Монголын хууль гурав хоног…
Төсвийн асуудлаасаа болж Францын Ерөнхийлөгч Николя Саркози ээлжийн амралтаа эдэлж чадалгүй яаран ажилдаа орж, Засгийн газрын ээлжит бус хурал хийсэн. Глобалчлагдсан энэ ертөнцөд АНУ, Европын өр, төсвийн асуудлаас үүдэн ахиад хямрал нүүрлэж болзошгүй гэх айдас улс орнуудын эрх баригчдыг сандаргаж эхэллээ. Харин манай төр, засгийн эрхмүүд тоосон шинжгүй. Баяр наадамдаа яарсан УИХ-ын гишүүд хаврын чуулганаа хаахдаа ээлжит бус чуулган хийнэ хэмээн амлаж байсан нь саяхан.
Гэтэл улс, аймаг, сум, байгууллагын цуварсан ой, найр наадам хэсэж, хөдөө гарч морь уяхдаа сайн гишүүд маань Төрийн ордонд үзэгдэхгүй байгаагаас харахад дээрх амлалт талаар болоо биз ээ.
Монголын эдийн засгийн хөгжлийн зүтгүүр болсон уул уурхайн салбарт үүссэн хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, хөрөнгө оруулагчдын эргэлзээ ирэх аравдугаар сарын 3-нд нээгдэх намрын чуулганаас нааш тайлагдахгүй бололтой. Эрдэс баялгийн салбар манай ДНБ-ий 30, экспортын 80 гаруй хувийг бий болгож байгаагийн зэрэгцээ сонгуулийн амлалт хэмээн монгол хүн бүрт бэлнээр өгч буй мөнгөний эх үүсвэр болж, Хүний хөгжил санг санхүүжүүлж байгааг санацгаая.
Түүнчлэн манайд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь чухам уул уурхайн салбарт шингэж буй. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлт, “Урт нэртэй” хуулиас үүдсэн маргаан, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг улс орны хувьд амин чухал асуудал тодорхой бус хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалд оруулаад удаж буй.
Энэ бүхэнтэй зэрэгцэн дэлхийн санхүү, эдийн засаг эргээд хямрах магадлалтай болсон нь Монголд орж ирсэн их мөнгөний урсгал гадагшлах эрсдэлийг дагуулах боллоо. Уул уурхайн томоохон компаниудын орлогын 40 хувийг авах татвар санаачилсан Австралийн Ерөнхий сайд Кевин Радд дэлхийн хэмжээний сенсаац дэгдээж байв.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “супер татвар” хэмээн алдаршсан энэхүү хуулийн төслөөс болж Австралийн эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурч, ажлын байр багасна хэмээн уул уурхайн “акулууд” эрх баригчдаа сүрдүүлэхдээ Монголд хэрэгжээд бүтэлгүйтсэн 68 хувийн татвараар жишээ авч байлаа. Товчхондоо, шинэ татвараас болж Австралийн уул уурхайн хөгжил ухарч болзошгүй гэсэн таамаг амархан гарч ирсэн бөгөөд энэ нь Кевин Раддын огцрох шалтгаан болсон юм.
Эрх зүйн орчноор тоглох ямар эмзэг байдгийг дээрх үйл явдал дэлхийд харуулсан билээ. Уул уурхайн 200 гаруй жилийн түүхтэй Австралид ийм байхад Монголд хууль эрх зүйн орчин “хаврын тэнгэр шиг ааштай” байгаа нь ямар үр дагавартай вэ? “Манай улсын уул уурхайн салбар үнэн хэрэгтээ хөл дээрээ босоогүй байна.
Жишээлбэл, алтны салбарт гэхэд дэлхийн хэмжээний ганц уурхай байгаа бол бусад нь олон улсын зах зээлийн хувьд үнэлэгдэхээргүй жижиг ордууд. Тиймээс монголчуудын хувьд анхан шатны хөрөнгө оруулалт босгох асуудал хамгийн чухал юм. Гэтэл ийм нөхцөлд хууль эрх зүйн орчин тогтворгүй байна гэдэг нь өөрөө асар том асуудал” хэмээн “Rodman & Renshaw” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж. Жамул Монголын өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэж байв.
