Зөвшөөрлийн “ширэнгэн ой”-гоос чөлөөлөгдье

B Shurenchimeg
2026-04-01 14:16:06
Ангилал: Хууль, эрх зүй

Монголд бизнес эхлүүлэхэд тулгардаг хамгийн том эрсдэл нь зах зээлийн өрсөлдөөн бус, төрийн босго гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ босгыг намсгах зорилготой Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. Энэ нь бизнес эрхлэхэд хамгийн их саад болж ирсэн зөвшөөрөл нэртэй хүнд суртлыг эмчлэх ээлжит оролдлого юм. 

Манай улс 2022 онд Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилж, 1000 гаруй зөвшөөрлийг 381 болгон бууруулж, цэгцэлсэн. Гэвч тэр цагаас хойш хуулиар зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эхлүүлэхэд зайлшгүй шаарддаг 600 гаруй төрлийн баримт бичиг системээс гадуур үүсээд байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн тоог бууруулсан ч түүний агуулга өөр хэлбэрээр үргэлжилсээр байна. 

Тухайлбал, зөвшөөрөл гэсэн нэргүй ч зайлшгүй шаарддаг 264 бүртгэл, 232 дүгнэлт, 132 гэрчилгээ, 30 магадлан итгэмжлэл 30, есөн сертификатийг бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамааран заавал авах ёстой. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс дахин нэхэж авдаг, цахим систем нэвтэрсэн ч эцэстээ шийдвэр гаргалт цаасан хэлбэрт шилждэг зэрэг системийн доголдол үргэлжилсээр байгаа. Нөгөө талдаа,  энэ нь төрийн хүнд суртлын сонгодог жишээ гэж хэлж болно.

Тиймээс энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр зэхэж байгаа хуулийн төслийн гол зорилго нь зөвшөөрлийн тоог цөөлөхөөс илүүтэй логикийг өөрчлөхөд чиглэж байна.

Төсөлд эрсдэл багатай үйл ажиллагааг урьдчилсан зөвшөөрлөөс чөлөөлж, “мэдэгдэл”-ийн зарчимд шилжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч зөвшөөрөл авахгүйгээр, үйл ажиллагаа эхлүүлсэн гэдгээ холбогдох байгуулагад мэдэгдэхэд л хангалттай. Үүний тулд бизнесийн үйл ажиллагааг эрсдэлээр нь ангилж, төрийн оролцоог илүү ухаалаг болгоно.

Энэ хүрээнд хүнсний дэлгүүр, ресторан, кофе шоп, үсчин, гоо сайхны үйлчилгээ, фитнес төв зэрэг 30 гаруй төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй, зөвхөн мэдэгдэл хүргүүлээд эрхлэх боломж бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөн орон нутгийн түвшинд зөвшөөрөл шиг бичиг шаарддаг байсан жижиг үйлчилгээний олон төрлийг шууд эрхлэх боломжтой болгох аж. 

Нөгөө талд, зөвшөөрөл олголтын хугацаа, шат дамжлагыг бууруулах зохицуулалтууд мөн оржээ. Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагаанд 3-4 жил зарцуулж, олон зөвшөөрөл авдаг тогтолцоог нэг зөвшөөрөлд нэгтгэж, хуульд заасан богино хугацаанд шийдвэрлэхээр тусгасан.  Эрх бүхий байгууллага хугацаандаа хариу өгөөгүй тохиолдолд 30 хоногийн дараа автоматаар зөвшөөрөл олгосонд тооцох механизм оруулсан нь төрийн “чимээгүй саатуулах” практикийг хязгаарлах оролдлого болно.

Зөвшөөрлийн хугацааг уртасгах, зарим тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлд шилжүүлэх, тодорхой төрлийн зөвшөөрлийг бүрмөсөн хүчингүй болгох зэрэг өөрчлөлт нь бизнесийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн хугацааг таваас 10 жил, энгийн зөвшөөрлийг гурваас таван жил болгох санал орсон.

Бизнес эрхлэгч зөвшөөрөл авахаас илүү сунгуулахад ядардаг өнөөгийн тогтолцоонд энэ бол том өөрчлөлт юм. 

Түүнчлэн хуулийн төсөлд орсон бас нэг анхаарал татаж буй заалт нь зөвшөөрөл олгох тодорхой чиг үүргийг МҮХАҮТ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх тухай юм. Энэ санал нь төрийн ачааллыг бууруулах давуу талтай ч, шинэ төрлийн “хаалт” үүсгэх эрсдэл дагуулах магадлалтай. 

Мөн зөвшөөрлийн оронд “мэдэгдэл”, “бүртгэл”, “дүгнэлт” гэх нэршилтэй ижил утгатай зохицуулалт үргэлжилбэл реформын үр нөлөө хязгаарлагдана. Харин шалгуур нь тодорхой, процесс нь цахим, шийдвэр нь ил тод болж чадвал бизнесийн орчинд бодит өөрчлөлт гарна гэдгийг төслийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байсан. 

Тиймээс энэ удаагийн өөрчлөлт жинхэнэ утгаараа хэрэгжиж чадвал зөвшөөрлийн тоо цөөрөхөөс гадна зах зээлд нэвтрэх өртөг буурч, жижиг бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй, орлого ч тогтмол болно. Харин зөвшөөрлийн тоо цөөрсөн ч өөр нэртэй саад босвол “чөлөөлнө” гэсэн уриа дахиад л тамгатай хавтасны завсар гацах эрсдэлтэй. 

 

B Shurenchimeg