Тодотгож байж төсвийн дархлааг дэмжинэ
Covid-19-ийн Хятадын эдийн засагт учруулах хор хөнөөл 16 жилийн тэртээ дэгдэж байсан SARS-аас ч илүү байх таамгийг шинжээчид гаргаад буй. Reuters-оос энэ сарын 7-13-нд Хятад, Хонконг, Сингапур болон Европ, АНУ-ын 40 эдийн засагч, шинжээчийн дунд явуулсан санал асуулгаар нэгдүгээр улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 6-4.5 хувь болж буурна гэж таамаглажээ. Энэ нь 2020 оны ДНБ-ий өсөлтийн таамгийг 6.1-5.5 болгож доош чангааснаар, өмнөд хөршийн эдийн засгийн хөгжилд сүүлийн 30 жилд тохиох хамгийн сул үзүүлэлт болох нь.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эрх баригчид вирусыг цаг алдалгүй хяналтдаа авахаар ажиллаж байгаа ч хоног хугацаа алдах тусам бусад орны төдийгүй дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам бүр тэлж байна. Дэлхийн томоохон хэвлэлүүд нэн түрүүнд аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, тансаг бүтээгдэхүүний зах зээлийн дархлаа суларч буйг онцолж буй юм. Хэдийгээр манай улсын иргэд одоогоор Covid-19-ийн халдвар аваагүй боловч тус вирусын тархалт улсын төсөв санхүүд хэдийнэ нөлөөлөөд эхэллээ.
Улсын Онцгой комисс Covid-19-ийн халдвараас сэргийлэх зорилгоор энэ сарын 11-нээс ирэх сарын 2 хүртэл өмнөд хөрштэй хиллэдэг бүх боомтын авто тээврийг хаах шийдвэр гаргасан. Үүний улмаас төсвийн алдагдал 1.1 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 6.2 хувьд хүрэх нөхцөл үүслээ. Экспортын орлого 7.6 тэрбум ам.долларт хүрсэн 2019 онд манай улс нүүрсний экспортоос нийт 3.07 тэрбум ам.доллар буюу нийт экспортын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлсэн. Үүнээс 163.4 саяыг нь зөвхөн хоёрдугаар сард олжээ. Энэ нь нийт экспортын орлогын 2.15 хувьтай тэнцэж байна.
Харин энэ оны төсөвт экспортоос 7.8 тэрбум ам.доллар олохоор төлөвлөсөн. Хэрэв өнгөрсөн оны үзүүлэлтээр тооцвол нүүрсний тээврийг зогсоосноор 163.4 сая ам.долларын орлого орж ирэхгүй гэсэн үг. Ингэснээр 11.34 их наяд төгрөг гэж төлөвлөсөн төсвийн орлого 450.2 тэрбум төгрөгөөр дутах эрсдэлд орж буй бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ий 6.2 хувьд хүрч болзошгүй.
Нүүрсний экспортын бараг тэн хагас нь гардаг Гашуунсухайт боомттой хил залгаа гацаанд энэ сарын 10-нд Covid-19-ийн халдвар авсан хоёр тохиолдол бүртгэгдсэний улмаас Улсын онцгой комисс нүүрсний авто тээврийг зогсоох шийдвэр гаргасан. Үүнээс хоёр хоногийн дараа хилийн бүх боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн хаалаа. Гаалийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр одоо төмөр замын ачаа тээвэр л хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд зэсийн экспорт хэвийн үргэлжилж байгаа гэлээ.
Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилж, цаашлаад хилийн хоригийг улам чангатгавал улсын төсвийг захиран зарцуулагчид ч мөн бүсээ чангалж, шаардлагагүй зардлуудаа танахаас аргагүй болно. Төсвийн тухай хуульд төсөв тодотгох хэд хэдэн үндэслэл бий. 34.1.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдвэл Засгийн газрын санаачилгаар УИХ улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдэх юм. Нүүрс тээврийг хааснаар төсвийн алдагдал ДНБ-ий 1.1 хувьтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдээд байна.
Нөгөөтэйгүүр, хэлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь Covid-19-ийн халдвар ийм их хор уршиг тарина чинээ манай сангийн болон мөнгөний бодлого тодорхойлогчид, эдийн засагчид тэр байтугай дэлхийн томоохон агентлагууд ч огт тооцоолоогүй байсан билээ. Үүний улмаас алтнаас бусад манай экспортын түүхий эдийн үнэ уруудаж байна. Нүүрсний үнэ өнгөрсөн сараас эхлэн уруудаж буйгаас гадна баасан гарагийн /2020.02.14-ний/ байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 5790 ам.доллар байгаа бөгөөд энэ нь төсвийн төсөлд тусгасан таамгаас даруй 201 ам.доллараар бага байна. Мөн цайрын үнэ сүүлийн нэг сард 210 орчим ам.доллараар буурчээ. Энэ онд манай улс уул уурхайгаас 3.2 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн бөгөөд үүний 1.3 их наядыг зөвхөн АМНАТ-аас олохоор тооцоолсон юм.