“Латин” тахал

Zoltsagaan Zol
2021-08-27 17:06:27
Ангилал: Нийгэм

Одоогоор дэлхий даяар Ковид-19 вирусний Грек цагаан толгойн үсгээр нэрлэгдсэн 11 хувилбар тархаад байна. Тэдэн дундаас дельта хувилбар сүүлийн хэдхэн сарын хугацаанд тархалтаараа давамгайлж эхэллээ.

Цар тахал гарсан эхний жилд эрдэмтэд SARS-CoV-2 вирусний мутацлагдсан хувилбар гарч ирнэ гэж таамаглаж байсан. Тэдний таамаглал ч биелж, 2020 оны сүүлчээр шинэ төрлийн анхны хувилбар нь Их Британид давамгайлж эхэлсэн юм. ДЭМБ-аас өнгөрсөн тавдугаар сард шинэ хувилбаруудыг зарлан, гарал үүсэл нь төстэй B.1.1.7, B.1.351, B.1.617.2 хувилбаруудыг илэрсэн улсуудаар нь нэрлэх хэрэгтэй гэж үзээд, Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгийн гэх мэтчилэн нэр өгсөн. 

Гэвч хувилбаруудыг улсын нэрээр нэрлэх нь ялгаварлан гадуурхсан үзэл гэсэн шүүмжлэл гарсан учраас Грек цагаан толгойн үсгээр нэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. 

Коронавирусний хувьслыг ангилал зүйн гурван шатлалтай хэмээн ДЭМБ-аас тодорхойлоод байна. Эдгээр нь Alert for Further Monitoring (цаашид анхаарах), Variants of Interest (анхаарал татахуйц), Variants of Concern (анхаарал их татсан) юм. Одоогоор эрдэмтэд ямар хэлбэрийн мутацлагдсан хувилбарууд гарч ирэхийг таамаглаж, нөхцөл байдлын учрыг олохоор чармайж буй. SARS-CoV-2 вирусний шинэ хувилбарууд нь Alert for Further Monitoring ангилалд хамаарах бөгөөд өдгөө илрээд буй найман хувилбар нь VOC (дөрвөн хувилбар) болон VOI (дөрвөн хувилбар) багтаж байна. Тухайн хувилбар нь хүнээс хүнд асар хурдан халдварлаж, вакцин болон эмчилгээ нөлөө үзүүлэхгүй тохиолдолд VOI ангилалд багтдаг. 

ДЭМБ-аас SARS-CoV-2 вирусний шинэ хувилбаруудын талаарх судалгааг хийсээр байна. Мөн одооогоор бүтээгээд буй вакцинууд нь хувирбар тус бүрт өөр өөрөөр нөлөөлж буйг тус байгууллага мэдээлсэн юм. 

 

 

SARS-Cov-2 вирусний төрлүүд:

Альфа

Альфа хувилбар анх 2020 оны есдүгээр сард Их Британийн Кент гүнлэгт бүртгэгдсэнээр Ковид-19 вирусний хоёр дахь давлагааг эхлүүлсэн. Эл хувилбар нь SARS-CoV-2 вирустэй харьцуулахад халдварлах чадвараар 30-40 хувиар илүү юм. Хоёр тун вакцин хийлгэсэн тохиолдолд Oxford-AstraZeneca 74.5 хувь, Pfizer-BioNTech 93.7 хувь, Novavax 85.6 хувь, Moderna 100 хувь тус хувилбараас хамгаалдаг судалгаа гарчээ. 

Бета

Бета хувилбар 2020 оны тавдугаар сард Өмнөд Африкт илэрч, ДЭМБ-ын VOC ангилалд багтсан.Pfizer вакцин бета хувилбараас 72-75, Pfizer болон Moderna вакцинууд эл хувилбараар өвчлөх болон нас барахаас 95 хувиар хамгаалах боломжтой. Харин Novavax 60 хувь, Johnson and Johnson 57 хувь хамгаална. Бета хувилбар дэлхийн 50 гаруй улсад тархсан бөгөөд одоогоор бусад хувилбартай харьцуулахад эрүүл мэндэд илүү аюул учруулдаг гэх нотолгоо хараахан алга байна.

Гамма

Гамма хувилбар анх Бразилын Манау хотод 2020 оны арваннэгдүгээр сард бүртгэгдэж, ДЭМБ-ын VOC ангилалд багтсан. Одоогоор тус хувилбар Өмнөд Америкт хамгийн их тархаад байгаа юм. Судалгаагаар гамма хувилбар SARS-CoV-2 вирусээс 1.7-2.4 дахин хурдацтай тархдаг нь тогтоогджээ. 

Дельта

ДЭМБ-ын VOC ангилалд багтаж буй дельта хувилбар одоогоор Европ болон АНУ-д хурдацтай архаж буй. Цаашлаад Ази, тэр дундаа Бангладеш, Иран, Ирак, Япон, Казахстан, Малайз, Мьянмар, Пакистан, БНСУ, Тайланд, Вьетнам зэрэг улсад давамгай болж, байгаа аж. Тус хувилбар анх 2020 оны аравдугаар сард БНЭУ-д бүртгэгдсэн юм.

Дельта нь SARS-CoV-2 вирусний хамгийн хурдацтай тархдаг, хамгийн аюултай хувилбар нь бөгөөд альфа хувилбартай харьцуулахад 60 хувиар хурдан хүнд халдварладагийг судалгаанууд харуулсаар байна. Судлаачид дельтаг альфагийн хүндрүүлсэн хувилбар гэж үзэж буй. Түүнчлэн дельта хувилбарын мутацлагдсан дельта плас гэх шинэ хувилбар (K417N ) бүртгэгдээд байна.

Вакцинуудын тухайд Oxford-AstraZeneca 67 хувь, Pfizer-BioNTech 88 хувь, SputnikV 90 хувь эл хувилбарын хүндрэлээс хамгаална.

Эта

Эта хувилбар нь Нигери, Их Британи зэрэг 72 улсад тархсан. 2020 оны арванхоёрдугаар сард анхны тохиолдол нь бүртгэгджээ. Ерөнхийдөө энэ хувилбарын талаарх мэдээлэл хомс. Гэсэн хэдий ч АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв тус хувилбарыг эсрэг биетийн эмчилгээ болон цусны сийвэнгийн тэнхрэлийг саармагжуулах чадвартай гэж үзжээ. 

Иота

Уг хувилбарын талаар мэдээлэл мөн хомс бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Нью-йорк хотод анхны тохиолдол нь бүртгэгджээ. CDC энэ хувилбарыг эсрэг биеийн эмчилгээнд мэдрэг чанар багатай гэж үзэж буй. Иота хувилбар нь ДЭМБ-ын VOC ангилалд багтаж байна. 

Каппа

Каппа нь 2020 оны аравдугаар сард БНЭУ-д бүртгэгдсэн, ДЭМБ-ын VOC ангилалд багтаж буй хувилбар юм. Энэ хувилбар 55 оронд илэрчээ. 

Лямбда

Лямбда 2020 оны арванхоёрдугаар сард Перуд анх бүртгэгдсэн ба сүүлийн гурван сард илэрсэн SARS-CoV-2 вирусний хувилбаруудаас 80 хувийг нь дангаараа эзэлж байна. Тус хувилбар дэлхийн 41 оронд бүртгэгджээ. Лямбдагийн талаар бие даасан судалгаа хийгдээгүй боловч урьдчилсан байдлаар CoronaVac(Sinovac), Pfizer, Moderna вакцинууд эсрэг биетийн нөлөөг саармагжуулдаг гэж үзэж буй.

 

 

 

 

Zoltsagaan Zol