М.Даваажаргал: Хувийн биржийг бодлогоор дэмжих нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгана
“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргалтай ярилцлаа.
-Монголын анхны хувийн бирж Улаанбаатар үнэт цаасны биржийн тухай танилцуулахгүй юу?
-Улаанбаатар үнэт цаасны биржийн түүх хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын санаачилгаар 2008 онд АНУ-ын “Насдак” биржтэй хамтарсан судалгааны баг гарснаар эхэлж байсан. 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор арилжаа, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдасгуур байх зорилготой 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай Монголын анхны хувийн бирж юм. Одоогоор үнэт цаас арилжаалж буй бөгөөд цаашдаа үүсмэл санхүүгийн хэрэгсэл, таваар зэргийг арилжаалах боломжтой ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай дэд бүтцийн байгууллага юм.
-Бусад улсын хөрөнгийн биржүүдийн үүсэл олон жилийн түүхтэй. Гэтэл манайд дөнгөж хөгжлийн гараан дээрээ л байна. Хэдийгээр залуу гэж байгаа хэдий ч өндөр хөгжилтэй орнуудаас суралцан туулсан замналыг товчлох боломж бидэнд бий. Үүнтэй санал нэгдэх үү?
-Сүүлийн жилүүдэд Засгийн газар, бодлого тодорхойлогч байгууллагуудаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж, эерэг үр дүнгүүд гарч буйд баяртай байгаа. Манай хөрөнгийн зах зээл FTSE Russell-н “Хөгжиж буй зах зээл” гэсэн ангилалд 2022 онд орсон бөгөөд өндөр хөгжсөн зах зээл хүртэл гурван шат ахих хэрэгтэй. Тийм хэмжээний хөгжих орон зай бидэнд бий гэсэн үг. Энэхүү өсөлт рүү аль болох дөт хурдан дөхье гэвэл бид нэгдүгээрт, одоогийн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн тогтолцоог олон улсын хөгжсөн жишгийн дагуу сайжруулах, хоёрдугаарт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн бодлогыг эрэлт, нийлүүлэлт хөшүүргийн боломжуудыг бодолцож гурваас доошгүй жилээр төлөвлөх шаардлагатай.
Манай хөрөнгийн зах зээл FTSE Russell-н “Хөгжиж буй зах зээл” гэсэн ангилалд 2022 онд орсон бөгөөд өндөр хөгжсөн зах зээл хүртэл гурван шат ахих хэрэгтэй
Өндөр хөгжсөн зах зээлд дэд бүтцийн байгууллагууд төвтэй бус мэргэжлийн оролцогч талуудын оролцоо өндөртэй, үүнийгээ дагасан мэргэжлийн оролцогчид олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг, эргээд хөрөнгө оруулагчдад ногдох шимтгэл хураамж бага загвартай байдаг. Манай биржийн хувьд олон улсын хамгийн хөрвөх чадвартайбиржүүдийн нэгээс туршлага, технологийн know how сурсан учраас дансны бүтцийг тодорхойлохоос эхлээд арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх өөрсдийн дэвшилтэт арга техниктэй бөгөөд өндөр хөгжсөн загварт шилжих, хөгжлийн замыг хурдасгахад хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой.
-Тэгэхээр хувийн бирж нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон улсын хөгжсөн загварыг бий болгож, хувь нэмрээ оруулж, хөгжлийг хурдасгагч болно гэж ойлгож болох уу. Тэгвэл яагаад өнгөрсөн жилүүдэд энэ загвараар ажлууд яваагүй вэ?
-Манайх хөрөнгийн зах зээлийн илүү хөрвөх чадвартай тогтолцоог бий болгох чадамжтай бирж юм. Энэхүү боломж нөөц бололцоогоо өнгөрсөн хугацаанд таниулахад олон хүчин зүйлс нөлөөлсөн. Үүнээс хамгийн том асуудлуудын нэг бол биржүүдийн тэгш өрсөлдөөнийг дэмжсэн бодлого зохицуулалтын орчин хангалттай бүрдээгүй гэж бид харж байна. Хувийн биржийн нөөц бололцоог бүрэн ашиглавал нэг бирж дээр хэт их ачаалал төвлөрүүлэхгүйгээр хөгжиж буй зах зээл дээр үр ашигтайгаар биржийн арилжааг явуулах боломжууд нэмэгдэнэ. Нэг талаараа хамтарч дутуу орон зайгаа нөхөх бол нөгөө талдаа өрсөлдөж үйл ажиллагаагаа сайжруулсаар байх болно гэсэн үг. Аль ч нөхцөлд хөрөнгийн зах зээлийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газраас төрийн өмчит компаниудын хувьчлалыг, мөн уул уурхайн биржийн арилжааг улсын өмчит биржээр хийнэ гэсэн шийдвэрүүд гаргасан нь биржийн үйл ажиллагааг нэг талд төвлөрүүлж, тэгш өрсөлдөх орон зайг хязгаарлаж байгаа юм. Аль ч тохиолдолд төр, хувийн хэвшлийн түншлэл, шударга өрсөлдөөний зарчим үйлчлэх шаардлагатай. Улсын өмчит байгууллагууд хувийн бирж дээр бүтээгдэхүүн гаргах нь засаглалын хувьд ч зөв, эрүүл байх боломжийг бүрдүүлнэ шүү дээ.
