Оюутолгойн эскспортод лабораторийн хяналт тавих гэрээг шинэчлэв

B Shurenchimeg
2022-02-15 17:33:35
Ангилал: Уул уурхай

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ болон “Оюу толгой” компани экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх гэрээ байгуулж, талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 44-р тогтоолоор “Оюу толгой” компанийн баяжуулах үйлдвэрээс эскпортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт хийх лаборатори байгуулахаар тогтсон. Эл ажлыг гүйцэтгэх үүргийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-т хариуцуулж, 2013 оны зургадугаар сарын 1-нд “Оюу толгой” компанитай гэрээ байгуулж байв. Энэ хүрээнд Оюутолгойн уурхайн экспортод гаргаж байгаа зэсийн баяжмалын багц бүрээс дээж авах, чийг тодорхойлох, шинжилгээнд дээж бэлтгэх, химийн шинжилгээ гүйцэтгэх болон шинжилгээний дүнг илгээх зэрэг ажлыг тасралтгүй есөн жилийн хугацаанд чанарын өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу гүйцэтгэж иржээ. 

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж ирэх жилээс экспортын гарц нэмэгдэх төлөвтэй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт зэрэг бусад дагалдах үнэт металлын агуулга, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, баталгаажуулах зайлшгүй шаардлага бий.

Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналтын шинжилгээ хийх нь баяжмалын борлуулалт, татвараар улсын төсөвт орох орлого, өртөг зардал, ногдол ашгийн орлого зэргийг үр дүнтэй түвшинд байлгах боломжтой.

Геологийн төв лаборатори нь “Оюу толгой” компанийн савласан зэсийн баяжмалд худалдааны элемент болох зэс, алт, мөнгөний агууламж болон дагалдах 20 элементийн агууламжийг химийн сонгодог арга, орчин үеийн багажит шинжилгээний арга зэрэг олон улсад баталгаажсан аргачлалаар тодорхойлж байна.

“Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер:

-Геологийн төв лаборатори ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж буйдаа сэтгэл хангалуун байна. Оюутолгой гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад жилд гүйцэтгэх шинжилгээний тоо, хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө бий. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх уурхайтай болно. Ингэснээр олон улсын зах зээлд зэсийн томоохон төлөөлөгчдийн нэг болж, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр үлэмж өснө гэж тооцоолж байна. 

Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу:

-Манай лаборатори эрдсийн чиглэлийн 150 гаруй төрлийн шинжилгээг олон улсад итгэмжлэгдсэн стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Оюутолгойн экспортын зэсийн баяжмалын анхны шинжилгээг 2013 онд хийж гүйцэтгэснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 6.5 сая орчим тонн баяжмалд шинжилгээ хийсэн. Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан гэрээг таван жилийн хугацаатай шинэчлэн байгуулж байна. Өнөөдрийн байгуулсан гэрээ төрөөс тавьж байгаа хяналтыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой. 

Энэхүү гэрээгээр Оюутолгойн баяжмалын дээж бэлтгэл болон шинжилгээний ажлын гэрээг тусад нь байгуулж, гэрээнд хэрэглээний үнийн индекс, шинжилгээний ажлын олон улсын жишиг үнийг тусгасан зэргийг онцлон хэлэхэд таатай байна. Ингэснээр бид лабораторийн тоног төхөөрөмжөө сайжруулан шинэчлэх, цаашлаад шинжилгээ, судалгааны мэргэжлийн боловсон хүчнээ нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллах боломж бүрдэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Өнөөдөр байгуулж буй гэрээгээр сүүлийн есөн жилийн хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагаа шинэчлэгдэн түвшин ахиж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн 150 оронд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид олон улсын жишиг үнээр ажил үүрэг гүйцэтгэх боломж бүрдлээ. Төрийн оролцоотой томоохон төсөл учраас хилээр гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг шинжилж баталгаажуулах ёстой. Тиймээс энэхүү шинэчлэлийн гэрээний үр дүнд Оюутолгой төслийг илүү баталгаажуулж, Монголын талын эрх ашгийг хангуулж байна.

 

 

 

 

 

B Shurenchimeg