Мото Хаяаши: Олон улсын түвшинд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг их

Mongolian Economy
2020-09-10 08:21:06

Мото Хаяаши нь 1983 онд Чиба мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд анх удаа сонгогдсон ба үүнээс хойш гурван удаа улиран сонгогдсон. Үүний дараа 1993 оноос хойш Японы парламентын Төлөөлөгчдийн Танхимд гишүүнээр сонгогдон ажилласан аж.

Тэрбээр Шинзо Абэгийн Засгийн газарт гишүүн, мөн олон тооны албан тушаалд томилогдож байлаа. Тухайлбал, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын асуудал эрхэлсэн сайд, Цөмийн ослын улмаас үүссэн Эдийн засгийн нөлөөлөл хариуцсан сайд, Цөмийн хохирлын нөхөн төлбөр болон байгууламжийг татах корпорацийн Төрийн сайд албан тушаалуудад ажиллаж байсан туршлагатай улстөрч юм.

Мөн тэрбээр Японы парламент дахь Монгол-Японы бүлгэмийн даргаар ажилладаг. Түүнтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

-1990-ээд оноос Монгол-Японы найрамдалт харилцаа эрчимжиж гүн гүнзгий хамтын ажиллагааны суурь тавигдсан гэлцдэг. Харин та ямар бодолтой байна вэ?

-Монгол-Японы харилцааны жинхэнэ утгаар хөгжиж эхэлсэн нь танай улсад ардчилсан хувьсгал гарснаас хойшхи цаг хугацаа юм. 1989 онд тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд асан Үно анхлан Монголд айлчилсан. Дараа нь 1991 онд Кайфу Ерөнхий сайд айлчилж байлаа. Үүнээс хойш хоёр орны харилцаа маш хурдацтайгаар хөгжсөн.

Тиймдээ ч Монгол Улс ардчиллыг сонгосноос хойшхи хамгийн том туслагч улс нь Япон гэдгийг онцолмоор байна. Эргээд харахад манай улс төрөл бүрийн салбарт туслалцаа үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн дэд бүтэц гэлтгүй хүмүүнлэг, хүний хөгжлийн талд ч олон хэлбэрээр дэмжсэн. Түүнчлэн өнөөдөр Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо бараг 2000 хүрчээ. Мөн Жайка-гийн чиглэлээр суралцагсдын тоо 4000 орчим. Эдгээр хүмүүс эх орондоо буцаж эх орныхоо хөгжлийн тулгуур болж, үнэтэй хувь нэмрээ оруулж байдагт нь бид бүхэн баяртай байдаг.

2016 оны зургадугаар сард Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталлаа. Энэхүү гэрээ нь хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд тунчиг тус дэм болно гэж боддог. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа ч хөгжиж байна. Монголоос Японд ирж буй хүмүүсийн тоо 2016 оны байдлаар 20 мянга давсан. Ер нь иргэдийн харилцан ойлголцол нь хоёр орны харилцааны гол үндэс суурь болдог. Цаашдаа Монголоос олон хүн ирж манай орны соёл, урлаг, зан заншилтай танилцаасай гэж хүсдэг.

-Та хоёр улсын хооронд байгуулсан “Дунд хугацааны хөтөлбөр”-ийн гол ач холбогдлыг юу гэж хардаг вэ?

-Мэдээж тус хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажиллагаа төлөвлөгдсөн. Өнгөрсөн тавдугаар сард ОУВС- гийн захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсад хэрэгжүүлэх санхүүгийн хөтөлбөрийг эцэслэн баталсан гэдгийг сонссон. Энэ хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын эдийн засаг улам сайжраасай гэж найдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд ч Японы Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор болсон гэж сонссон.

Энэ мэтчилэн дунд хугацааны хөтөлбөрийн дагуу олон зүйлсийг хэрэгжүүлснээр цаашид хамтын харилцаа улам хөгжих бүрэн боломжтой. Би Япон-Монголын парламентын бүлгэмийн даргаар 2013 онд сонгогдсон. Түүнээс хойш олон монгол хүнтэй уулзсан. Тэр уулзалтуудаар Монгол байгалийн баялагтай, Япон бол технологийн өдөр хөгжилтэй учраас үүнийг харилцан ашигтайгаар зохицуулан хөгжүүлэх тухай их ярилцдаг. Үүнтэй миний бие санал нэг байна. Мөн бизнесийн салбарт болон иргэдийн нөхөрлөл улам илүү хөгжөөсэй гэж боддог.

-Хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн боломж бүрийг ашиглахаар салбар бүр судалж байна. Яг үнэндээ манай бизнес эрхлэгчид Японы зах зээл рүү ямар бүтээгдэхүүн гаргах, энэхүү хамтын ажиллагааг хэрхэн ашиглахаа сайн ухаж ойлгохгүй байгаа юм шиг харагддаг. Энэ тал дээр та өөрийнхөө бодлыг хуваалцана уу?

-Хувийн салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх хамгийн чухал. Монголоос Япон руу бүтээгдэхүүн гаргах гэхээс илүүтэй, Японоос Монгол руу техник, технологи оруулах нь зүйтэй болов уу. Үүнд л тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байлаа гэж бодоход Японоос сайн чанарын технологи оруулаад тухайн ноосоо түүхийгээр нь шууд зарах биш илүү сайн боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах. Эсвэл тухайн технологиор дамжуулан богино хугацаанд их хэмжээгээр нь түүхий ноос үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй.

-Хоёр улс хамтын ажиллагааныхаа явцад өгөгдсөн хөгжлийн боломжуудаа ашиглаж чадсан гэж үздэг үү. Ер нь цаашид ямар боломж байна вэ?

-Өнөөг хүртэл хөгжиж ирсэн иргэдийн, соёлын, эдийн засгийн гэх хамтын ажиллагаанууд бүгд чухал. Онцгойлон соёлын салбарын хамтын ажиллагаанд нэг жишээ хэлэхэд Монгол Улсаас Япон Улсад суугаа С.Хүрэлбаатар сайдтай хамтран бийр бичлэгийн үзэсгэлэнг хоёр улсад гаргаж байсан. Ер нь цаг үе бүрт хамтын ажиллагааны өөр өөр хэлбэрүүд хэрэгтэй. Тухайлбал, 2020 онд Токиогийн Олимп болно. Үүнд ямар хамтын ажиллагаа хэрэгтэй вэ гэдгийг одооноос бодолцох хэрэгтэй.

Үүний дараа 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Үүнд зориулж ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ зэрэг онцгой цаг үе тус бүрт тохирсон харилцааг хөгжүүлэх нь чухал. Нэг жишээ нэмэхэд бид хэдэн жилийн өмнө Монголд очиход оюутан суралцуулах тухай ярьж байлаа. Тэр үед дээд сургуулийн оюутан гэхээс илүүтэй дунд сургуулийн сурагчдыг хамруулах илүү үр дүнтэй болов уу гэлцэж байсан. Харин сүүлийн үед Коосен гэж Япон маягийн мэргэжлийн сургууль байгуулагдсан гэж сонслоо. Хэдэн жилийн өмнө яригдаж байсан зүйл өнөөдөр ажил хэрэг болчихсон байгааг харах нэн сайхан байна.

-Та ажлынхаа шугамаар эсвэл албан бусаар монголчуудтай их уулздаг. Монгол хүний тухай юу гэж боддог вэ?

-Японы зүйр үгэнд “Чулуун гүүр байсан ч урьдаар цохиж үзээд гатал” хэмээдэг. Үүн шиг япон хүн маш болгоомжтой. Заримдаа үүнээсээ болж юу ч хийхгүй байх тохиолдол бий. Харин эсрэгээрээ монгол хүн аливаа асуудлыг шууд шийддэг. Ирээдүйнхээ талаар удаан бодолгүйгээр ажлаа хийдэг. Эсвэл байгаа байдалтайгаа зохицуулан үйлддэг. Магад энэ нь уламжлалтайгаа холбоотой байх. Өөрөөр хэлбэл, байгаль, цаг уурынхаа эрс тэс уур амьсгалд бидэн шиг хаширлаад хүлээвэл аюулд хүргэх ч боломжтой юм. Тэгэхээр Чингис хаан Монголын Эзэнт гүрнийг маш богино хугацаанд байгуулсан нь үүнтэй ч холбоотой байх боломжтой.

-Монголын улстөрийн нөхцөл байдлын талаар үзэл бодлыг нь сонсохоор зарим япон хүн тогтвортой байдал чухал гэдгийг онцолдог. Энэ тухай таны бодол ?

-Миний хувьд ч санал нэг байна. Ер нь улстөр тогтвортой байж тухайн улсын эдийн засаг нь бат бэх байдаг. Харин эсрэгээрээ тогтворгүй нөхцөлд эдийн засаг ч гэсэн доройтно. Энэ үед нийгэм тэр чигтээ хувийн амьдралдаа цаг илүү их зарцуулдаг учраас эдийн засгаа тэнхрүүлэх бололцоог гаргадаггүй. Ихэнх орны жишээ ч ийм л байдаг.

-Япон бол Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи хамгийн нягт харилцаа холбоотой байсаар ирсэн улс. Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг маш их туслалцаа үзүүлсэн. Япончууд яагаад монголчуудад их сайн ханддаг юм бэ?

-Нэг талаас хоёул Ази тивийн улс болохоор адил төстэй тал их байдаг болов уу. Хэдий Монгол Улс гурван сая хүн амтай ч олон улсын түвшинд гүйцэтгэх үүрэг маш их. Миний дуулснаар 9000 цэрэгтэй ч үүний 1000 орчим нь гадаадад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог гэсэн. Мөн хоёр их гүрний дунд байгаа нь газар зүйн хувьд хязгаарлагдмал ч аль аль улстай нь харилцаагаа чадварлагаар сайн байлгаж байгаа гэж хардаг. Монголчууд “Санаж явбал бүтнэ” гэж хэлдэг. Ийм утгатай үг Японд ч бий. Эдгээр хүчин зүйл л голлох нөлөөг үзүүлдэг гэж бодож байна.

 

Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан тусгай дугаараас. 2017 оны есдүгээр сар

 

 

Mongolian Economy