Оросоос цагаачлах нэг гарц нь Монгол болов

Mongolian Economy
2022-05-12 16:11:01
Ангилал: Олон улс

Улаан-Үд, Улаанбаатар чиглэлийн өдөр тутмын автобусны рейс улам бүр ачаалал ихтэй явах болжээ. Буриад, Монгол хоёр улсын хооронд автобусны маршрут нээгдсэнээс нэг сарын гаруйн дараа энэ чиглэлийн автобуснууд пиг дүүрэн хүнтэй явах нь хэвийн үзэгдэл болов.

“Тавдугаар сарын тасалбарууд бүгд зарагдаж дууссан (нэг талын тасалбар нь 3000 рубль). Тиймээс урьдчилж авахгүй л бол тасалбар олдохгүй дээ” хэмээн “Байкал” автовокзалын ажилтан  “Номер один”-д ярив. Эндээс өглөө бүр 7:30 цагаас Монгол руу автобус явдаг юм.

Буриад зорчигчид энэ вокзал дээр шөнөдөө ирдэг байна. Оросоос Монголын хил хүртэл жуулчид гурван цаг хүрэхгүй хугацаанд зорчдог бол түүнээс цааш замын чанар тэдний бухимдлыг ихээхэн төрүүлдэг аж. Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн замыг 2021 оноос хойш засварлаж байгаа агаад маш их тоос шороотой.

Түүнчлэн жуулчид Улаан-Үдээс буцах тасалбар авах бараг боломжгүй. Учир нь Улаанбаатар, Улаан-үд чиглэлийн тасалбарыг Монголын тал хариуцдаг учир тэд Монголд ирсэн хойноо тасалбараа авах ёстой болдог аж.

Гэхдээ ихэнх жуулчин нэг талын тасалбартай энд ирдэг байна. “Монголын нийслэлээс Сөүл хүрч, тэндээс бараг дэлхийн бүх улс руу зорчих боломжтой учраас Оросоос явах хямд боломжийг Улаанбаатар олгож байгаа юм. Хурдан, найдвартай интернэттэй байхад ажлаа хаанаас ч хийх боломжтой шүү дээ” гэж Улаан-Үдэд  мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг Максим өгүүлэв.

Монголд цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 14-нөөс цуцалснаас гадна тус улсад Орос иргэд визгүй зорчих боломжтой. Нэмж хэлэхэд Оросын өнцөг булан бүрээс ирсэн иргэд Тайланд руу зорчихдоо Улаанбаатарыг дамжин өнгөрөх цэгээ болгон ашигладаг юм. Чухам энэ чиглэлд аялаж буй жуулчид Улаан-Үд, Улаанбаатар чиглэлийн нислэгийг улам их ашиглах болжээ. Мөн дөрөвдүгээр сараас явж эхэлсэн Эрхүү, Улаанбаатар чиглэлийн галт тэрэг дүүрэн зорчигчтой явах нь ихэссэн.

Түүнээс гадна Монголыг чиглэсэн эдгээр маршрутаар голдуу “цэргийн насны залуус явах нь нэмэгдсэн” гэдгийг ажиглагчид онцолж байв. Ташрамд дурдахад, тавдугаар сарын 9-нөөс эхлэн Орос даяар цэрэг татлага эхэлнэ гэсэн мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаасан билээ. Ингэсэн тохиолдолд хуульд заасны дагуу цэргийн насны эрчүүдийг гадаад улсад зорчихыг нь хориглох ёстой болно. Хэвлэлийн төлөөлөгч эдгээр мэдээллийг “худал, утгагүй” гэж нэрлэсэн юм.

Дмитрий Родионов

Эх сурвалж: Номер один

 

 

 

 

Mongolian Economy