Тэрбээр банкныхаа шугамаар Монголын хэд хэдэн төсөлд хөрөнгө босгож өгөх гэж ажиллаж байх үед буюу 2010 оны тавдугаар сараас хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоох тухай хууль гаргасан нь хүнд цохилт болжээ. Энэхүү шийдвэрийн дараа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилждаг монгол компаниудын үнэлгээ ч эрс буурсан юм. “Хууль эрх зүйн орчны талаарх Монголоос гарч байгаа мэдээлэл зөвхөн ард түмэндээ л чиглээд байгаа мэт санагддаг. Нэг захирамж гарлаа гэхэд тэрийгээ зөвхөн иргэдэдээ л ойлгуулах гээд байдаг болохоос хөрөнгө оруулагчдыг анхаардаггүй.
Тиймээс компаниуд өөрсдөө л тайлбарлахаас аргагүй байдаг” хэмээн “CPS International” компанийн захирал Б.Мөнхдөл онцолж байв. Ямар нэгэн хууль, захирамж гаргахдаа тэр нь уул уурхайн салбарт сая сая доллараа зарцуулсан хөрөнгө оруулагчдад хамгийн түрүүнд нөлөөлөхийг эрх баригчид анзаардаг болов уу?
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу бидний ярьж заншсанаар 68 хувийн татварыг цуцалсан нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах хөшүүрэг болж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэсэн билээ. Гэтэл үүний дараахан “Урт нэртэй” хэмээн хочлогдсон Гол, мөрний урсацбүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль мэндэлсэн.
Анхандаа байгаль орчноо хамгаалах сайн хуультай боллоо гэж ард иргэд ч алга ташин хүлээж авсан ч удалгүй монголчууд нөхөн төлбөрийг нь яагаад ч өгч дийлэхгүйгээ мэдсэн. Компаниудад зардлыг нь өгөөд шахаж гаргалаа ч дараа нь алтны шороон ордууд руу нинжа нар орж, байгаль орчныг бүр ч сүйтгэнэ гэсэн болгоомжлол төрж эхэлсэн.
“Урт нэртэй” хуулийн хүрээнд 1700 гаруй лицензийг хамруулж, тэдгээрээс эхний ээлжинд алтны шороон ордны 254 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан боловч бодит амьдрал дээр хэрэгжиж чадахгүй өдий хүрэв.
Мэндлээд хоёр жил болсон уг хууль өнөөг хүртэл хэл ам дагуулсаар л байна. Энэ хуулийг байгаагаар нь хэрэгжүүлэх гэж оролдсоноор хэзээ ч үр дүнд хүрэхгүй гэж О.Чулуунбат тэргүүтэй хэсэг улстөрч үзээд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оны эхээр өргөн барьсан боловч бас л таг чиг. “Аж ахуйн нэгж хайгуул хийгээд огт юм олоогүй бол эрсдэлээ өөрөө даах ёстой байдаг. Гэтэл энэ хуулийн дагуу хайгуул хийсэн бүх компанид улс зардлыг нь өгөх гэж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үргүй зарцуулж болохгүй биз дээ” хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь тэмдэглэсэн нь бий. “Урт нэртэй” хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө цуцлуулах компаниудын нөхөн олговорт 500 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо байхад хоёр их наяд төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл ч дуулддаг. “Энэ жил болон дараа жилийн төсөв нийлээд ч төлж барахгүй их мөнгө” гэж УИХ-ын гишүүн О.Чулуунбат онцолсон нь бий.
