Зөрчилдөөнт хувилбарууд

B Shurenchimeg
2023-03-29 11:49:48
Ангилал: Дэлхий 2024

Украины дайны гурван хувилбар

Украин найман сарын дараа тусгаар улс хэвээр байна, Украины арми 80 мянган Орос цэргийг устгаж, шархдуулна, Хар тэнгис дэх Оросын флотын манлай хөлөг онгоц далайн ёроолд хэвтэнэ, Украины байлдааны онгоцууд ниссээр байна гэж найман сарын өмнө хэлсэн бол тагнуулын туршлагатай шинжээчдийн инээд хүрэх байсан. Украин хүлээлтийг давж, дайнд давуу байдалтай болов. Гэвч өвөл ойртож, оросууд хүчээ хуримтлуулж байна. Ирж буй жилийн гурван хувилбарыг авч үзье.

Эхний хувилбараар бол оросууд ялагдлын ирмэгээс ялалтыг өөрийн болгоно. Оросын арми өвлийн саруудад байдлыг тогтворжуулна. Европоос Украинд үзүүлэх зэвсгийн хангамж шавхагдаж, Америкт Бүгд найрамдах нам Украинд нийлүүлэх тусламжийн шинэ багцад хориг тавина. Оросын батлан хамгаалах салбарт хагас дамжуулагч, тусгай тоног хэрэгсэл дутагдах боловч шинэ цэргүүдийг хангах хэмжээний зэвсэглэл, их буу үйлдвэрлэнэ.

Хавар Орос довтолгоонд орсноор олон сарын дайралтдаа эцэж ядарсан Украины армийг ухраана. Оросын дронууд Украины эрчим хүч, ус хангамжийн дэд бүтцэд үргэлжлүүлэн цохилт өгнө. Зун болоход Украин хэцүү байдалд орно. Оросууд Херсоны хойд хэсэгт байдаг Кривой Рог, Донецкийн Славянск, Краматорск хотыг эзэлнэ.

Оросын гал зогсоох саналыг хүлээж авахыг Барууны орнууд Украинаас шаардаж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хүлээж авахаас өөр сонголт үлдэхгүй. Үүнээс хойших жилүүдэд Орос Киевийг эзэлхээр шаргуу бэлдэнэ.

Хамгийн өндөр магадлалтай нь хоёр дахь хувилбар: мухардал. Орос олон мянган залуусыг цэрэгт татах ч тэднийг сайн дайчид болгож чадахгүй. Цэргийн шилдэг сургагч нар нь фронтын тэргүүн шугаманд, туршлагатай офицерууд нь амь үрэгдсэн, эсвэл байлдаж буй. Шинэ цэргүүдийг явган цэргийн ангид хуваарилснаар хуягт машингүй, довтлох чадамжгүй анги нэгтгэлийн тоо л нэмэгдэнэ. Харин тэднээр нуувч дүүргэж, махан бэхлэлт босгоход хангалттай.

Ерсон хотыг орхисноо зарласан Орос Днепр мөрний баруун эргээс 30 мянган цэргээ амжилттай татав. Тэд зүүн зүгт ухарч, олон тооны зэр зэвсгээ орхино. Энэ нь Украины хувьд ялалт ч мөрөн зүүн талыг нь хамгаалснаар Оросыг илүү давуу байр суурьт оруулна. Украины дайралт удааширч, ялсан км бүрийнхээ төлөө хүнд хохирол амсана.     


Тулааны талбарт ялж чадаагүй Путин Украины эдийн засгийг сөхрүүлж, иргэний байгууламжад цохилт өгөх, сэтгэл зүйг нь унагаах, түншүүдийнх нь цөхрөнг барахын тулд дайныг сунжруулахыг оролдоно. Европ 2023 онд хийн агуулахаа дүүргэж чадахгүй учраас өвөл нь цахилгаан, дулаангүй болно. 2024 онд Дональд Трамп Цагаан ордонд эзэн сууж, Украинд үзүүлэх тусламжаа зогсооно хэмээн Путин найдаж байгаа учраас тэр хүртэл тэсэх зорилготой. Гэхдээ оросуудын санаа бодол дайны эсрэг чиглэж, эдийн засаг нь  агшиж, Путины байр суурь сулрах учраас энэ нь аз туршсан хэрэг юм.

Гурав дахь хувилбар хамгийн эерэг боловч хамгийн аюултай нь. Оросын армид Украин хүнд хохирол учруулснаар дайны санаачилгыг гартаа авч, HIMARS пуужингаар Крымд цохилт өгөхөөр зайд ойртоно. Оросууд Луганск дахь байрлалаа алдаж, украинчууд Северодонецкийг эзлээд дорно зүгт давшина. Оросын цэргийн хохирол ихэссэнээр шинэ цэргүүд дайтахаас татгалзана. Барууны орнууд агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг Украинд нийлүүлснээр нөөц нь дуусаж байгаа өндөр оновчтой пуужингийн довтолгоонд суурилсан Оросын түрэмгий тактикийн хүч суларна.

Ерөнхийлөгч Зеленский Запорожиад фронтын шинэ шугам нээх тушаалыг хавар өгнө. Украины таван бригад Оросын тэргүүн байрлалыг нэвтэлж орсноор Крым хүрэх Путины газрын гүүрийг тасалж, улмаар зун нь Мариуполийг бүсэлнэ. Украин HIMARS пуужин харвагчийг өмнө зүг рүү зөөж, Орост булаалгасан Крым дэх боомт, цэргийн бааз, агуулахуудад цохилт өгөх боломжтой болно. Украин Крымын хойгт нэвтрэх нөхцөл үүснэ. Харин Ерөнхийлөгч Путин “зогс, эсвэл цөмийн зэвсэгтэй нүүр тул” гэж тулган шаардана. Ялалт ойрхон байж болох ч эрсдэл бас дагаж ирнэ.

 

Шашанк Жоши Батлан хамгаалах хариуцсан редактор, The Economist

 

Эх сурвалж: Дэлхий 2023 онд дугаар, “Европ” булан

The Economist сэтгүүлийн онцгой зөвшөөрлийн хүрээнд Mongolian Economy хүргэж байна.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg