Нидерландын Хөгжлийн банкнаас Хаан банкинд 120 сая ам.долларын зээлийн санхүүжилт олголоо
Монгол орны өнцөг булан бүрт салбартай, нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч ажилладаг Хаан банк Нидерландын Хөгжлийн банктай 120 сая ам.доллар буюу 345 тэрбум төгрөгийн урт хугацаат зээлийн санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтарсан зээлийн санхүүжилтийг зохион байгуулагч Нидерландын Хөгжлийн банк 61.4 сая ам.доллар, Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн банк 17 сая ам.доллар, Францын Хөгжлийн банк “Proparco” 26 сая ам доллар, Олон улсын хөрөнгө оруулалтын банк 13 сая ам.доллар, Швейцарийн “Atlantic Forfaiting AG” компани 2.6 сая ам.долларыг 5-7 жилийн хугацаатай Хаан банкинд олгож байгаа юм. Манай улсад цар тахлын үед гаднаас орж ирж байгаа, тэр тусмаа хувийн аж ахуйн нэгжийн томоохон хөрөнгө оруулалтыг ийнхүү Хаан банк авлаа.
Эл санхүүжилтийн 80 сая ам.долларыг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд, 20 сая ам.долларыг ногоон зээл, төслүүдийг санхүүжүүлэхэд, үлдсэн 20 сая ам.долларыг банкны бусад зээлийн үйл ажиллагааг дэмжихэд зориулахаар төлөвлөжээ.
Ингэснээр Хаан банк харилцагчдадаа урт хугацаатай, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээ санал болгох боломж бүрдэж байна. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй энэ цагт дээрх санхүүжилтийг амжилттай босгосон нь хоёр банкны урт хугацааны түншлэлийг бататгаад зогсохгүй Хаан банкны ирээдүйн хөгжилд итгэл үзүүлж буйн илрэл гэдгийг талууд онцоллоо. Нидерландын Хөгжлийн Банкны зүгээс Харилцагчдадаа хүргэж буй үйлчилгээ, санхүүгийн чадавхаас гадна Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг, мөн жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр улсдаа тэргүүлэгч банк зэрэг үзүүлэлтийг үндэслэн уг санхүүжилтийг олгож байгаа гэдгээ онцолсон юм. Энэ ч утгаараа Хаан банкийг Монгол Улс дахь чухал түншээ хэмээн онцолж, томоохон итгэл хүлээлгээд байна.
Хаан банк улс орны эдийн засагт гол нөлөө үзүүлдэг жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн. Зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны байдлаар жижиг, дунд бизнес эрхлэгч 2.500 харилцагчдаа 1.7 их наяд төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн багцын 33 хувийг эзэлж байна.
Урт хугацааны зээлийн санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Энэ удаагийн хамтарсан санхүүжилтийг авснаар бид орон даяар үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдээ илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй, таатай нөхцөлөөр дэмжих боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. 120 сая ам долларын урт хугацааны зээлийн санхүүжилтийг авч чадсан нь гадны хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл сайжирч байгаагийн дохио юм” хэмээн онцоллоо.
Мөн цар тахлын үед гадаадаас өндөр дүнтэй валютын урсгал орж ирэх нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой.
Хаан банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, төр засаг болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран “ногоон” төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжин “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгодог. Энэ удаагийн хамтарсан санхүүжилтээр байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих ногоон зээлийг харилцагчдадаа илүү уян хатан, таатай нөхцөлөөр санал болгож, эх дэлхийдээ хамтдаа хувь нэмрээ оруулах боломжтой болсонд талархалтай байгаагаа Хаан банкны зүгээс илэрхийллээ.