Монгол залуучуудын бахархалт компани болно
Монгол инженер, технологичдын ур ухаанаар бүтэж, олон улсын стандарт хангасан хүнсний томоохон үйлдвэр 2022 оны тавдугаар сарын 1-нд шаваа тавьсан нь “Өв соёл үйлдвэр” юм. Өдгөө тус компани үндэсний үйлдвэрлэлийн шинэ жишиг болон хөгжиж байна.
“Бидний үеийн залуучууд хийж бүтээж чаддагийг харуулахыг хүссэн” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Тулгаа онцоллоо. Тэрбээр Монгол Улсад томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг ихэвчлэн гаднын хөрөнгө оруулалт, технологид тулгуурлан босгодог жишгийг өөрчлөхийг зорьжээ. “Өв соёл үйлдвэр” нь Монгол инженер, технологичдын тооцоо судалгаа, шийдлээр бүтсэнээрээ онцлог.
Компанийн нэр ч учиртай. Өвөг дээдсээс уламжилж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг дэвшилтэт технологитой хослуулж, орчин үеийн хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар хүргэх, монгол хүний зүрхэнд байдаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Өв соёл” хэмээн нэрлэжээ. Тэдний эрхэм зорилго бол “Монгол залуучуудын бахархалт компани” болох.
80 тэрбумын бүтээн байгуулалт
Олон улсын үйлдвэрийн стандартад нийцсэн энэхүү үйлдвэрийг нийт 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон байна. Суурь хөрөнгө болох 45 тэрбум төгрөгийг өөрсдийн эх үүсвэрээр бүрдүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 8.2 тэрбум төгрөгийн зээл авч, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаа шийдвэрлэжээ.
2022 онд төслөө эхлүүлэхдээ дөрвөн үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан бөгөөд эхний шатанд тэд бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд төвлөрсөн байна. Өнөөдрийн байдлаар мөөхий, еэвэн, чаналгын болон хэвийн боов зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон орон нутагт 1000 гаруй харилцагчтай болжээ. Түүнчлэн 100 гаруй ажлын байр бий болгосон нь үндэсний үйлдвэрлэлийн бодит хувь нэмрийг харуулж байна.
Монгол Улсад талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй үйлдвэрээс хамгийн отгон нь “Өв соёл үйлдвэр” компани боловч хүчин чадлаараа топ гуравт багтаж буйг удирдлагууд онцоллоо. Тус үйлдвэр өдөрт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 50 гаруй хувийг хангах нөөц боломжтой аж.
Сар шинийн баяр дөхөхөөр айл бүрийн ширээндээ засах ул боов, еэвэнгийн амт чанар, өнгө үзэмж хамгийн чухалд тооцогддог.
“Өв соёл үйлдвэр”-ийн “Хишигтэн” ул боов, шанзтай еэвэн нь уран нарийн хийц, хээ угалзаар ялгарахаас гадна амт чанар, өнгө үзэмж, өв соёлыг хослуулжээ. Сав баглаа боодлоос эхлээд ул боовоо нямбайлан боож, “нандигнасан” нь илт харагдана.

Монголд төдийгүй Ази тивдээ анхдагч CEPI систем
“Өв соёл үйлдвэр” ХХК Европын холбооны түүхий эдийн “хадгалалт, тээвэрлэлт, хэмжээ тохируулалт”-ын CEPI иж бүрэн гурвалсан автомат системийг “Милл Хаус” ХХК-ийг түшиглэн Монголд нэвтрүүлжээ. Энэхүү систем нь түүхий эдийг хүний гарын оролцоогүйгээр автомат удирдлагаар боловсруулж, үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн байна. Анхан шатны түүхий эд, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэртэйгээ хосолмол хэлбэрээр төлөвлөгдсөн үйлдвэр дэлхийд ховор. Харин “Өв соёл үйлдвэр” нь “Милл хаус” гурилын үйлдвэрээс 50 метрийн зайнаас вакум, ган хоолойгоор үндсэн түүхий эд болох гурилаа татаж, үйлдвэрийн шат дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна. Ингэснээр 50, 60 жил шуудайгаар гурил зөөдөг байсан технологийг халж, хүнсний аюулгүй байдлыг иж бүрэн хангасан цогц системийг бий болгожээ.
Түүнчлэн сахар, тос зэрэг үндсэн түүхий эдийг тусгай хоолойгоор дамжуулан хадгалж, шүүн ялгаж, зуурагч руу автоматаар нийлүүлдэг. Мөн металл хольцыг соронзон баригчаар ялгана. CEPI систем нь найман хоппертой бөгөөд агуулахын зай талбай, тээвэрлэлтийн зардлыг хэмнэх зэрэг өөр олон давуу талтай.
2013 онд “Талх чихэр” ХХК уг системийг зөвхөн гурил дээр ашиглаж байсан бол “Өв соёл үйлдвэр” нь бусад түүхий эдийг хамруулснаараа илүү өргөн хүрээнд нэвтрүүлсэн тохиолдол болжээ. Мөн савласан бүтээгдэхүүнд ашигладаг рентген илрүүлэгч төхөөрөмж нь салбартаа ховорд тооцогдох шийдэл юм.

Бүрэн автомат үйлдвэрлэл
Тус үйлдвэр гурван урсгал шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүний хоёр нь бүрэн автомат систем. АНУ-д үйлдвэрлэсэн “TROPM” шугам нь еэвэн, мөөхий үйлдвэрлэдэг бөгөөд хоногт 6.7 тоннын хүчин чадалтай. Харин БНХАУ-ын AOCNO компанийн чаналгын автомат шугам хоногт 1.6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Гурав дахь шугам нь хэвийн боовных бөгөөд тодорхой хэсэгт гар ажиллагаа ордог.
Ногоон үйлдвэрлэлийн зорилт
Үйлдвэрийг 10 орчим жил үйл ажиллагааны урсгал зардал байхгүй явуулахаар тооцоолсон нь анхаарал татаж буй. Тухайлбал, барилга байгууламжийн чулуун, метал фасад нь 30 жилийн баталгаатай аж. Түүнчлэн сантехникийн системийг Италийн брэндээр, цахилгааны смарт удирдлагыг АНУ-ын J4 системээр шийдсэн байна. J4 систем нь үр ашиггүй зардлыг бууруулаад зогсохгүй эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог.
Тус үйлдвэр дөрвөн мегаваттын цахилгааны хүчин чадалтай бөгөөд эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч болсноос гадна бүх гэрэлтүүлэг, агааржуулалт нь ухаалаг удирдлагатай аж. Компанийн ерөнхий инженер Э.Найдан “Бид эрчим хүчний хэмнэлт хийж, саарал усыг дахин ашиглах замаар экологид ээлтэй, ногоон үйлдвэрлэл болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн өгүүлсэн.
Үндэсний үйлдвэрлэлийн шинэ жишиг
“Өв соёл үйлдвэр” зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бус монгол инженерийн ур чадвар, залуучуудын урам зориг, үндэсний үйлдвэрлэлийн шинэ шатны илэрхийлэл болж байна. Монгол залуучууд хийж бүтээж чаддагийг баталж, үндэсний бахархалт компани болох тэдний зорилго энгийн хэр нь оновчтой.
Өвгөдийн ур ухаан, өнөө цагийн технологи, ирээдүйн итгэл гурвыг нэг дор зангидсан “Өв соёл үйлдвэр” сар шинийн баяраар айл бүрийн хойморт залрах алтлан шаргал идээний дээж нь Монгол үйлдвэрлэлийн шинэ өнгө болон тодорч байна.



Сэтгүүлч Д.Болорцэцэг
