Н.Мөнхнасан: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн тэгш хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй

B Shurenchimeg
2022-08-22 16:35:09
Ангилал: Ярилцлага

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын дэд дарга, Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасантай ярилцлаа.

Та Монголын өнөөгийн гадаадын хөрөнгө оруулалт татах орчин нөхцөлийг хэрхэн дүгнэх вэ?

-Манай улс 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Их хурлаар соёрхон баталж хэрэгжүүлж ирсэн. Уг хууль нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай өмнөх хуулийг сайжруулж, ганц гадаад бус дотоодын хөрөнгө оруулагчдаа ч ижил тэгш дэмжих бодлогыг тусгасан нь сайшаалтай зүйл болсон. Гадны хөрөнгө оруулагчид аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахдаа эхлээд тухайн улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль, эрхзүйн орчин, татварын тухай хуулиудыг нэн түрүүнд судалж, хэрэгжилтийг нь онцгой анхаардаг.

Өнөөдрийн нөхцөл байдлыг яривал дээрх хуулиуд хоорондоо уялдахгүй байгаагаас олон хөрөнгө оруулагч хохирсон явдал бий. Түүнчлэн манай шүүх тогтолцооны гажуудал бас байна. Хэрэг маргаан нь олон жил сунжирдаг, эсвэл шийдэгддэггүй байдлаас болж асар их зардал, цаашлаад ихээхэн цаг хугацаа алдах нөхцөл хөрөнгө оруулагчдад тулгардаг. Энэ мэт засаж залруулах шаардлагатай олон асуудал бий ч арга хэмжээ аваад сайжруулбал улсынхаа хөгжил дэвшилд хэрэгтэй, чанартай хөрөнгө оруулалт татах бүрэн боломж бий.

Нөгөө талдаа бид дотоодын хөрөнгө оруулагчдыг ч ижил түвшинд анхаарах ёстой.

Ялангуяа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шинэ технологи, ноу хау, шийдлүүдийг нэвтрүүлж байгаа дотоодын хөрөнгө оруулагчдын улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирснийг орхигдуулахгүй анхаарах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшил хэр оролцоотой байх ёстой вэ?

-Дээр дурдсанчлан хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулахад хувийн хэвшил, тэр дундаа гадны хөрөнгө оруулалт амжилттай татсан аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэлүүдийг сайн сонсох, түүнийг засаж залруулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, энэ хуулийн хэрэгжилтийн асуудал, Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгждэггүй, эсвэл ялгавартай хэрэгждэг байдлаас үүдэн хохирч байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бол “Монцемент” компани. 2013 онд эдийн засаг хямарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) эрс буураад байсан үед Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-наас импортыг орлох “Монцемент” үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт татаж улмаар төсөл маань ч талуудын итгэлцэл дээр цаг хугацаандаа хэрэгжиж, Монгол Улсдаа анхны гэсэн бүхий л технологиудыг нэвтрүүлсэн. Гэвч Хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой заасан татварын дэмжлэг хэрэгждэггүй, эсвэл ялгавартай хэрэгждэг байдал тулгарч, зургаан жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагад хандсаар ирсэн нь нэг талдаа гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг манай хуулийн тогтолцоо алдсан, нөгөө талдаа компани асар их цаг хугацааны алдагдалд орсон хэрэг болж байгаа юм. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn сайт руу ороод харвал энэ хуулийн 11.2.1-д заасан бусад салбар буюу төрийн өмчит компаниуд газрын тос, хөдөө аж ахуйн, технологийн бус тоног төхөөрөмж, бараа материалын чиглэлд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Үүнийг нэг мөр шийдэж, хөрөнгө оруулагчдыг гомдолгүй болгох нь чухал төдийгүй ингэснээр бид цаашид чанартай хөрөнгө оруулалт татах томоохон хөшүүрэг, дэмжлэг болох юм.

Ер нь аж ахуйн нэгжүүд олон улсын хэмжээний төслийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн хөрөнгө мөнгөнөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөө асар их цаг хугацаа зарцуулж, гэрээ хэлэлцээр хийж, ихэнхдээ бүтэлгүйтдэг тохиолдол ч бий.

Хил гаалийн хязгаарлалт, тээвэр логистикийн гацаатай энэ үед бүтээн байгуулалтыг тасалдуулалгүй, стратегийн бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлсээр байгаа нь дотоодын цементийн үйлдвэр байгуулсны томоохон үр дүн гэж үзэж байгаа.

-Бизнесийн салбарын томоохон төлөөллийн хувьд та төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн харж байна вэ?

-Төр нь хувийн хэвшилдээ итгэх итгэл, эргээд хувийн хэвшил итгэлийг нь алдахгүй харилцан нэгнээ дэмжиж байж цаашдын хамтын ажиллагаа улам өргөжиж бэхжих болов уу.

Хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэж буй хууль, журмуудад МҮХАҮТ болон Амчам-аар дамжуулан санал, зөвлөмжүүдээ идэвхтэй өгч оролцдог. Гэтэл бодит байдал дээр зөвлөмжүүдийг маань тухайн хуульд тусгадаггүй байдал ихээхэн ажиглагддаг. Ялангуяа хөрөнгө оруулалтын тухай хуульд өнөөдөр үүсээд буй маргаануудыг нэгтгээд бүх компаниудын түвшинд ямар хууль үйлчлэхгүй байна, ямар асуудал дээр ялгаварлалтай хандаж байгаа, юунаас болоод байна вэ гэдгийг нухацтай хэлэлцэж, судалж шийдвэрлэх хэрэгтэй.

Түүнчлэн төр засгийн тогтвортой байдал, бодлогын залгамж халаа маш чухал.

Бодлого тогтворгүй, байнга өөрчлөгдөх нь хувийн хэвшилд дахиад л чирэгдэл учруулж, тодорхойгүй нөхцөл байдалд оруулдаг.

-Цар тахал, ОХУ болон Украины асуудлаас үүдэж манай улсын эдийн засагт шок үүсэж байна. Хувийн хэвшилд дээрх байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд эдийн засгийн шок маш хүнд тусаж байна. Аж ахуйн нэгжүүд өмнө нь байгаагүйгээр зардлын маш том өсөлтөд орж байна. Импортын тээврийн үнэ л гэхэд 10 дахин өссөн.

Валютын ханшийн тогтмол хурдацтай өсөлт мөн нөөцийн хомсдолоос үүдээд ам.долларын зээлтэй, гадаад түнштэй хамтран ажилладаг байгууллагуудын ханшийн алдагдал улам нэмэгдэж, зээлээ хуваарийн дагуу төлөхөд хүндрэлтэй болсон. Арилжааны банкууд өдөрт 20 сая төгрөгийн валют арилжааны хязгаар тогтоогоод удаж байна. Цар тахлаас үүдэлтэй тээвэр логистикийн гацаа, хил гаалийн асуудал гээд үндсэндээ хоёр жилийг маш хүнд, тодорхойгүй нөхцөл байдалд өнгөрүүлж байна. Ихэнх салбарын хувьд хэрэглээний бараа материал нь импортоос хараат байдаг учир ажил удаашрах, зогсох зэрэг томоохон асуудлууд үүсэж байна.

Харин ийм үед дотоодын цементийн үйлдвэрүүд байгуулагдсан нь үр дүнгээ өгч, ач холбогдлыг нь ч нийтээрээ ойлгож байгаа нь сайн хэрэг.

Цаашдаа манай улс ган, арматур зэрэг бусад стратегийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, газрын тосоо ч боловсруулдаг болох хэрэгцээ шаардлага нэн түрүүнд бий.

-Арилжааны банкууд ам.долларыг хязгаартай өгч байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг танай компани валютын хомсдолд өртөж байна уу?

-Манай компани EBRD-ын хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр Монгол Улсын хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль эрх зүйн хүрээнд байгуулагдаж төслийн үе шатнаас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бие даасан шат хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн. Ам.долларын зээл, санхүүжилтээ  хуваарийн дагуу төлөх гэхээр өдөрт 6000 ам.долларын хязгаар тогтоочихсон байгаа нь үнэхээр хүндрэлтэй байна.

Түүнчлэн, Хөгжлийн банкнаас ам.долларын эх үүсвэргүй төслүүд дээр доллароор зээл олгосон нь ханшийн асар их алдагдалд оруулж, өдөр ирэх тусам хэмжээ нь өсөн нэмэгдсээр байна. Тиймээс Монголбанкнаас цаашид үүнд анхаарч зөв зохицуулалт хийх шаардлагатай.

Манай компанийн хувьд Хөгжлийн банкнаас авсан зээлээ тухайн үеийн ханшаар тооцвол 100 хувь төлөөд дууссан.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хувийн хэвшил оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэж та үзэж байна вэ?

-Аливаа улс орны хөгжил дэд бүтцийн хүртээмжтэй байдлаас эхэлдэг. Зам харилцаа сайн хөгжсөн газар хөгжил хурдтай явдаг. Иймд дэд бүтцээ хөгжүүлэхэд анхаарч ажиллах мөн эдийн засгаа төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Уул уурхайд суурилсан эдийн засгаас нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү чиглэсэн бодлогыг баримтлах цаг үе нь ч болсон байна.

Компаниуд инфляцыг хөөрөгдөхгүй байхад анхаарч, зардлаа хэрхэн хэмнэх вэ гэдэгт ур ухаан зарж ажиллах хэрэгтэй болоод байна.

Гадагш чиглэсэн зардлын урсгалаа аль болох дотоодоосоо шийдэх нөөц, боломж хэр байна гэдэгт  анхаарлаа хандуулах шаардлагатай болов уу. Мөн салбар хоорондоо нягт хамтын ажиллагаатай байж, үүсээд байгаа асуудлаа хамтран шийддэг байх нь бүгдэд давуу талтай. 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg