Нөхөөсний төсөв
Батлагдсан даруйдаа “сэрүүн зүүдэлсэн” төсөв хэмээн адлагдсан Монгол Улсын энэ жилийн төсөв захирагдах ёстой хуулийнхаа хормойд чирэгдэж чадах эсэх нь эдийн засагт үүсээд буй зарим нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй байна. Төсөв төрхөмдөө буцаж, төр баталсан хуулиа дахин уландаа гишгэх нь үү гэх хардлага олны дунд төрөх болсон. Монгол Улсын төсөв өнгөрсөн жилүүдэд тодорхой тооцоолол, тодотголгүй зарлагатай байж үзээгүй. Тэгвэл энэ жилийн төсөв Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах эхний жилийн төсөв гэдгээрээ онцлог. Тодотголгүй, төлөвлөснөөс давсан алдагдалгүй байх ёстой. Товчхондоо, төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлж үл болно. Сайхан санаа, сайн эхлэл.
Гэвч амьдралд буух уу. Өнгөрсөн онтой харьцуулбал 28.9 хувиар өсөхөөр тооцсон “Төсөв 2013”-ын нийт орлого энэ жилийн хувьд 7.2 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн мөрөөдөлтэй. Төлөвлөснөөр болдогсон бол эдийн засаг 18.5 хувиар огцом “үсэрч” ДНБ-ий хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрч гялайлгана. Монголбанк инфляцийг 8.1 хувьд хазаарлан, экспорт 78 хувиар огцом нэмэгдэж, уул уурхайн олборлолт 60 хувиар өсчихвөл дээрх “Ерөөлийн төсөв” газарт бууж ирэх аж.
Гэвч… Гаднын болоод дотоодын байгууллагууд энэ жилийн төсвийг хэт өөдрөг төсөөлөлд суурилсан учир орлого тасалдах магадлал өндөр хэмээн дүгнээд байгаа. Тухайлбал, Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноос үзэхэд 2013 оны төсвийн орлогыг өнгөрсөн оны урьдчилсан дүнтэй харьцуулахад 40 шахам хувиар өндөр байхаар төлөвлөжээ. Уул уурхайн нийт орлого төсвийн 24 хувийг бүрдүүлж, өмнөх оныхоос 62 хувиар өсөхөөр тооцоолсон байна.
Энэ нь нэгдүгээрт, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хоёрдугаарт, алт, нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзсэнтэй холбоотой хэмээн Дэлхийн банкны тайланд дурджээ. Оюутолгойн гэрээг өөрчилснөөр 445 тэрбум төгрөг нэмж халаасална гэж тооцсон ч байдал бүрхэг хэвээр байна. Нээлттэй нийгэм форумын төсөвт хийсэн тойм судалгаа- үнэлгээнд Оюутолгойн үйлдвэрлэл, борлуулалт төлөвлөж буй хэмжээнээс багасах, гэрээний нэмэлт (төсөвт хэдийн туссан) орлогыг олж чадахгүй байх магадлал бий гэж дүгнэжээ.

Дээр нь гэрээнд өөрчлөлт орууллаа ч энэ жилийн төсөвт багтах уу эсэх нь эргэлзээтэй. Нүүрснээс олох орлогыг өнгөрсөн оныхоос 55 тэрбум төгрөгөөр илүү тооцсон нь Эрдэнэс тавантолгойн олборлолт нэмэгдэнэ гэж төлөвлөсөнд оршиж буй. Гэвч өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр үлэмж хэмжээгээр унаж, зарим уурхай үйлдвэрлэлээ хумих эрсдэл үүсэхээр байна. Үнийн хэлбэлзлээс үүдэн ашиг олох байтугай зардалдаа шатаж болзошгүй монгол нүүрс хил дээр тэг зогсолт хийн, овоорч байна. Энэ жилийн төсвийн бас нэг онцлог нь шинээр хэрэгжиж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу түүхий эдийн гол нэрийн бүтээгдэхүүнийг “тэнцвэржүүлсэн” үнээр тооцож, эрсдэлийг бууруулахыг зорьж буй.
Өөрөөр хэлбэл, дунджилж тооцсон энэ үнэ нь 2013 оны хувьд таамаглаж буй дэлхийн зах зээлийн үнээс 18-22 хувиар доогуур байгаа аж. Энэ нь төсөв уг хэмжээний үнийн уналтыг даах ч үүнээс хэтэрбэл “дан нуруугаа хугалуулна” гэдгийг харуулж буй.
Монгол үнэ VS Дэлхийн үнэ
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ төсөвт эрсдэл учруулахуйцаар унах уу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ жилийн төсвийн дөрөвний нэгийг уул уурхайн орлого бүрдүүлнэ гэж тооцсон. Гэвч уул уурхайн орлогод жил бүр 35-40 хувийн хүнд жин дардаг нүүрсний үнэ уруудсаар байгаа нь салбарынхан цаашлаад улсын төсвийг хүндрүүлж мэдэхийг холбогдох хүмүүс хэлж байна. Хэдий энэ жил уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг тэнцвэржүүлсэн үнээр буюу өмнөх жилүүдийг бодвол доогуур үнээр тооцсон ч урд хөрш дотоод болон гаднынхны нүүрсэнд бялуурч, хямд үнэд “башийж” байгаагаас үүдэн үнэ төдийлэн сэргэхгүй бололтой. Мөн Хятадын эдийн засгийн энэ жилийн өнгөөс нүүрсний үнэ, эрэлт ихээхэн хамаарна. “Мандал даатгал” компанийн гаргасан Монгол Улсын эрсдэлийн 2013 оны тоймд “Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт өндөр хэвээр хадгалагдвал нүүрсний үнэ эргээд өндөр түвшинд тогтворжих, эрэлтийн хэмжээ нэмэгдэх бололцоотой.
Гэвч Хятадын эдийн засаг тогтвортой байсан ч барилгын салбарт нь саатал үүсвэл нүүрсний үнэ, эрэлтэд сөргөөр нөлөөлнө.
Тиймээс 2013 онд Монголын экспортын нүүрсний үнэ, эрэлтэд тодорхой эрсдэл байна” гэж үзжээ. Учир нь Хятадын Засгийн газрын зүгээс үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хөөсийг хязгаарлахаар олон шатлалт арга хэмжээ авч эхлээд байгааг онцолжээ. Төсөвт боловсруулсан нүүрс нэг тонныг 131.5, коксжсон нүүрс 80.2, чулуун нүүрс 65.5 ам.долларын тэнцвэржүүлсэн үнээр тооцсон /Хүснэгт-2/. Нийт 28 сая тонн нүүрс гадагш худалдаж, 466 тэрбум төгрөгийг төсөвт оруулахаар төлөвлөсөн байгаа.


Гэтэл эхний улирлын байдлаар уг 28 сая тоннын гурван сая хүрэхгүй шахам тонныг хилээр гаргасан аж. “Энержи Ресурс” компани он гарсаар нэг тонн коксжсон нүүрсийг хамгийн өндөртөө 99 ам.доллароор өгсөн удаатай аж. Одоо энэ үнэ 70-80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байгааг холбогдох албаныхан хэлж байна. Дээр нь Тавантолгойн нүүрс хил дээр наашаа, цаашаа ч үгүй гацчихсан байдаг. БНХАУ-ын Төрийн өмчит “Чалко” компанитай хийсэн гэрээ ёсоор “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ тонн тутамд 70 ам.доллараар худалддаг байсан ч үнэ унангуут, урд хөрш Монголыг чангалж, 53 ам.доллараар авах санал гаргалаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн сард сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр Монголын нүүрс 70 ам.доллараас доошилбол их хэмжээний алдагдал хүлээнэ. Тиймээс, үнэ тохиролцохоо хүлээж байна” гэсэн. Монгол Нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран “Тавантолгой компани “Чалко”-той үнийн хувьд учраа оллоо гэж өөдрөгөөр төсөөлсөн ч энэ жилийн нийт нүүрсний экспорт 15-16 сая тонноос хэтрэхгүй шинжтэй болсон. Төлөвлөснийхөө 50-60 хувьд л дөхөх болов уу” гэсэн. Монгол Улсын дархан эрхт ганц худалдан авагч нь Хятад. Тус улсын зах зээлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй олон орон бий.
Хятадын уламжлалт нүүрсний түнш Австрали, Индонезийг сүүлийн үед Орос Мозамбик, Колумб зэрэг улс доогуур үнийн зөрүүгээр өрсөлдөж, зах зээлийг нь тарамдуулах болсон. Мөн энэ жилээс тус улсын тээвэрлэлт сайжирч, дотоодын нүүрс ханган нийлүүлэгчдийн зардал багассанаар Хятад гаднаас авах нүүрсний хэмжээндээ “гар татах” болсныг “Sanford C.Bernstein” судалгааны байгууллага энэ оны эхний тайландаа бичжээ. Хятадын нүүрсний гадаад худалдан авалт энэ жил 47 хувиар буурч, 150 сая тонн болохоор байгаа аж.
Тус компанийн Хонконг дахь шинжээч Майкл Паркер “Дотоодын хямд үнэтэй нүүрсний нийлүүлэлт Хятадын гадаад дахь нүүрсний түншүүдийг шахаж, хилээрээ оруулах хэмжээг жилийн турш тасралтгүй бууруулахаар байна.
Үүнийгээ дагаад үнэ ч уруудна”гэв. Хэдийгээр Хятадын нүүрсний эрэлтэд нэмэгдэх хандлага байгаа ч хэмжээ ихэслээ гээд үнэ өндийх нь юу л бол. Австрали, Өмнөд Африк, Индонезийн хувьд тус улсад илүү их нүүрс нийлүүлэх боломжтой ч одоогийн үнэдээ эргэлдэж буй нөхцөлд л Хятадын босгыг давна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлхийн зах зээл дээр нүүрс хамгийн үнэтэйдээ Австралийн Нью Касел боомт дээр 90-98 ам.долларын хооронд одоогоор хэлбэлзэж байгаа аж. Цагтаа цалгиж, 250 гаруй ам.доллараар хар алтаа хаан сэнтийд залж байсан Австрали хүртэл Хятадын өмнө хошуу дэвсэж, харцаар нь хөдлөхөд хүрээд байна. Монгол Нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран “Манай улсын төсөвт нүүрсний орлого төвлөрөхгүй байх хоёр шалтгаан байна. Үнэ ба хэмжээний бууралт. Монголын нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ дан ганц буурах байсан бол нэг хэрэг. Гэтэл түүнтэй зэрэгцэн үнэ доогуур байгаа нь нүүрсний орлого төлөвлөснөөр төсөвт орж ирэхгүйг харуулж байна” гэсэн юм.
Үнэ ба хэмжээний хавсарсан бууралтаас үүдэн төсөвт төвлөрөх ёстой нүүрсний хишиг 466.1 тэрбум төгрөг 150-160 тэрбум төгрөг болж буух магадлал өндөр байгаа аж. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр “Хэрэв Оюутолгойн асуудал шийдэгдэхгүй аваас төсвийн орлогод нөлөөлөх нь ойлгомжтой. Мөн нүүрсний орлого ихээхэн нөлөөлнө. Өмнөх оны төсвийн хүндрэл гэрээний үнээр нүүрсээ зарсантай холбоотой гэдгийг бид санах хэрэгтэй. Өнөөгийн түвшинд гэрээний үнийг хэрэглэх боломжгүй” гэсэн.
Тэгвэл энэ сарын 1-нээс мөрдөхөөр төлөвлөсөн угаасан нүүрс тонн тутам нь 134.8, түүхий нүүрс 74.4 ам.долларын жишиг үнэд хувийн хэвшлийнхэн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь Хятадын Шанси мужийн хил дээрх үнэ бөгөөд Монголын зах зээлийн нүүрсний үнээс хавьгүй өндөр байгаа аж. Өөрөөр хэлбэл дээрх үнээс Монголын нүүрс бараадхааргүй доогуур байна. Үүнээс үүдэн төр өөрийн компани болох Эрдэнэс Тавантолгойгоо хазаарлаж, Хятадын санал болгосон 53 ам.доллараар нүүрсээ өгөхгүй гэж гэдийн үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй “МАК”, “Энержи Ресурс” хоёр хөл дээрээ дэнжигнэн чардайж байгаа ч удахгүй Эрдэнэставантолгойн араас ороход ойрхон байна.
Нүүрсний үнэ газардаж буй өнөөгийн нөхцөлд жишиг үнийг салбарынхны хүзүүд тулгавал үйл ажиллагаа зогсох нь тодорхой. Компаниуд нам зогсвол, улс нүүрснээс авах татвар ч үгүй болно гэдгийг Монгол нүүрс ассоциацийнхан хэлж байна. Нүүрсний үнийн уналтаас үүдэн төсвийн орлого дутах нь бараг тодорхой болоод байна. Жишиг үнээр аргалахыг хичээвч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр хямд үнэтэй нүүрсний орлого байтугай авах татвар нь ч сох дутах вий.
Хэрвээ ингэвэл яах вэ?
