Шинжлэх ухааны хөгжил дэвшил, технологийн нээлтгүйгээр хүн төрөлхтөн аливаа аюулт өвчин болон тахлыг ялж чадахгүй. Тэгвэл COVID-19-ийн эсрэг БНХАУ ямар “зэвсэг” ашиглаж байна вэ.

БНХАУ-ын зүүн хэсгийн Жяньши мужийн Юичин хотын нийгмийн ажилтан И Жиню коронавирусийн тархалттай тэмцэх “шидэт” туслахтай болжээ. Тэрбээр хамтрагчдын хамт дүүргийн оршин суугчдын гэрээр очиж, биеийн халууныг нь үздэг байсан ч ингэж айл өрхөөр явах нь вирусийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж иргэд ихэд түгшдэг байлаа. Ингээд дүүргийн удирдлага эл айдсыг үгүй хийхийн тулд дэвшилтэт технологи ашиглахаар шийджээ. Тэд инфра улаан туяагаар халуун хэмждэг линзтэй дрон ашиглаж эхэлсэн агаад энэ нь тун үр дүнтэй байгаа тухай “Синьхуа” агентлагт И ярьсан байна.

Ийм дрон нь чанга яригчтай. Хэмжилт хийх айлын гадаа ирээд дрон чанга яригчаар нэрийг нь хэлэхэд өрхийн гишүүд цонхондоо ойртож зогсоод халуунаа хэмжүүлдэг. Ингэснээр хорооны ажилтан, сайн дурынхан болон иргэд хоорондын хавьтлыг үгүй хийж, улмаар вирус тархах аюулыг бууруулав. Урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар иргэдэд зарлан мэдээлэх, олон нийтийн газарт ариутгагч бодис цацах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд дроныг Хятадын маш олон хотод идэвхтэй ашиглаж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Бээжин хотын Цинхуа их сургуулийн харьяа Батлан хамгаалахын шинжлэх ухаан, анагаахын сургуульд зочлох үеэрээ “Өвчний эсрэг тэмцэхэд хүн төрөлхтөнд байгаа хамгийн хүчирхэг зэвсэг бол шинжлэх ухаан, технологи юм” гэж мэдэгдсэн билээ.

Тэргүүн шугамын дайчид
Хятадын эрдэмтэд коронвирусийн эсрэг хэд хэдэн төрлийн вакцин бүтээхээр ажиллаж байгаа тухай тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамны дэргэдэх Биотехнологийн хөгжлийн үндэсний төвийн захирал Жан Шинмин мэдэгдсэн. Одоогоор зарим вакциныг амьтан дээр туршиж эхэлжээ. Вирусийн голомт болсон Үхань хот дахь Хуажоны шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харъяа Тонжи эмнэлгийн коллежод эл вирусийг оношлох, эмчлэх судалгааны ажил улам эрчимжэв. Вирусийг илрүүлэх эсрэг биетийн тестийг тэд бий болгосон байна. Өмнө нь цөмийн хүчил ашиглаж вирусийг илрүүлдэг байсан бол ийм тесттэй болсноор хариу хурдан гарч, хэрэглэхэд амар төдийгүй зардал багатай болсон гэж тус коллежийн декан Чен Жянгуо ярьсан юм. Мөн тус сургууль Хятадын уламжлалт анагаах ухааны эмийг ашиглан COVID-19-ийн эсрэг эм бүтээх судалгааны ажлаа эхлүүлсэн төдийгүй заримынх нь клиник туршил эхэлснийг тэрбээр онцолжээ.

Эрдэмтэн, судлаачдаас гадна Хятадын технологийн аварга компаниуд коронавирусийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, Baidu компани RNA таамаглалын алгоритмээ ашиглах эрхийг ген судлаачдад олгожээ. Ингэснээр судалж буй вирусийн хоёрдогч бүтцийг таамаглахад ордог хугацааг 50 хувиар бууруулж чадав. Өөрөөр хэлбэл эмчилгээний арга боловсруулах хугацаа төдий хэмжээгээр багасах юм.

Хятадын төв хэсгийн Хэнан мужийн нийслэл Женжоу хотын нэгэн эмнэлэг хоёрдугаар сараас Alibaba группийн охин компани Damo Academy-ийн бүтээсэн хиймэл оюун бүхий скан машиныг ашиглаж эхэлсэн. Эдгээр машин нь COVID-19-тэй өвчтөний CT зургийг 20 секундын дотор 96 хувийн нарийвчлалтай задлан шинжилж чаддаг юм.

