Ойрхи Дорнодын дайны сүүдэр дэлхийн эдийн засагт хэрхэн тусах вэ
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тариф, худалдааны элдэв хоригт дарамтлуулсан дэлхийн эдийн засгийн шандсыг Ойрхи Дорнодод өрнөж буй дайн улам бүр сорих нь тодорхой боллоо. Энэтхэгийн боомтод гацсан будаанаас эхлээд хүнсний үйлдвэрлэлд нэн шаардлагатай бордооны үнийн өсөлт, газрын тосны үнийн галзуурал зэрэг нь дэлхийн худалдааны амин судаснуудыг аль хэдийнээ доргиож эхэлжээ. Хэрэв энэхүү дайн сунжирвал инфляц, зээлийн хүү өсөж, зээлдэгч нарын дарамт нэмэгдэхээс гадна компаниудын үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ.
Олон улсын валютын сангийн дэд удирдах захирал Дэн Катцын өгүүлснээр “Ойрхи Дорнодын дайн нь дэлхийн эдийн засгийн олон чиглэлд асар нөлөө үзүүлэх” ажээ. Харин хэр нөлөө үзүүлэх нь дайн хэр удаан үргэлжлэхээс шалтгаална.
Газрын тосны үнийн өсөлт
Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт олон өдрөөр тасалдаж магадгүй гэх айдас өдөр ирэх тусам нэмэгдэх болсноор газрын тосны үнэ нэг баррель нь 2022 оноос хойш анх удаа 100 ам.доллар давлаа. Өнөө өглөөний байдлаар Азийн биржүүд дээр худалдаалагдаж буй брент төрлийн газрын тосны үнэ 15.5 хувиар өсөж, 107.16 ам.долларт хүрсэн байна. Энэ төрлийн газрын тосны үнэ бирж дээр нэг минутын дотор 10 хувиар, мөн 15 минутын дараа дахин 10 хувиар нэмж өссөн нь зах зээлд паник үүссэнийг нэг шинж болсон юм. Бусад зах зээлд ч баррел газрын тосны үнэ энэ долоо хоногтоо 100 ам.долларын босго давна гэж шинжээчид үзэж байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ харьцангуй “нам гүм” байсан нь Булангийн орнуудад гацсан түүхий газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлт удахгүй эхэлнэ гэсэн таамаглал илүү хүчтэй байсантай холбоотой.
Гэвч Иран улс өнгөрсөн ням гарагт Можтаба Хаменейг дээд удирдагчаараа сонгосноор тус улсын эрх мэдэл өмнөх улс төрийн хүчинд хадгалагдах нь тодорхой болсон. Түүнчлэн АНУ, Израилийн агаарын довтолгоо өнгөрсөн амралтын өдрүүдэд ч идэвхтэй байсан төдийгүй газрын тосны томоохон агуулах, байгууламжуудыг онилсон билээ. Үүнээс шалтгаалаад зах зээлд газрын тосны хомсдол үүснэ гэсэн айдас илүү бодитой болж ирсэн юм.
Газрын тосны үнийн шок Азийн зах зээлд илүүтэй мэдрэгдэж байгаа нь Булангийн орнуудын газрын тосны дийлэнх хувийг Азийн улсууд худалдаж авдагтай холбоотой.
Гэхдээ Европын зарим улс, тухайлбал Их Британи, Германд зарим төрлийн бензин болон дизель түлшний үнэ өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хувиар өсөж, энэ нь жижиг бизнесүүдэд сөргөөр нөлөөлж эхэлсэн тухай мэдээ гарч байв.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үнийн энэхүү өсөлтийн талаар “Ираны цөмийн зэсвгийн аюул заналыг үгүй хийхийн тулд төлөх ёстой бага хэмжээний төлөөс” гэж мэдэгдсэн юм. Мөн АНУ бус Израилийн цэргийн хүчин Ираны эрчим хүчний дэд бүтцүүдийг онилон цохилт өгч буй талаар АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт өнгөрсөн ням гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Нийлүүлэлтийн сүлжээний доголдол
Газрын тосны үнийн өсөлтөөс гадна Азийн улсуудад тулгарах давхар цохилт бол экспорт юм. Энэхүү нөлөөг Энэтхэгээс хамгийн тод харж болно. Тус улсын 400 мянга гаруй тонн басмати будаа боомтуудад болон транзит замдаа гацаад байгаа талаар Энэтхэгийн будаа экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Сатиш Гоэл өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэтхэгийн басмати будааны 75 хувь буюу зургаан сая тонныг Ойрхи Дорнодын улсууд худалдаж авдаг юм.
Энэтхэгийн будааны экспортын гацаа нь дэлхийн худалдаа, хүнс үйлдвэрлэлд учирч болзошгүй томоохон бэрхшээлийн эхний тод жишээ байж болно. “Хормузын хоолой бол дэлхийн хүнс үйлдвэрлэлд нэн чухал газарзүйн байршил” гэж Норвегийн химийн Yara International компанийн гүйцэтгэх захирал Свейн Торе Холсетер өгүүлсэн юм.
Түүнчлэн бордоонд түгээмэл ашигладаг карбамид (азот агуулсан органик нэгдэл) болон бордооны бусад түүхий эдийн экспортын дийлэнх хувь тус хоолойгоор дамждаг. Бордоо нь энгийн нэг таваар биш бөгөөд дэлхийн хүнс үйлдвэрлэлийн тал хувь нь бордооноос хамаардаг билээ. Тус таваарын бенчмарк болдог Египетийн карбамидын үнэ өнгөрсөн долоо хоногт 35 хувиар өссөн бол бордооны өөр нэг түүхий эд болох хүхрийн үнэ ч мөн өсжээ. Хүхэр үйлдвэрлэлийн бараг 50 орчим хувийг Ойрхи Дорнодын орнууд хангадаг.
Ойрхи Дорнодын дайн нь таваарын үнийг өсгөхөөс гадна тулаанаас хол оршиж буй олон боомтод ачаа тээврийн усан онгоцнуудын бөөгнөрөл үүсэх, тойруу аяллаас шалтгаалж усан болон нисэх онгоцнуудын тээвэрлэж буй бараа, түүхий эдийн үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаварыг бий болгоно. Тээврийн хэд хэдэн томоохон компани Ойрхи Дорнодоор хийх тээвэрлэлтээ цуцалснаар Энэтхэгийн боомтуудын ачаалал эрс нэмэгдэж, контайнерын дутагдал үүсэх, компаниудын тээвэрлэлтийн чадамж буурах аюул ойрхон байгааг логистикийн Freightos компанийн судалгаа хариуцсан захирал Жуда Левайн анхааруулжээ.
