Компанийн засаглалын үнэлгээ 77.8 хувьтай гарлаа

B Shurenchimeg
2026-05-22 15:02:40
Ангилал: Санхүү

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс”-ийг даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Уг кодексийн биелэлтийг батлагдсан аргачлалын дагуу Санхүүгийн зохицуулах хороо үнэлж, тайлангийн хариу тус бүрээр зөвлөмж, чиглэл болон хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь тооцон олон нийтэд мэдээлж байна.

Зохицуулалттай нийт 160 этгээдийн 2025 оны жилийн дундаж үнэлгээ 77.8 хувьтай гарлаа. Тайлант хугацаанд мэдээллээ шинэчлэн ирүүлсэн 114 зохицуулалттай этгээдийн давтан үнэлгээг хянаж баталгаажуулахад дундаж үзүүлэлт 81.6 хувьд хүрсэн байна.

Салбараар авч үзвэл даатгагчдын давтан үнэлгээ 89.6 хувь, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ-ынх 82.0 хувь болжээ. Харин хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын үнэлгээ өмнөх оноос 8.0 нэгж хувиар, ББСБ-ынх 4.8 нэгж хувиар буурсан нь анхаарал татаж байна. Өмнөх онтой харьцуулахад даатгагчдын үнэлгээ 1.6 нэгж хувиар, ББСБ-ынх 4.8 нэгж хувиар, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудынх 8.0 нэгж хувиар, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийнх 1.1 нэгж хувиар тус тус буурчээ. 

Үнэлгээ буурахад хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн байна. Нэгдүгээрт, 2025 онд ТУЗ болон түүний дэргэдэх хороодын жилийн ажлын тайлан, ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой хоёр нэмэлт шаардлагыг үнэлгээний аргачлалд тусгасан. Хоёрдугаарт, тухайн онд шинээр тусгай зөвшөөрөл авсан компаниудын анхны нөхцөл байдлын үнэлгээ нийт дундажид орсон нь үзүүлэлтийг доош татжээ. 

Ил тод байдлын хувьд даатгагчдын 85 хувь, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ-ын 76 хувь нь дотоод дүрэм, журмаа нээлттэй болгосон байна. Мөн даатгагч болон ББСБ-ын 90 хувь нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаа цахим хуудсандаа байршуулжээ. 

Түүнчлэн тайланд дурдсанаар компаниуд эрх бүхий албан тушаалтныг нэр дэвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, ёс зүйн зохицуулалт зэрэг үзүүлэлтээр харьцангуй сайн үнэлгээ авсан байна. Түүнчлэн ТУЗ болон түүний дэргэдэх хороодын үйл ажиллагаа, тайлагнал, мэдээллийн ил тод байдал, дотоод дүрэм, журам, бодлогын баримт бичгийн хэрэгжилт зэрэг үзүүлэлтийг үнэлж, зохицуулалттай этгээдүүд өөрийн хэрэгжилтийн түвшинг салбарын жишигтэй харьцуулах, цаашид сайжруулахад чиг баримжаа болохуйц мэдээллийг бүрдүүлэв.

Мөн 2025 онд шинээр тусгай зөвшөөрөл авсан компаниудын анхны үнэлгээ нийт дундажид нөлөөлсөн бөгөөд энэ нь кодексийн хэрэгжилтийн эхний түвшинг илэрхийлж буйг тайланд тэмдэглэжээ.

Энэхүү нэгдсэн судалгаагаар даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн төлөв байдал, салбар тус бүрийн ахиц, сайжруулах шаардлагатай чиглэл болон эрсдэлийн хандлагыг тодорхойлсон.

B Shurenchimeg