Мега нэгдлийн стратеги нь төрөлжилт
Стратегийн орд газруудын үндэсний нэгдэл болох “Эрдэнэс Монгол” ХХК 2019-2023 онд компанийнхаа үйл ажиллагааг солонгоруулах стратеги баримтлахаа хагас жилийн өмнө мэдэгдсэн. Энэ дагуу мега нэгдлийн үйл ажиллагаа 2020 онд Тавантолгой, Оюутолгойгоос нүүрс, зэсийн хүдэр олборлож, экспортлохоос гадна боловсруулах үйлдвэрүүд, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, хайгуул, уул уурхай дагасан эрчим хүч, дэд бүтэц, ложистикийн төслүүддээ хүч хаяна. Стратегийн ордуудыг түшиглэсэн төслүүдийн хувьд хамгийн багадаа 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 2021 он гэхэд өргөжиж, үйл ажиллагаагаа төрөлжүүлж, эрдэс баялагтаа суурилсан гадаадын томоохон группийн түвшинд хүрэхээр зорьж буй тус нэгдлийн хувьд 2020 он үйл ажиллагаагаа жигдрүүлж, өсөлт өөд тэмүүлэх жил байх нь.
Эдийн засгийн чадавхаа сайжруулж, зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлсэн нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2019 оны онцлох үйл явдал байлаа. Он гарснаас хойш тус компанийн ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ес болон нэмэгдэв. Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт орж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл болон Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК шилжүүлэн авсан юм. Уурхайн нөхцөл байдал хүнд учраас сүүлийн 20 гаруй жилийн турш ажил нь урагш ахиагүй Асгатын орд “Эрдэнэс Монгол”-д шилжсэнээр ордын хуучин амуудыг нээж, дээжийг шинжилгээнд өгсөн бөгөөд Салхитын мөнгөний ордыг ч эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг шуурхай эхлүүлсэн байна. Ийнхүү мөнгөний хоёр ч ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ- өөс “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг байгуулах шийдвэр гарч, хүдрийг баяжуулах, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн 10 гаруй жилийн турш шүүхийн шатанд маргаантай байсан Багануурын ордын зарим тусгай зөвшөөрлийг төрд эргүүлэн авах шийдвэр гаргууллаа.
Нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал дэлхийн томоохон хотуудын жишиг бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, нийгмийн хамгийн хүндрэлтэй асуудал агаарын бохирдлыг шийдэх боломж бүрдэнэ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегийг солонгоруулж буй нэг өнгө нь хайгуулын салбар. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд “Эрдэнэс Монгол” компанийн үүрэг, оролцоо өндөр бөгөөд уул уурхайн салбараас гадна эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг хөдөлгөж, олон тулгуурт эдийн засгийн бааз суурийг бий болгохоор ажиллаж байна. Тодруулбал, нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өөрийн охин компани “Эрдэнэс Метан” компаниар дамжуулан Австралийн “Жэйд Метан” компанитай хамтран хэрэгжүүлж байна. Энэ оны тавдугаар сард талууд метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн бүлэг орд дээр нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэж, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд ирэх онд бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулан, нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлэх юм байна. Хэрэв энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал дэлхийн томоохон хотуудын жишиг бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, нийгмийн хамгийн хүндрэлтэй асуудал агаарын бохирдлыг шийдэх боломж бүрдэнэ гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү онцолсон.
Тус нэгдлийн үнэт металл боловсруулах үйлдвэрийн ажил 2020 онд алтны салбарт нэлээд эрчимтэй өрнөнө. Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын үеэр тус улс алт цэвэршүүлэх үйлдвэрийн 30 сая ам.долларын үнэ бүхий технологийн патентаа манай талд үнэ төлбөргүй өгсөн. Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг өнгөт металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, инновацийн “Даниель М” компани боловсруулж, УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад буй. Сүүлийн хоёр жил эрчимтэй ярьсан алт цэвэршүүлэх үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах товтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Монгол Улс үндэсний алтны системтэй болох нь эдийн засгийн хувьд эрдэнэсийн сангаа арвижуулж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой авч явахад стратегийн ач холбогдолтой. Эх орныхоо газрын хэвлийгээс олборлосон алтаа хууль бусаар гадагш алдахаас сэргийлэхээс гадна үнэт металлыг өөрсдөө боловсруулж, гулдмай, үрэл, ялтас зэргийг олон улсын стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ. 2020 онд алтны салбар тодоос тод “гялалзах” жил байх нь.
Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жил бүр 250 сая ам.долларын импортыг орлож, 1500 ажлын байр бий болгоно.
Харин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дорноговь аймагт барих “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр”-ийн ТЭЗҮ-г батлуулсан. Импортыг орлох, ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 3.6 жилд хийх бөгөөд жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Уг цогцолборт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан төлөвлөсөн байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жил бүр 250 сая ам.долларын импортыг орлож, валютын гадагш урсгалыг бууруулахын зэрэгцээ 1500 ажлын байр “үйлдвэрлэнэ”. Мөн төсөвт 160 тэрбум, орон нутагт гурван тэрбум төгрөгийн татвар тус тус төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоо гарчээ.
Ашиглалт олборлолтоос боловсруулах үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа амжилттай шилжүүлж байгаа “Эрдэнэс Монгол”-ын хайгуулын салбарт хэрэгжүүлж буй бас нэг төсөл нь газрын ховор элемент юм. Салбарын яамтай хамтран дэргэдээ “Газрын ховор элементийн төслийн нэгж”-ийг байгуулан ажиллаж буй тус компани хайгуулын төслүүдээ Германы талтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ газрын ховор элементийн олборлолт өртөг өндөр учраас хувийн хэвшилтэй түншлэх нь нүдээ олсон сонголт.
Үндэсний баялгийн сан байгуулж, уул уурхай дагасан томоохон дэд бүтэц болон эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүгийн менежмент хийхээр зорьж буй тус компанийн хувьд дээрх зорилтдоо хүрэх эрх зүйн орчин 2019 онд нэг шат урагшиллаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгав. Шинэ Үндсэн хууль 2020 оны эхний хагас жилээс хэрэгжиж эхэлснээр стратегийн ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буйн хувьд “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдөж, цар хүрээ өргөжин, Баялгийн сан болоход нэг шат ахисан.
“Эрдэнэс Монгол”-ын хувьд 2019 он нүүрс тээврийн зам засварын ажлыг эрчимжүүлсэн онцлог жил байв. Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын эзэмшигч компанийн хувьд 48.5 км замд хучилтын ажил хийсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт. Зам ашиглалтын байдлыг эрс дээшлүүлснээр осол эрс буурчээ.
Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хүрээнд хойд хөрш оронтой санамж бичиг байгуулсныг хэвлэлүүд онцлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг манай улсад албан ёсны айлчлал хийх хүрээнд “РОССЕТИ” компанитай санамж бичиг байгуулсан нь Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем байгуулах судалгааны ажил хийх алхам тавигдсан юм. Мөн уул уурхайн “Картекс” компани болон “Газпром” банктай хамтран уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр болов.
Цаашид “Эрдэнэс Монгол” үндэсний эдийн засгийн томоохон тоглогчийн хувьд хийн хоолой, бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцохоос гадна тус нэгдэл 2020 онд Монгол Улсын баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, иргэн бүрт тэгш хуваарилах, төслүүдийнхээ үр ашгийг сайжруулахад бодит реформ хийж ажиллана.
Дэлхий 2020 сэтгүүлийн “Монгол” булангаас нийтлэв