“Рио Тинто”-ийн гурван захирал огцорно
Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Рио Тинто”-гийн дээд удирдлагад ихээхэн өөрчлөлт орохоор боллоо. Тус компани Австралийн уугуул иргэдийн байгалийн өв бүхий газар нутагт тэсэлгээ хийсэнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хамтын тохиролцоогоор ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
“Рио Тинто”-гийн Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал Крис Солсбери, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симон Нивен мөн ажлаа хүлээлгэн өгөх юм. Тэд энэ оны эцсээр албан тушаалаасаа буух бол Ж.С.Жак 2021 оны гуравдугаар сарыг дуустал буюу дараагийн хүнийг томилох хүртэл ажиллах аж.
Энэ оны тавдугаар сард “Рио Тинто” Австралийн уугуул иргэдийн эртний нутаг Жуукан хавцалд тэсэлгээ хийсний улмаас дээрх гурван захирлыг огцруулах шахалтыг хөрөнгө оруулагчид хийсэн билээ.
“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон “Жуукан хавцалд явуулсан үйл ажиллагаа буруу байсан бөгөөд бид дахин энэ мэт археологи, соёлын ач холбогдол бүхий өвийг устгах үйл ажиллагаа явуулахгүй” хэмээжээ. Мөн тус компани Пуутуу Кунти Куррама, Пиникура эвсэл болон бусад уугуул иргэдийн итгэлийг дахин олохын төлөө ажиллаж буйгаа онцолсон байна.
Жуукан хавцлыг тэслэх үйл ажиллагаанд шууд хамааралтай гурван захирлыг огцруулах шийдвэрт хувьцаа эзэмшигчдийн нөлөө их байсэн аж. Анх “Рио Тинто” дээрх албан тушаалтнуудын урамшууллыг хасах санал гаргаж байжээ.
Австралийн Уугуул иргэдийн үндэсний зөвлөл “Рио Тинто”-ийн захирлуудаа огцруулах шийдвэрийг сайшаасан хэдий ч энэ бол зөвхөн эхний алхам болохыг онцлов. Тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Жэйми Лов “Рио Тинто компанийн ТУЗ-ийн анх санал болгосон шийдвэр хангалтгүй гэдэгтэй бид санал нийлж байгаа. Тэдний хувьд хэдэн сая доллар алдах нь далайд дуслаас ялгаагүй. Харин тэдний гаргасан засаглалын алдаа, тооцоотой шийдвэр нь уугуул иргэд бөгөөд Австрали улсын дэлхийн хэмжээний үнэт өвийг үгүй хийсэн” хэмээжээ.Эл мэдээний дараагаар“Рио Тинто” компанийн хувьцааны үнэ 0.9 хувиар буураад буй.