“Ковид-19” гэх урилгагүй зочноос болоод тэг зогсож, уналтад ороод байсан аялал жуулчлал сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй сэргэж салбарынхан тун завгүй ажиллаж байна. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-ийн мэдээлснээр 2024 онд дэлхийгээр 1.4 тэрбум жуулчин зорчсон нь 2019 оны түвшнээс 99 хувиар сэргэсэн гэж дүгнэсэн. Үүнээс харахад тус салбар цар тахлын өмнөх түвшиндээ бүрэн эргэн орж эдийн засгийг тэтгэгч чухал “байр суурь”-аа эргүүлэн авчээ.
Жуулчдын зочид буудал, тээвэр, хоол хүнс, худалдан авалт зэрэгт зарцуулж буй мөнгө бүр ажлын байр бий болгож, жижиг дунд бизнесийг дэмждэг. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр, тус салбар нь дэлхий даяар 300 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн өнгөрсөн онд аялал жуулчлалын салбар ойролцоогоор 10.9 их наяд ам.долларыг дэлхийн эдийн засагт оруулсан гэх Дэлхийн банкнаас гаргасан судалгаа энэ бүхнийг нотолж байна. Түүнчлэн 2024 онд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ийн ойролцоогоор 10% буюу 11.1 их.наяд ам.долларыг бүрдүүлсэн хэмээн Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс (WTTC) мэдээлсэн.
Испани, Франц, Япон, Тайланд зэрэг улс орон аялал жуулчлалаа эдийн засгийн гол хөдөлгүүр болгож чадсан. Франц улс жил бүр 80 сая гаруй жуулчин хүлээн авч, 60 тэрбум ам.долларын орлого олдог бол Тайландын ДНБ-ийн 20 хувь нь аялал жуулчлалаас бүрддэг байна. Эдгээр улс байгаль, соёл, технологи гурвыг уялдуулсан ухаалаг бодлого хэрэгжүүлж чадсан юм.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын гаргасан “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс-2024”-т Монгол Улс 3.57 оноогоор 119 орноос 85-р байранд жагссан. Харин “Ковид-19” цар тахлын өмнө буюу 2019 онд 140 орноос 93-рт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад манай улсын аялал жуулчлалын салбарт ч ахиц гарчээ.
Аялал жуулчлал бол зөвхөн гаднаас хүн татаж, мөнгө олох бизнес бус, тухайн улс орны байгаль орчин, соёл уламжлалаа дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах бас нэг боломж юм. Олон улсад аялал жуулчлалын хөгжлийн үзүүлэлтээ сайжруулах, цаашлаад эдийн засгийн гол салбар болгохын тулд бид өөрсдийн боломж, давуу талаа ашиглах ёстой. Монголыг дэлхийд онцгой болгодог зүйл бол яалт ч үгүй онгон зэрлэг байгаль, эртний түүх, нүүдлийн соёл, уламжлал юм.
“Монголд цаг удааширч, энерги сэргэж, сэтгэл амгалан болдог” хэмээн хэлсэн гадаадын жуулчинтай ч таарч байлаа. Нүүдлийн соёл бол зөвхөн амьдралын хэв маяг биш, харин байгальтайгаа холбогдож тэнцвэртэй орших ухаан, философи юм. Монгол гэр, морин хуур, хөөмий, уртын дуу, цагаан идээ, тал дүүрэн бэлчих таван хошуу мал, монгол наадам бол дэлхийд дахин давтагдашгүй, соёлын үнэт өв билээ.
Говийн халуун элсэн дунд тэмээн жингийн цуваа гэлдэрч, Хангайн уулсын дунд морин хуурын аялгуу, уртын дуутай эгшиглэнэ. Хөвсгөлийн тунгалаг ус, Хэнтийн ногоон хөндий, Алтайн сүрлэг оргилууд гээд бүгд нэгэн цул мэт оршдог. Энэ бол жуулчдын сэтгэлийн гүнд хүрэх Монголын аялал жуулчлалын хүч юм.
Гэвч бид энэ үнэт зүйлийг дэлхийд бүрэн дүүрэн таниулж чадахгүй байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Эко аялал, адал явдалт аялал, соёлын аялал, уламжлалт ахуйг танин мэдэх аялал зэрэг чиглэлээр бид дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой.