Энэ жилийн төсвийн эхний улирлын гүйцэтгэл хараахан гараагүй байна. Магадгүй төсөв дутна, орлого тасарна гэж одоо хэлэхэд эртдэж ч мэднэ. Гэвч огцом эргэлт, өөрчлөлт л гардаггүй юм бол одоогийн нөхцөл байдалд олон улсын эдийн засагч, шинжээчдийн хийсэн таамаг, эрсдэлийн үнэлгээ хол зөрөх нь юу л бол.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Энэ оны төсвийн орлогын бүрдэлт нэлээд тасрах магадлалтай. Засгийн газраас томоохон хэмжээний төсвийн алдагдалтай жил болох нь ээ гэдгийг сануулсан. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын зардлаа танадаг нь манай түгээмэл тогтолцоо болсон. Төсвийн төлөвийг хэт өөдрөгөөр төсөөлсөнтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардлаа бууруулахаас өөр аргагүйд хүрдэг” гэв. 2013 оны төсөвт “бодит” хөрөнгө оруулалтын зардлын өсөлт нь урсгал зардлын өсөлтөөсөө илүү байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ахиц гэж мэргэжилтнүүд дүгнэсэн /График 2/.
Сэргэн мандалтын шинэ эрин дээр ирсэн улсын хувьд ид хийж бүтээдэг үе нь одоо. Үүнд юу хэрэгтэй вэ гэвэл хөрөнгө оруулалт. Тэгвэл энэ жил орлого тасалдаж, аль зардлаа яаж, хэрхэн танах вэ гэсэн асуудал босвол хаашаа харах вэ. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр “Засгийн газрын хэмжээнд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахад нэг жилээс багагүй хугацаа орох байх. Уул уурхайн салбарын төлөвлөж байсан орлого багаслаа гэж үзэхэд хөрөнгө оруулалт болон урсгал зардлынхаа аль нэгийг нь танах сонголт үлдэнэ. Ирээдүйгээ бодвол бүсээ чангалаад, урсгал зардлаа хасах.
Харин өнөөдрөө бодвол хөрөнгө оруулалтын зардлаа танах гарц бий. Гэхдээ байдал энэ хүртэл явахгүй байх” хэмээсэн юм. Төсөв дутлаа гэхэд аль халаас руугаа гар дүрэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд маш чухал гэдгийг хувийн хэвшлийнхэн ч хэлж буй. “Мандал Женерал Даатгал” компанийн ерөнхийлөгч Ө.Ганзориг “Орлого тасарсан ч ирээдүйд ашиг болох хөрөнгө оруулалтын зардлаа энэ үед хумих ёсгүй. Тэгснээс урсгал зардал руу орсон нь дээр.
Одоо төсөв алдагдалтай ч хөрөнгө оруулалт урт хугацааны санхүү, эдийн засгийн зөв тооцоололтой байж чадвал хэдэн жилийн дараагаас ашгаа өгч, алдагдлаа нөхнө” гэв.
Нээлттэй нийгэм форум судалгаандаа уул уурхайн салбараас хэт хамаарал бүхий эмзэг байдал буураагүй нөхцөлд таваарын үнэ тооцоолж байснаас унавал яах вэ гэсэн эрсдэлийн нөөц төлөвлөгөө энэ төсөвт алга байгааг тусгажээ. Мөн хөрөнгө оруулалтад төсөв, гадаадын зээлээс бусад эх үүсвэрийг ашигладаггүй. Мөн хүлээж буй үр ашиг нь ч тодорхойгүй байгааг шүүмжилжээ. Төсвийг анхнаас нь ул суурьтай зохиодог байх зарчмыг чанд баримтлах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд байнга л хэлдэг. Энэ жилийн төсвийн алдагдлыг хоёр хувьд нь барина гэж заасан. Гэвч эхний улирлын байдлаар Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор улсын төсөв зургаан хувийн алдагдалд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр хувийн хязгаараа зөрчихөөр байгаа. Гэвч дээрх алдагдлын хэмжээ төсвийн нэмэлт зардлыг төр хэрхэн төлөвлөхөөс шалтгаалан хэлбэлзэнэ гэдгийг мөн тэд хэлж буй.
Олон улсын жишгээс үзэхэд төсөв өнөө, маргаашдаа заавал ашигтай гарах албагүй. Гэхдээ л орлого, зарлагын төлөвлөлтөө илүү бодитоор гаргаж, тодорхойгүй орлогуудыг багтааж, цээжний хонжоо хийгүй байх, эрсдэлээ урьдчилж тооцон түүнийгээ хэрхэн бууруулах тал дээр “Б” төлөвлөгөөтэй байх нь төсвийн баримтлах зарчим. Энэ жилийн төсөвт шинэлэг сайн талууд гарсан ч зарим “муу зуршлаа” таягдан хаяагүйн улмаас дахин хойд хормойгоо тасдан онгойлгож, урд хормойгоо нөхөхөд хүрэх бололтой.
Mongolian Economy сэтгүүлийн “Төсвийн хямрал айсуй” дугаарын 8-11-р нүүр
2013.04.20
