“Оюу толгой” компани Даланзадгад суманд 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барьж хүлээлгэн өгөв

Sarangerel
2025-04-23 12:48:44
Ангилал:

“Оюу толгой” компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх алсын хараатайгаар хүүхэд залуусын боловсролыг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС)-аар дамжуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурван сайхан хороололд орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалтыг санхүүжүүлжээ.

Гурван сайхан хороолол нь аймгийн төвөөс алслагдмал, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд хамаардаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэрээсээ 4-6 км хол зорчиж цэцэрлэгтээ очдог байжээ. Тус бүсэд шинэ цэцэрлэг, сургууль баригдсанаар суурь боловсролын үйлчилгээ ойртож, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа очих гэж хол зам туулахгүй, тав тухтай орчинд сурж, хүмүүжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн, 140 орчим багш, ажилтны  шинэ ажлын байр орон нутагт бий болж байна.

ГОХДС-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, “Гурван сайхан хороололд баригдсан сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, Өмнөговь аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж буй юм. Өнөөдөр мөн ГОХДС-ийн 10 жилийн ой тохиож байгааг онцлон хэлмээр байна. “Оюу толгой” компани 2015 оноос хойш жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, хэрэгжүүлж ирсэн. 1200 хүүхдийн 6 дугаар сургууль, 200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэг нь нийт 24.2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээн байгуулагдсан нь Өмнөговь аймгийн төдийгүй улсын хэмжээнд орон нутаг дахь боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор орно” хэмээн онцоллоо.