Дэлхийн хүн амын дөнгөж нэг хувь нь нүүдлийн мал аж ахуйтай холбоотой гэсэн тоо байдаг. Гэхдээ тэдний арга ажиллагаа, ахуй амьдрал Монголын нүүдлийн соёлтой адил биш. Хэдийгээр нийгмийн хөгжлийг даган багагүй өөрчлөгдөж байгаа ч нүүдэлчдийн уламжлалт соёлоо өдий хүртэл хадгалсаар буй орон бол Монгол. Тиймээс нүүдлийн өв соёл бол аялал жуулчлалын маш сонирхолтой бүтээгдэхүүн юм. Харин юуг нь онцолж, яаж үзүүлэх вэ гэдэг чухал.
Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран 2015 онд “Монгол Улсад аялж буй гадаадын жуулчдын зардлын түүвэр судалгаа” хийж байсан.
Уг судалгаанд оролцсон жуулчдын Монгол Улсад аялсан шалтгаан, сэтгэл ханамжийг дүгнэхэд жуулчдын дийлэнх буюу 76 хувь нь уламжлалт зан заншил, нүүдэлчин соёл болон үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтанд татагдсан гэж хариулсан байдаг.
Зөвхөн байгаль үзүүлэх биш, туршлага, мэдрэмж, оролцоог бий болгох нь хамгийн чухал. Гадаадын жуулчин монгол гэр барих, айраг, цагаан идээ боловсруулах, морь унах, хонь хариулах, тугал хаших зэрэг монголын мал аж ахуй, нүүдэлчин ардын амьдралыг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг. Энэ л үед жуулчин Монголыг зүгээр нэг үзээгүй, харин “амссан, амьсгалсан, мэдэрсэн” байдаг.
Үүний тулд нутгийн иргэдийн оролцоо хамгийн чухал. Учир нь жуулчдын үзэж харах, мэдэрч турших бүхий л туршлага тухайн нутгийн иргэдийн оролцоотойгоор бүтнэ. Өөрсдийн уламжлалт соёлыг, аж ахуй, амьдралын хэв маягийг жуулчдад танилцуулснаар аяллын үнэ цэнэ нэмэгдэж, зөвхөн эдийн засгийн бус соёлын ач холбогдолтой.
НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан Талеб Рифай 2019 онд манай улсад айлчлах үеэрээ “Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өмчилж авах нь хамгийн чухал” хэмээн онцлон хэлсэн.
Энэ бүхний хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээний бодлого, дэд бүтэц, хууль, эрх зүйн таатай орчин, мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бидэнд маш чухал. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийг хэрэгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгох, цаашид Монгол Улсад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй уялдуулан 2023-2028 оны Монголд зочлох жил болгон зарласан. Түүнчлэн 2030 он гэхэд бид хоёр сая жуулчин хүлээн авахаар зорилт тавиад байгаа. Ингэснээр Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, цаашид эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний тулд энэ салбарт ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн.
Түүнчлэн Монголын аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд хөдөө, орон нутгийн иргэдийн оролцоо хамгийн чухал. Учир нь жуулчдын үзэж харах, мэдэрч турших бүхий л туршлага тухайн нутгийн иргэдийн оролцоотойгоор бүтдэг. Иргэд өөрсдийн уламжлалт соёл, аж ахуй, амьдралын хэв маягийг жуулчдад танилцуулснаар аяллын үнэ цэнэ нэмэгдэнэ. Орон нутгийн иргэд гар урлал, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхдээ зөвхөн орлого олох төдийгүй байгаль, соёлоо хамгаалах ухамсартай болж, нутгийнхаа өвөрмөц соёлыг хадгалан түгээнэ. Иймд Монголын аялал жуулчлалын бодлогыг төлөвлөх, бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ орон нутгийн иргэдийг идэвхтэй оролцуулах, тэдний ур чадвар, уламжлалыг дэмжих системийг бий болгох нь чухал. Аялал жуулчлал бол зөвхөн жуулчдын үзэж харах зүйл биш, орон нутгийн иргэдийн сэтгэл, бүтээмж, соёлын амьдралтай салшгүй холбоотой билээ.
Засгийн газраас аялал жуулчлалыг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлж, байгаль, түүх, соёлын өвд түшиглэн баруун бүсэд адал явдалт, тусгай сонирхлын, хангайн бүсэд-байгалийн, амралт зугаалгын, говийн бүсэд палеонтологийн, төвийн болон Улаанбаатарын бүсэд соёлын болон бизнесийн, зүүн бүсэд түүхэн төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Ямартаа ч бид жуулчдыг эх орон руугаа татаад эхэлсэн. 2024 онд манай улс түүхэн дээд амжилт тогтоож хамгийн олон жуулчдыг хүлээн авсан. Цаашид ч энэ тоог өсгөхийн тулд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон үндэсний шинэлэг, сор бүтээл, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай.