Үүний хажуугаар уул уурхайн компаниуд лицензээ барьцаалаад арилжааны банкуудаас асар их хэжээний зээл авсан байдаг учраас “Урт нэртэй” хууль санхүүгийн салбарт ч хүнд цохилт үзүүлэхийг Монголбанкныхан анхааруулсан. Мөн тусгай зөвшөөрлөө хураалгаад, үйл ажиллагаагаа зогсоох олон тооны алтны уурхайд ажиллаж байсан хүмүүс хоногийн хоолгүй болж, эцэстээ “нинжа” болж мэднэ гэх таамаглал ч гарах болов.
Энэ бүхнээс болж УИХ-ын зарим гишүүн дээрх хуулийг тууштай эсэргүүцэж байгаа бол хууль санаачлагчид нь буу шийдэмдээ тулах нь холгүй тэмцэл өрнүүлж явна. Ганц энэ жишээнээс үзэхэд хууль санаачлагчид дараа нь яаж хэрэгжих, ямар үр дагаварт хүргэх нь тодорхойгүй, судалгаа муутай “бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг, түүнийг нь УИХ бодолцох юмгүйгээр баталдаг нь харагдах биз. Тэгээд болохгүй бол нэмэлт, өөрчлөлт оруулах шиг амархан юм байхгүй болчихож. Энэ чинь амьдрал дээр хэрэгжихгүй байна гэхээр “Өө тэгвэл засчихъя” гээд л…
Өнөөдөр “Урт нэртэй” хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүс хууль баталж байх явцад хаана байсан юм бэ гэдэг ч их сонин. Хаврын чуулганы сүүлчийн өдөр УИХ дөрвөн ч хууль баталсан билээ. Ийнхүү ганц өдөрт хэд хэдэн хууль бөөнддөг нь сайн уу, муу юу? Яг нэг жилийн өмнө Парламентын 20 жилийн ой болоход энэ хугацаанд 500 гаруй хуулийн төсөл хэлэлцэж баталснаараа сайрхаж байсан.
Уг нь хэчнээн хууль баталснаараа биш, тэдгээр нь амьдралд хэр зэрэг хэрэгжиж байгаагаар л ажлаа дүгнэх ёстой бус уу?
Хууль батлах нь ч, нэмэлт өөрчлөлт оруулах нь ч амар хялбар болсон энэ үед ёстой нөгөө “Монголын хууль гурав хоног” гэдэг үг биелэлээ олж байна уу гэлтэй. Мөн Монголын эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болсон уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг тодорхой, ойлгомжтой болгохгүй бол горьгүйг мэргэжилтнүүд ч онцолж байна. Олон улсын санхүү, эдийн засаг эргээд хямралд орох юм бол Монгол шиг жижиг, нээлттэй эдийн засаг гарцаагүй өртөх тухай Дэлхийн банк ч анхааруулжээ.
Гэтэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын амин чухал уул уурхайн салбарын “малгай хууль” ч тодорхой бус хувь заяатай байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийсний эцэст хайгуулын лиценз олгож эхлэх чиглэлийг Ерөнхийлөгч өгөөд байгаа шүү дээ. Өнгөрсөн хаврын чуулганаар амжиж энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж ярьж байв. Анх дөрвөн ажлын хэсэг тусдаа ажиллаж байсныг хумиж, Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Иргэний танхимаар хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын хүмүүс, эрдэмтэн мэргэдээс санал авч байгаагаас үзэхэд урт удаан хугацаанд хэрэгжүүлж болохоор хууль төрөх байх хэмээн салбарын хүмүүс горьдож буй аж. Ашигт малтмалын тухай хуулийг анх 1994 онд баталсан бол 1997 онд агуулгын хувьд нэлээд өөрчилж, 2006 онд бас л гар хүрсэн билээ. Тйимээс УИХ, Засгийн газар бүр санааныхаа зоргоор хуулийг өөрчилж байдаг жишиг тогтчих вий гэсэн болгоомжлол олон нийтэд бийг сануулах юун. Муу нэр баллавч арилахгүй гэдэгчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын дунд “тогтворгүй” данстай болж мэдэх нь.
“Mongolian economy” сэтгүүлийн долоо дахь дугаарын 15-17-р нүүр
2011.09.16
