Монголбанкны 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайланг хэлэлцлээ

Т.Амаржаргал
2026-05-07 11:27:09
Ангилал: Эдийн засаг

Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны /2026.05.06/ хуралдаанаар Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын 2025 оны эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны үйл ажиллагааны үр дүн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав.

Өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил сайн байсан ч оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц эрчимжиж, хоёрдугаар сард 9.6 хувьд хүрээд байсан. Харин Монголбанк энэхүү сорилтын эсрэг мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувьд хүргэснээр инфляц аажмаар буурч, оны эцэст улсын хэмжээнд 7.5 хувь болж буурсан болохыг Төв банк онцоллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт

Мөн инфляц зорилтот интервалд орж буурсан ч импортыг хөөрөгдөж буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад валютын нөөцөө хамгаалах шаардлага тулгарсаар байсан учраас оны эхэнд Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулж, өр, орлогын харьцааны (DSTI) дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулах, банкуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа Монголбанкны зүгээс тодотгосон. Эдгээр шийдвэрийг цаг алдалгүй гаргасан нь үр дүнгээ өгсний дээр дөрөвдүгээр сарын байдлаар гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Үүнд, төлбөрийн тэнцэл оны эцэст 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц оны эхнээс 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь ихээхэн нөлөө үзүүлжээ.

Түүнчлэн банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1 хувь болж буурсны зэрэгцээ системийн өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8 хувьтай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байгаа аж.

Цаашид Төв банк хараат бус, бие даасан байдлаа олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн шийдвэрлэж, бодлогын орон зайгаа тэлэх, улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.  Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас боловсруулсан “Төв банкны тухай хууль” болон “Банкны тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар шаардлагатай байгаагаа Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт онцоллоо.

Т.Амаржаргал