Гэвч сайны хажуугаар саар зүйл ч олон байна. Монголын зам тээвэр, дэд бүтэц муу, зочид буудал, жуулчны баазын стандарт жигд бус, төр-хувийн хэвшлийн уялдаа сул зэрэг бодит байдал дээр салбарыг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал олон бий. Олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексэд бидний хамгийн их оноо алдсан үзүүлэлт нь агаар болон газрын дэд бүтцийн сул хөгжил. Цаашлаад 21-р зууны технологийн эрин үед бид модон жорлонгоосоо салаагүй байгаа. Модон жорлонгийн асуудал Монголыг зорьж ирсэн гадаадынхны нүдийг бүлтийлгэхэд хүрдэг нь үнэн билээ. “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т аюулгүй байдал, даатгал, стандартчиллын асуудлыг тусгасан ч хэрэгжилт, хяналт нь бодит байдал дээр хангалтгүй байна. Ялангуяа адал явдалт аяллын төрөлд хамаарах шүхрийн нислэг, уулын спорт, морин болон мотоциклын аялал зэрэг нь онцгой эрсдэл дагуулдаг тул өндөр зохицуулалт шаарддаг. Гэвч эдгээр үйл ажиллагаа ихэнхдээ стандартгүй, даатгалгүй, мэргэшсэн боловсон хүчингүй, зөвшөөрөлгүй явагдаж байна. Үүний улмаас жуулчид осолдох, гэмтэж бэртэх, бүр амь насаа алдах эрсдэл үүсэж буй. Иймд төрийн бодлого нь зөвхөн тоо хэмжээг нэмэгдүүлэхэд бус чанарыг сайжруулахад чиглэсэн, жуулчдын эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, хяналт шалгалт, хариуцлага тооцох механизмыг шуурхай хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Азийн Хөгжлийн Банкны “КАРЕК” хөтөлбөрийн дарга Лазиза Сабирова тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 8-нд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн 11 орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ санаачилгуудыг хэлэлцсэн байна. “КАРЕК” хөтөлбөрийн хүрээнд манай улс нүүдэлчин аялал жуулчлалын коридор байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг салбарын сайд онцолсон. түүнчлэн Чингис хааны түүхэн газруудаас эхлэлтэй аяллын маршрут гаргах, аялал жуулчлалын салбарыг түшиглэсэн Зүүн бүсийн агаарын төв болох, сургалт, хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг санаачилга гаргалаа. АХБ-ны “КАРЕК” хөтөлбөрийн дарга Лазиза Сабирова “Төв Азийн орнуудын хооронд хамтарсан визний хөнгөвчилсөн нөхцөл бий болгох, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн ирэх сард Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод болох “КАРЕК”-ийн гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, 2026 онд Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлд онцлох арга хэмжээ хамтран зохион байгуулах санал гаргасан.

“КАРЕК” хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн 11 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх аялал жуулчлалын стратегийг батлан хэрэгжүүлж байгаа. Тус стратегийн зорилго нь тогтвортой, аюулгүй, хялбар зорчих нөхцөл бүхий бүс нутгийг бий болгож, торгоны зам дагуу өвөрмөц, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн орнуудыг олон улсад танигдсан аялал жуулчлалын бүс нутаг болгон төлөвшүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн ашиг бий болгоход чухал түлхэц болох юм.
Уул уурхай бол дуусдаг баялаг, харин аялал жуулчлалыг ухаантай ашиглавал хэзээ ч дуусахгүй баялаг юм. Аялал жуулчлал байгалиа хамгаалдаг, соёлоо түгээдэг, иргэддээ ажлын байр, амьдралын чанарыг дээшлүүлдэг. Монголчууд бид байгалиа ухамсарлан, соёлоо нандигнаж, сэтгэлээ дэлхийд нээж чадвал аялал жуулчлал уул уурхайг орлох хамгийн том баялаг болно. Түүнийг зөв ухаж гаргаж чадвал уул уурхайн орлогоос илүү, үүрдийн баялаг бүтээх боломж бидэнд бий.