-Монгол Улсад нэгээс дээш тооны бирж байх шаардлагатай юу гэдэг асуудал байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бирж дээр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө босгож ажилласнаар бараа таваарын үнэ дундын зуучлагчгүйгээр эрүүлээр тогтдог. Цаашдаа валют, таваарын бирж, үл хөдлөх хөрөнгийн итгэлцлийн сан, мөнгөний зах зээлийн оролцоо нэмэгдэх гээд томоохон цар хүрээтэй ажлуудыг хийж, зах зээлийг 5-10 дахин томруулах шаардлагатай байгаа. Хөрөнгийн зах зээл өргөн цар хүрээнд ажиллах шаардлагатай болох учраас зөвхөн төрийн оролцоо өндөр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хүлээхгүйгээр зах зээлд оролцож буй мэргэжлийн оролцогчдын хамтын хүч, боломж нөөцүүдээ зөв ажиллуулах хэрэгтэй. Хөгжлийн цэг рүү нэг л аргаар зүтгээд байх уу, эсвэл олон сайн аргыг ашиглаад хурдтай хүрэх үү гэдэг асуудал л даа. Тиймээс энэ нь нэг, хоёр биржийн тухай биш Монголын эдийн засгийн хөгжлийн тухай асуудал юм. Системийн онцлогоос гадна хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах процессыг илүү хялбар, мэргэжлийн бөгөөд шимтгэл багатай байх боломжуудыг бүрдүүлэхээр бид тодорхой ажлууд хийж байна. Үүнээс дурдвал, бид мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, санхүүгийн нийцүүлэгчид болон мэргэжлийн үнэлгээний компанитай хамтран ажиллаж байна.
Улсын өмчит байгууллагууд хувийн бирж дээр бүтээгдэхүүн гаргах нь засаглалын хувьд ч зөв, эрүүл байх боломжийг бүрдүүлнэ
Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг дэмжсэн хөгжлийн талбарыг бий болгосон. Сайн бизнес төлөвлөгөөтэй жижиг дунд бизнесүүд ч манай бирж дээр гарч болохоор байна. Бид ТОП 100 болон бусад үндэсний үйлдвэрлэгчид тохирсон биржийн талбарыг бий болголоо. МҮХАҮТ-аас санаачилсан бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 10,000 залуусыг дэмжих хөтөлбөрт хамтран ажиллаж, сайн төслүүдийг бирж дээр гарахад нь дэмжиж байна. Энэ мэтчилэн бид өмнө хүрч ажиллаж байгаагүй чиглэлүүдэд хурдтай өргөн цар хүрээнд ажиллаж байна. Цаашид Монголын хөрөнгийн зах зээл илүү хурдан, олон улсын жишигт нийцсэн байдлаар хөгжөөсэй гэж хүсэж буй учраас зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж, дутуу орон зайг нөхөж ажиллана. Жишээ нь 2024 онд Улаанбаатар үнэт цаасны бирж, Лемон пресстэй хамтран “Ногдол ашгийн төлөлтийг өдрийг тодорхой зарладаг” олон улсын жишгийг дагах уриалга гаргасан. Үр дүнд нь багагүй компаниуд дөрөвдүгээр сарын 30-ны дотор ногдол ашгаа тарааж, хөрөнгө оруулагчид бодитоор эерэг нөлөөллийг мэдэрсэн. Үүнээс өмнө арванхоёрдугаар сард багтааж аль нэг өдөр ногдол ашиг нь ордог л жишигтэй явж байлаа. Монголын анхны биржээр арилжаалдаг сан уян хатан бүтэцтэй учир манай бирж дээр анхлан гарлаа. Энэ мэтчилэн хувийн бирж зах зээлийг хөгжлийг хурдасгах чиглэлээр хийх ажлууд олон байна.
-Та хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга тун саяхан батлагдсан нь хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатандаа гарах чухал алхам болсон. Бизнест хөрөнгө босгох олон арга зам байдаг ч өнөөг хүртэл бид зөвхөн үйл ажиллагаа нь тогтворжсон өндөр орлоготой компани бирж дээр бүтээгдэхүүн гаргаж болно гэсэн ойлголттой байсан. Тэгвэл шинэ хуулиар гарааны бизнес crowd funding хэлбэрээр хөрөнгө босгох, хаалттай хувьцаат компаниуд IPO бэлтгэл хангах чиглэлээр биржид бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах боломжтой болж байна. Арилжааны хувьд тооцооны үйл ажиллагааг хуульчилж өгснөөр хөшүүрэгтэй арилжааг хийж, хөрвөх чадвар нэмэгдэх зохицуулалтын орчин бүрдэж байна. Цаашид тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын шударга өрсөлдөөнийг дэмжээд өгвөл хөгжлийн замдаа илүү хурдан орно.
/Монголын эдийн засгийн форумд зориулсан тусгай дугаараас 2024.07 сар/