг л өдөр хагарсныг бид харсан шиг энд тийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Бүү зээл, харин хадгал. Хадгална гэхээр банкинд мөнгөө хийгээд хав дараад байх албагүй. Харин ч компаниудын хувьцааг худалдаж авч болох юм. 

Аливаа оронд эдийн засагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

Эдийн засагчид харилцан адилгүй төлөв байдал дахь макро эдийн засгийн харилцан үйлчлэл болон нөлөөллийг авч үздэг. Хувийн хэвшлийг бүрдүүлдэг эдийн засгийн дүрэм, журам тогтоож, бүтцийг бий болгох үүргийг тэд гүйцэтгэдэг.

Энэ нь замын бөглөрөл үүсэхээс сэргийлэхийн тулд замын цагдаа ажилладагтай яг адил.

Хувийн хэвшлүүд бол автомашины жолооч нар. Харин эдийн засагчдыг замын цагдаатай зүйрлэж болно. 

Таны эрдмийн ажлын сэдэв “Тодорхойгүй нөхцөлд гаргах эдийн засгийн шийдвэр” гэсэн байсан. Өнөөдөр бид үүнээс юу суралцаж, хэрэглэж болох вэ? 

Миний эрдмийн ажлын гол сэдвүүдийн нэг нь бага хөрөнгөтэй, хязгаарлагдмал хариуцлагатай үед хэтэрсэн эрсдэл үүрэх тухай. Монголын зарим банкууд дампуурч Засгийн газраас нь үзүүлсэн тусламжийн талаар тухайн үед би сонсож байсан. Энэ бол зайлсхийх ёстой асуудал мөнөөс мөн бөгөөд банкууд өдгөө эзэмшиж буй олон төрлийн хөрөнгөө эргэлтэд оруулан ашиглахаас өөр аргагүй байдалд оруулж буй. Хэрэв ингэхгүй юм бол банкууд татвар төлөгчдийг барьцаалан мөрийцөж буй хэрэг. 

Таны чухам ямар ажил Германы Засгийн газрыг улс төрийн реформ хийхэд хүргэж, нөлөөлсөн бэ? 

Нийгмийн тусламжийг идэвхжүүлэх зорилгоор хийсэн ажил маань “Agenda 2010” сэдэвт Шредерийн реформд нөлөө үзүүлсэн. Энэ нь амьжиргааны түвшинг бууруулалгүйгээр ажлын байр шинээр бий болгохын тулд мэргэжил, ур чадвар тааруухан хүмүүсийг тохирсон цалинтай ажилтай болгох зорилготой байв. Үүний тулд ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулж, ажилтай холбоотой татаас төлөх хэрэгтэй болсон. 

Энэ бодлого ажлын байрыг ихээр бий болгож, ялангуяа ур чадвар тааруухан хүмүүсийг ажлаар хангаж чадсан. Ажилтай болсноор тэд дунд зэргийн орлоготой болохын зэрэгцээ Засгийн газраас татаас өгч байв. Энэ нь ур чадвар муутай ажилтнууд болон нийгмийн бусад давхаргад илүү сайн зүйл болсон юм. Ажилгүй байсных нь төлөө хүмүүст мөнгө өгч, нийгмийн халамж үзүүлэх нь ямар ч утгагүй зүйл. 

Нэрт эдийн засагч Ханс-Вернер Зинн

Герман улс Европын холбооны улсуудыг эдийн засгийн сорилттой тулгарч байх үед дэмжлэг үзүүлсээр ирсэн. Өнөөгийн байдлаас гарахын тулд урт хугацаа шаардлагатай юу? 

Урт хугацааны үйл явц шаардагдана. Учир нь хэтэрхий өндөр болсон үнэ нэг л өдөр буурдаг. Улс, орнуудын хооронд худалддаг бараа, бүтээгдэхүүний үнийг дахин тохируулах шаардлага бидний өмнө тулгаараад буй. Энэ бол маш хүнд, хэцүү үйл явц юм. Энэ нь хойд Европын орнуудад инфляци үүсгэж, өмнөд Европын орнуудад дефляци үүсгэж ч болно. 

Гэхдээ хойд европынхон өөрсдийн хадгаламжийг алдахаас айж байгаа учраас инфляцийг хүсэхгүй нь тодорхой. Харин өмнөд европынхны хувьд дефляцийг мөн хүсэхгүй бөгөөд учир нь өөрсдийн өрийг эргүүлэн төлөх боломжгүй болох эрсдэлтэй. 

“Ifo” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн талаар танилцуулахгүй юу? 

“Ifo” хүрээлэн нь Германы төрийн санхүүжилттэй таван хүрээлэнгийн нэг. Эдийн засгийн чухал ач холбогдолтой судалгаа явуулдаг. Бид сар болгон 7000 компаниас тэдгээрийн бизнесийн нөхцөл байдал болон туршлагын талаар мэдээлэл авдаг. Бид дэлхий дахинд олон судлаачтай хамтран ажилладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 1000 гаруй эдийн засгийн профессорыг хамруулсан судалгааны сүлжээтэй. 

Таны бодлоор Монгол Улсад улс төрийн ямар реформ хэрэгтэй вэ? 

Миний бодлоор боловсролын хосолсон тогтолцоо хэрэгтэй юм шиг санагддаг. Монголд 100 гаруй их, дээд сургууль байгаа нь 2.9 сая хүний хувьд дэндүү ахадсан тоо. Хоёроос гурван их сургууль байхад хангалттай. Ийм олон сургуулийн оронд техник, мэргэжлийн сургуулиуд хэрэгтэй. Ажил, мэргэжил болгон өөрийн гэсэн “know-how” болон нарийвчилсан мэдлэгийг шаарддаг.

Компаниудтай хамтран боловсролын хосолсон тогтолцоог бүрдүүлэх боломжтой юм. Хууль тогтоомж, эмх замбараатай тогтолцоог мөн бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ бол зайлшгүй чухал асуудал. Аливаа хотыг төлөвлөлт, тухайн бүсэд зориулсан хатуу чанд дүрэм, журамгүйгээр барьж байгуулах боломжгүй. 

Жишээ болгох үүднээс хууль бусаар баригдсан ганц, хоёр байшинг Засгийн газар нураах ёстой. Үүний дараа хүмүүс дүрэм, журмыг дагаж мөрдөх болно. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд дэд бүтцийг яаралтай сайжруулах хэрэгтэй. Төрийн зүгээс хувийн хэрэглээтэй холбоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэтэрхий бага байна. 

Улаанбаатар хотын хүн болгон л гар утастай, бараг айл өрх бүр хавтгай дэлгэцтэй зурагттай байх. Электрон бараа, төхөөрөмж хэрэглэхэд үнэхээр сайхан байдаг. Японоос автомашин худалдан авахаа багасгаж, улмаар гудамж, автомашины зогсоол болон байшин, барилгуудын дундах цэцэрлэгт хүрээлэн, амралт, зугаалгын талбай зэрэг олон нийтийн газрууд олноор байгуулахыг миний зүгээс санал болгомоор байна. Мөн эмнэлэг шинээр байгуулах хэрэгтэй. Миний бодлоор амьд дэд бүтэц энд дутагдаж байна. 

Mongolian Economy сэтгүүлийн “Зээлээ багасга, өөрсдийн хүчээр улсаа хөгжүүл” дугаараас

2013.10.10

Mongolian Economy