Монгол Улсын эрчим хүчинд 1 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болов

Sarangerel
2025-10-15 15:33:34
Ангилал: Эрчим хүч

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар Монгол Улсын цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтэд зориулан €1 тэрбум хүртэлх еврог буюу 4.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгох санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Өнгөрөгч нэгдүгээр сард Давост болсон уулзалтаар ЕСБХБанк 1.0 тэрбум ам.долларыг мөн эрчим хүчний салбарт, хувийн секторт олгохоо баталгаажуулсан билээ.

Ингээд нийт 8.0 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх таван жил Эрчим хүчний салбарт хийгдэх юм байна.

Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс 2028 он гэхэд эрчим хүчээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болоход үнэ тарифын зөв бодлого, санхүүжилт гэх хоёр асуудал тулгарч байсан. Тэгвэл Европын хөрөнгө оруулалтын банкны 4.1 их наяд төгрөгийн эх үүсвэрээр санхүүжилтийн асуудал шийдэгдлээ. Өнөөдрийн үйл явдал бол бүтэн жилийн ажлын үр дүн юм. Европын хөрөнгө оруулалтын банк анх удаагаа Монгол Улсад санхүүжилт хийхээ илэрхийлээд харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурж байна” гэсэн юм.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний орон юм. Тиймээс сүүлийн жилүүдэд уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүчний салбарыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонирхох болсон. Түүгээр барахгүй хөрөнгө оруулалт хийдэг болсоныг өнөөдрийн үйл ажиллагаа баталж байна. Мөн Арабууд манай эрчим хүчний салбарыг сонирхох болсон. Тодруулбал, Саудын арабын “Acwa power” 10 Гваттын хөрөнгө оруулалт хийх талаар ярьж байна. Дэлхий дахинаа эрчим хүчний хөрөнгө оруулалтын том сонирхол явж буй үе ч таарч байх шиг байна.

Мөн хэдэн сарын өмнө Шадар сайд Т.Доржханд АНУ-аас 2.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт татах гэрээ хэлэлцээрүүдийг хийгээд ирсэн билээ. Энэ мэтчилэн Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг гадаадынхан маш ихээр сонирхож, хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн нь том боломжийг бий  болгож байна. Ийнхүү хөрөнгө оруулалтууд орж ирснээр үр дүнд нь эрчим хүчний хувьд Монгол Улс бие даахаас гадна  шууд болон шууд бусаар 10000 ногоон ажлын байр бий болох боломжтой. Мөн уул уурхай, барилга орон сууц, цахилгаан төмөр зам зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх суурь болно гэдгийг Шадар сайд Т.Доржханд онцолж байгаа юм.