Хятадын хамгийн алдартай эмнэлгийн нэг Сычуыны их сургуулийн Дорнод Хятадын эмнэлэг өвчтөнийг алсын зайнаас оношлох, СТ скан хийх зорилгоор 5G технологийг ашигладаг. Энэ сарын 2-нд Сычуан мужийн эмч нар Үхань хот байрладаг Хубэй мужийн Хуанггон хотын 106 хүнийг вирусийн халдвар авсан эсэхийг нь алсын зайнаас оновчтой оношилсон байна. “5G технологийн тусламжтай өөр мужид байгаа эмнэлгийн СТ сканыг бодит цагийн горимоор хянах боломжтой болсон” хэмээн Сычуаны эмнэлгийн рентген зургийн тасгийн орлогч эрхлэгч Ли Женлин өгүүлэв.

Мэдээлэл солилцоо
Хүмүүс оршин суудаг хотдоо эргэн ирж, ажилдаа орж эхэлснээр хүн амын урсгалыг хянах шаардлага гарч үүнд их өгөгдлөөр дэмжигдсэн дижитал газрын зураг ашиглаж эхлэв. Baidu компани өдөр бүр 300 хотын хүн амын урсгалын өгөгдлийг ажигладаг бөгөөд газрын зургийн аппликэйшн нь зорчигчид хаанаас хаана хүрч буйг харуулдаг. Эл мэдээллийг дараа нь судалгааны хүрээлэн, засгийн газар, хэвлэл мэдээлэл төдийгүй олон нийт ч ашиглах боломжтой юм.


Люжоу хотын иргэнийг эрүүл мэндийн QR кодоо уншуулахад нь сайн дурын ажилтан тусалж байна

Хоёрдугаар сард Хятадын иргэний асуудал эрхэлсэн яам коронавирусийн тархалтыг зогсооход нь туслах программ зохиож өгөхийг технологийн том компаниудаас хүссэн. Тун удалгүй Ханжоу нь эрүүл мэндийн QR кодын системтэй Хятадын анхны хот болов. Ингэснээр иргэд эрүүл мэндийн байдлаа засгийн газрын апп эсвэл гуравдагч талын платформд мэдээлэх бөгөөд систем түүнд үндэслэж, тухайн иргэнд улаан, шар, ногоон өнгийн QR код олгоно. Эрүүл хүмүүс ногоон код авч ажилдаа явахаас гадна хотоор чөлөөтэй зорчиж болно.
Шар болон улаан кодтой иргэд гэртээ тодорхой хугацаагаар хорионд орно. Энэ хугацаанд тэд системд өдөр бүр эрүүл мэндийн мэдээллээ оруулах бөгөөд ногоон код авсан цагт гэрээсээ гарч болно. Хятадын улам олон хотын иргэд ийм QR кодтой болсоор байгаа юм. Энэ нь тахлаас сэргийлэх болон хянах тун үр дүнтэй арга болохыг Зежянь их сургуулийн олон нийтийн харилцааны сургуулийн декан Ю Жяньшин мэдэгдсэн.

Ирээдүйн гэмээр технологиуд
Сычуан хотын худалдааны Чендү гудамжинд хүмүүсийн халууныг шалгаж буй ажилтнууд уран зөгнөлт киноноос гараад ирсэн мэт этгээд харагдана. Тэдгээр ажилтнууд халуун хэмжигч, QR код уншигчтай мөн мэдээллийг шинжилж, хадгалж, албан ёсны сүлжээнд илгээх процессор бүхий ухаалаг дуулга өмссөн байв.
Онлайн худалдааны JD.com компанийн бүтээсэн робот Үхань хотын иргэдэд түгээлтийн машинаас бараа буулгахад тусалж байна. Мөн COVID-19 туссан өвчтөнийг эмчлэхэд, гэртээ байгаа хүмүүст захиалгыг нь хүргэж өгөхөд робот ашиглаж эхэлсэн.


Гуандон мужийн Гуанжоу олон улсын худалдааны төвийн үүдэн дэх биеийн дулаан мэдэрч хэмждэг дэлгэц

Шанхайд төвтэй анагаахын чиглэлийн робот бүтээдэг TMiRob компани тусгаарлах өрөө, эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын өрөө, халдварт өвчний тасгуудад ариутгалын бодис цацах үүрэгтэй 30 роботыг Үхань хотын голлох эмнэлгүүдэд тусламж болгон өгчээ. Тэдгээр робот огт амралгүй 24 цагийн турш ариутгал хийж буй.
Хятадын өөр нэг робот үйлдвэрлэгч Youibot компани Жиансу мужийн Сүжоу хот дахь компанитай үйлдвэрт нь ариутгал хийх гэрээ байгуулсан бол 35 робот нь Гуандон мужийн Шеньжен хотод ажиллах “томилолт” аваад байна.

Mongolian Economy